Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Facebook” ашиглаад цаазаар авахуулах ял авчээ


Сирид болж байгаа иргэний дайн дэлхий нийтийн анхаарлын төвд байсан хэвээр. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Женев хотноо Сирийн Засгийн газар ба сөрөг хүчний төлөө­лөгчдийн хооронд бол­сон хэлэлцээр ээлжит удаагаа амжилтгүйгээр өндөр­лөлөө. Сөрөг хүчний төлөөлөл  хэлэлцээрээр шийдэх гол асуудал нь эвслийн Засгийн газар байгуулах, Асадыг огцруулах гэсэн байр сууринаас хандав. Харин Сирийн Засгийн газрын төлөөлөл нь нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал нь лалын хэт явцуу үзэлт олон улсын алан хядагчид гэж үзжээ. Өөрөөр хэлбэл Сирид болж байгаа иргэний дайныг зогсоож, газар нутаг, ард түмнээ энх тунх амьдруулахын тулд эхлээд одоо байгаа Ерөнхийлөгчийг буулгаж, дараа нь эвслийн Засгийн газар байгуулж сонгууль явуулах гэх мэтээр бүтцийн өөрчлөлт явуулах шаардлагатай гэх нэг хэсэг байхад нөгөө тал нь эхлээд хамтдаа лалын хэт явцуу үзэлт алант хядагчдыг устгаад дараа нь шинэ Засгийн газрын талаар ярилцъя гэсэн санал тавьжээ.

Талууд тус бүр ардаа нөлөө бүхий ивээн тэтгэгчидтэй болохоор харилцан буулт хийх гэж яарсангүй. Сөрөг хүчин нэртэй босогчдыг 100 хувь дэмжиж байгаа Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Асадыг асуудлыг энхийн замаар бус харин зэвсгийн хүчээр шийдэх сонирхолтой байна гэж буруутгаад Орост хандан Асадыг дэмжихэд бус харин гал хурдан зогсооход илүү анхаарахыг уриалсан юм.

Гэтэл Асадад гал зогсоох гэж яарахгүй байх, цэргийн хүчээ улам бэхжүүлэхийг шаардсан хэд хэдэн нөхцөл байгааг анзаарахгүй өнгөрөх аргагүй юм. Нэгд, Сирийн сөрөг хүчнийг өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ерөнхийдөө нэгдмэл байгуул­лага мэтээр олон нийтэд танилцуулахыг хүсээд бай­гаа ч үнэн хэрэгтээ сөрөг хүчин нь хоорондоо шашин шүтлэг, үзэл бодлын эвлэрэшгүй зөрчилтэй олон бүлэглэлээс бүрдсэн юм. Эдгээр бүлэглэлүүд нь Асадын армитай төдийгүй өөр хоорондоо тогтмол байлддаг болсон. Бүлэглэлүүдийн дот­роос лалын хэт явцуу үзэлтнүүд нь үзэл суртал, байлдах чад­вар, зэвсэглэлээрээ илт давуу.

Харин одоо Женевт Асадын хүмүүстэй хэлэлцээр хийгээд байгаа дундыг баримтлагч буюу шашны хэт явцуурлаас ангид ба шашин төрийг салгахын төлөө сөрөг хүчнийхэн нь Сирид бодитой эрх мэдэл, давуу талгүйн дээр хоорондоо түнжин муутай. Үүнээсээ болж лалын хэт явцуу үзэлтнүүдээс тогтмол ялагдал хүлээж ард олны дунд нэр хүндээ алдсаар байна гэвэл онц хэтрүүлэг болохгүй.
Ийм нөхцөлд Асадад юу юугүй буулт хийж, эвслийн Засгийн газар байгуулъя гээд найр тавих нь маш аюултай.

