Үймээн дэгдээд байгаа Венесуэлийн Ерөнхийлөгч Мадуро нь Америкийн Элчин сайдын яамны гурван ажилтныг персона-нон-грата буюу цаашид тухайн улсын нутаг дээр байх эрхгүй этгээдээр тунхаглан нутаг буцахыг шаардсан байна. Нэр, албан тушаалыг нь заахыг хүсээгүй гурван дипломатчийг оюутны виз бүрдүүлэх нэрийдлээр Венесуэлийн их дээд сургуулиудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэсэн шалтгаанаар хөөж байгаа аж. Венесуэльд дэгдээд байгаа үймээнийг өдөөгчид нь их, дээд сургуулийн оюутнууд болохоор ийм арга хэмжээ авсан бололтой. Үүний дээр Мадуро нь Америкчуудын гаргасан сөрөг хүчинтэй хэлэлцээр хийх уриалгыг хүлээж авах боломжгүй гэж мэдэгдээд Вашингтоныг Украйнтай адилаар өөрийнх нь Засгийн газрыг түлхэн унагахын тулд сөрөг хүчинтэй хуйвалдаж байна гэж буруутгасан байна.