Этиопийн Аддис Абаба хотоос Ромыг чиглэн нисч явсан онгоц барьцаалагдаж, Женевт газардсан байна. Швейцарийн цагдаагийн газрын мэдэгдсэнээр онгоц барьцаалагчдын нэгийг нь баривчилжээ. Одоогоор онгоцонд хэдэн хүн явсан, хэдэн хүн тэднийг барьцаалсан нь тодорхойгүй байгаа юм. Компанийнх нь мэдэгдэж буйгаар 200 орчим зорчигч онгоцонд явсан бололтой.
Ямартай ч онгоц аюулгүй газардаж, зорчигчид болоод багийнхан бүгд эсэн мэнд байгаа гэж цагдаагийнхан мэдэгдэж байна. 702 дугаартай нислэгийн энэ онгоц Этиопийн “Ethiopian Airlines” компанийнх ажээ. Онгоц Ром хотод үүрийн 04:40 цагт газардах ёстой байсан ч замдаа төлөвлөгөөгүйгээр зогсох болсон нь барьцаалагчдын гарт орсонтой холбоотой байжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан Женевийн нисэх буудлыг хааж, өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.
Онгоц барьцаалах болсон шалтгааныг одоогоор тогтоогоогүй ч магадгүй гэмт хэрэгтнүүд Швейцариас орогнол хүсэх бодолтой байгаа байх гэж хэвлэлүүд мэдээлж байна.