Хоёрт, өрнөдийнхөний санал болгоод байгаа эвслийн Засгийн газрыг ойрын хугацаанд үнэхээр байгуулдаг юм гэхэд Асад бүх эрх мэдлээ тавьж өгөх болно. Гэтэл түүний талд өөртэй нь адил нөлөөтэй, нэртэй хүн байхгүй тул дотор нь өрнөдийнхэний ивээн тэтгэдэг хүчний хүмүүс давамгайлах болно. Дээр нь Асад гэсэн нэртэй удирдагчгүй, Орос, Хятадын дэмжлэггүй болсон арми байлдах чадваргүй болох тул шинэ Засгийн газар нь алан хядагчидтай тэмцэхийн тулд НАТО-гоос цэргийн тусламж гуйж таарах биз. Ингэснээр НАТО цэргээ оруулж Афганистанд болсонтой яг адил үйл явц Сирид давтагдахгүй гэх газаргүй. Үр дүн нь сирийн ард түмний хувьд туйлын эмгэнэлтэй байх нь ойлгомжтой.
Афганистанд өчнөөн жил байлдсан НАТО, Америкийн цэргийнхэн ямар үр дүнд хүрснийг бүгд бэлхнээ харж байна. Энэ жил АНУ цэргээ гаргамагц лалын хэт явцуу үзэлт “Талибан” хөдөлгөөн бүх эрх мэдлийг гартаа оруулах нь гарцаагүй гэцгээж байна. Иймд америкчууд үзэн ядаад байдаг “Талибан”-ыхаа хүмүүстэй хэлэлцээр хийх дээрээ тулсан.

Сирид байлдаж байгаа лалын хэт явцуу үзэлтнүүд одооноос эзэлсэн газар нутагтаа Шариатын хатуу хууль тогтоож, өөр үзэл бодол, шашин шүтлэгтэй болгоныг хайр найргүй хядаад эхэлчихсэн байхад Асад армийнхаа байлдах чадвараа дээшлүүлэхээс өөр аргагүй. Ингэх бодит шаардлага байгааг харуулсан нэгэн эмгэнэлт үйл явдал болж дэлхийн нийтийг хирдхийлгэв.
Сирийн сөрөг хүчний тоонд багтдаг лалын хэт явцуу үзэлт “Ирак ба Левантын лалын улс” нэртэй бүлэглэл өөрийн хяналтад байдаг Ракка хотноо 16 настай Фатум аль-Жасим охиныг “Facebook” –т хаяг нээж, ашигласны төлөө Шариатын хуулиар цаазаар авсан байна.

Тус бүлэглэлийн байгуул­сан Шариатын шүүх нь лалын шашинт эмэгтэй хүн  “Facebook” хаяг нээсэн нь бусадтай садарласантай адил гэж үзээд садарласан эмэгтэйд үзүүлдэг шийтгэл болох чулуугаар шидлэн амийг нь хороох шийдвэр гаргажээ.

Үүнээс өмнө “Ирак ба Левантын лалын улс” бүлэглэл нь өөрийн эзэлсэн хот сууринд тамхи татах, хөгжим сонсохыг хориглосон юм. Тэд удирдамж гаргаж дуутай CD зарах, хувийн болон нийтийн тээврийн хэрэгсэл, дэлгүүр гэх мэт олон нийтийн газар дуу, хөгжим сонсохыг хатуу хориглов. Мөн янжуур, усан тамхи татах хэрэгсэл зарах, татахыг хоригложээ.

Хориглох болсон шалтгаан нь дуу хөгжим, тамхи нь хүмүүсийг Коран судар унших, Аллах тэнгэрийг чин зүрхнээсээ сүсэглэхэд саад болдог гэж онцолж.  Сүүлийн хэдхэн сарын до­тор эдгээр заалтыг зөрчсөн хэргээр мянга гаруй хүнийг хэрцгийгээр цаазаар авсан нь юуг өгүүлж байна вэ?
Үүнээс өмнө “Талибан” хөдөлгөөн л Афганистанд дуу, хөгжим сонсох ба тоглох, кино үзэх, тамхи татах, зураг зурах, хөшөө баримал барих зэргийг хориглож байсан.

“Ирак ба Левантын лалын улс” бүлэглэл нь Өрнөдийн нөлөөнөөс ангид, “шударга” ний­гэм байгуулах, гэхдээ шашин нэгтнүүдээ энэ мэтээр хэрц­гийлэн хөнөөгөөд зогсохгүй өөр шашин шүтлэгтэй, араб бус үндэс угсаатай хүмүүст аймшигтай хэрцгий ханддагаараа зартай. Тэд өрөвдөнө хайрлана гэдгийг мэддэггүй хүмүүс гэж болно. Дэлхийн улаан загалмайн байгууллагын мэдээлснээр бүлэглэл нь зөвхөн энэ оны нэгдүгээр сард 2-15 насны 350 хүүхдийг хэрцгийгээр тамлан хороожээ. Шалтгаан нь Шариатын хуулийг зөрчсөн, өөр үндэс угсаатай, өөр шашинтай.

Дуу хөгжим сонссоны төлөө цаазаар авч байгаа хүмүүст “Facebook” ашигласны төлөө чулуугаар нүдэж хөнөөх шийдвэр гаргах нь юу ч биш. Хөөрхий охиныг цаазаар авах тушаал гаргасан Шариатын шүүхийн шийдвэрт “бусдад сургамж болгох зорилгоор шийдвэрийг хотын бүх иргэд, түүний дотор хүүхдүүдийн өмнө ил гүйцэтгэх ёстой” гэж онцолсон байсныг хэлэх хэрэгтэй.

Лалын явцуу үзэлтнүүд нь шашнаар халхавч хийн ийм аймшигтай харгис хууль дүрэм тогтоож хэрцгийлэл үйлдэх замаар эзлэгдсэн болон хөрш хот суурин газруудын иргэдийг айлган сүрдүүлэх замаар Башар Асадыг дэмжлэггүй болгох гэсэн давхар зорилго агуулж байгааг шинжээчид онцолж байна.

“Ирак ба Левантын лалын улс” бүлэглэлийг зэвсэг, мөнгөөр ивээн тэтгэдэг гол хүмүүс нь Саудын Аравийн шашны номлогч нар гэж үздэг. Тиймээс Саудын Аравид ч лалын шашны маш хатуу чанга хууль үйлчилдэг. Тухайлбал, “Facebook”-ийг бүр 2010 онд хаасан. Шалтгаан нь “улсын ёс суртахууны эртний зарчмуудыг мөрдөн дагаагүй”. “Facebook”-ийн мэдээлж байгаагаар саудын аравичууд тус сүлжээнд 3 сая гаруй бүртгэлтэй ч өөрийн улсын нутгаас орох ямар ч боломжгүй аж.

Иймэрхүү ээдрээтэй үед Өрнөдийн тал Сирийн сөрөг хүчний дотоод хагарал бутрал, лалын хэт явцуу үзэлтнүүдийн ивээн тэтгэгчид зэргийг харсаар атлаа ядаж л алан хядагчдыг ивээн тэтгэхийг зогсоох талаар бага ч болов оролдлого хиймээр. Гэтэл ямар ч үнээр хамаагүй Асадыг түлхэн унагах, бодит эрх мэдэл ба нөлөөгүй эвслийн нэртэй Засгийн газар байгуулах гээд оролдоод байгаа нь гайхшрал төрүүлж байна. Асад уналаа л бол одоо Ливи, Ирак, Афганистанд бий болоод байгаагаас бүр таагүй байдал Сирид үүсэх эрсдэл өндөр гэдгийг тэд мэдэхгүй байна гэж баймгүй. Тэгэхээр өөр ямар зорилгод хүрэх гээд байна вэ?

0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
yag yu gd bgaan oilogsongui gol zuilee bicheech
Хамгийн их уншсан