Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдгэрэшгүй өвчтэй хүүхдүүдэд өөрийн хүслээр хорвоог орхих эрх өглөө


Эдгэрэшгүй хүнд өв­чин туссан хүнд өөрийнх нь хүсэл­тээр хорвоог ор­хих тариа тари­хыг эвтанази гэдэг. Эвтаназийг эсэр­гүүцэгчид байхад дэмжигчид ч дэлхий даяар мундахгүй. Амь нас гэдэг ямар ч эрдэнээс үнэтэй болохоор хэдий зовлоо гээд өөрийнх нь хүсэлтээр  амийг нь таслана гэдэг хүн хөнөөсөнтэй адил гэх хүн байна. Харин яагаад ч эдгэхгүй өвдсөн хүн дэмий шаналж байхаар хүсэлтээ гаргаад хорвоог орхих нь энэрэнгүй, хүмүүнлэг алхам гэж нөгөө тал нь үздэг.
Ямартай ч, Бельгийн пар­ламент эдгэрэшгүй хүнд өвчин  туссан насанд хүрээгүйчүүдэд өөрийн хүсэлтээр хорвоог орхих эрхийг нь өгсөн хууль баталж Европ төдийгүй дэлхий даяар дуулиан тарилаа. Бельгийн парламентын доод тэнхимийн гишүүдийн 86 нь энэ хуулийг дэмжсэн бол 44 нь эсэргүүцжээ. Үүнээс өмнө Бельгийн парламентын дээд танхим болох Сенат энэ хуулийг зөвшөөрч дэмжсэн юм. Одоо Бельгийн ван зөвшөөрч гарын үсэг зурснаар хууль хүчин төгөлдөр болж үйлчилнэ.

Энэ хуулийн дагуу эдгэрэшгүй хүнд өвчин туссан хүүхэд тэвчихийн аргагүй хүнд өвдөлт мэдэрдэг, өвдөлтийг намжаах арга байхгүй бөгөөд өвчин нь ойрын хугацаанд үхэлд хүргэнэ гэдгийг эмч нар магадлан тогтоосон тохиолдолд эвтанази хийлгэх хүсэлт гаргах боломжтой болно. Ийнхүү гаргасан хүсэлтийг эмчлэгч эмч дэмжиж, эцэг эх нь бичгээр баталгаажуулах ёстой аж.
Хууль батлахаас өмнө Бельги даяар эсэргүүцэгчид ба дэмжигчдийн хооронд ширүүн маргаан өрнөсөн юм. Бельгид христийн католик урсгалыг дагагчид давамгайлдаг болохоор эсэргүүцэгчид олон байлаа. Католик шашны уламжлалын дагуу амьдрал гэдэг бурхнаас өгсөн хишиг тул хүн өөрийн дураар түүнийг таслах эрх байхгүй. Тиймээс католик сүм эвтанази болон үр хөндөлтийг тууштай эсэргүүцдэг. Эсэргүүцэгчдийн дотор хүүхдийн сэтгэлзүйчид цөөнгүй. Тэдний нотлож байгаагаар насанд хүрээгүй хүний сэтгэхүй нь хангалттай бэхжиж амжаагүй болохоор гадаад орчны хэсэг зуурын өөрчлөлтийг даган байнга өөрчлөгддөг аж. Иймд хүүхэд ялихгүй зүйлээс болж эцэг, эхдээ дараа болоод байна гээд бодчихвол эвтанази хийлгэх ёстой гэсэн дүгнэлтэд хүрээд хүсэлт гаргана. Гэтэл эцэг, эх, ойр дотны хүмүүс нь ялихгүй зүйлийг ойлгон хүүхдэдээ тайлбарлаад сэтгэл санааг нь засвал эвтанази хийх хүсэлтээсээ буцаж татгалзаж ч мэднэ. Ийм нөхцөлд эвтанази хийх хүсэлт гаргах эрхийг эцэг, эхэд нь бус харин насанд хүрээгүй хүнд өөрт нь бүрэн даатгаад эцэг, эхээс нь зөвхөн бичгээр зөвшөөрөл төдийг шаардах нь бэхжээгүй сэтгэхүйтэй хүнд хэрээс хэтэрсэн ачаа үүрүүлж байгаа хэрэг гэж тэд үзжээ.
Гэтэл хуулийг дэмжигчид Бельгид 2002 онд насанд хүрэгчдийг эвтанази хийлгэх хууль баталсан болохоор одоо насанд хүрээгүйчүүдэд адил эрх олгосноор тэднийг томчуудын адил эрхээр хангаж, шаардлагатай үед “ёс төртэй” өөд болох боломж олгосон жинхэнэ ардчилсан хууль юм гэжээ.

Эвтаназийг хамгийн анх 10 жилийн тэртээ хуулийн дагуу албан ёсны зөвшөөрөлтэйгээр Нидерландад хийж дуулиан тарьж байлаа. Тэр цагаас хойш энэ аргыг дэмжиж хуульч­­лан батлагсдын дий­лэнх нь Европын орнууд бай­гаа юм. Одоогоор Нидер­ланд, Швейцарь, Бель­ги, Люксембург, Франц, Финлянд ба АНУ-ын Оре­гон, Вашингтон, Монтана мужид үүнийг хуульчлан зөвшөөрсөн. Эдгээрээс Швей­царийн эвтаназийн хууль яаж ч тайлбарлаж болохоор өргөн хүрээ хамарсан болохоор дэлхийн янз бүрийн орноос эвтанази хийлгэхээр тус улсыг зорих өвөрмөц жуулчлал ч бас байдаг аж.

Нидерландад эвтанази хийлгэх хүсэлт жил болгон хэдэн мянгаар ирдэг бол Бельгид 2009 оны байдлаар 638 бүртгэгдэж байв.
Хэдийгээр хүний эрхийг хамгаалагч, либерал үзэлт­нүүд энэ нь нэг хүнийг удаан хугацаанд дэмий өвдөж шана­лахаас ангижруулсан, хоёрт эдийн засгийн хэм­нэлт үзүүлсэн энэрэнгүй, хүмүүнлэг зүйл гэж нотолдог ч дэлхийн дийлэнх улс оронд эсэргүүцэгчид нь давамгайлж байгаа юм.
Англи, Уэлст эвтанази хийхэд тусласан хүнийг хүн амины хэрэгт оролцсонтой адилтган үзээд 14 жил хорих ялаар шийтгэдэг. Австралид эвтаназид оролцох нь бүү хэл энэ талаар ухуулга суртал­чилгаа явуулсан хүнд эрүүгийн хариуцлага ногдуулдаг хуультай.

Манай хойд хөршид ч эрүүгийн хүндхэн гэмт хэ­рэгт тооцогддог. Тод­руул­­бал, хүнд өвчтэй хү­нийг амьд­­­­­­­ралыг дэмжигч ба­гаж төхөөрөмжнөөс нь санаа­тай салгавал бүх насаар нь хорих хүртэл ялаар шийт­гэдэг ноцтой гэмт хэрэгт хамруулдаг.
Америкт дээр нэр гарсан гурван мужаас бусдад нь эвтаназийг хүн амины хэрэг­тэй адилтган үзэж хатуу шийтгэдэг.

Лалын шашин нь тө­рийн шашин байдаг дэл­хийн бүх оронд үүнийг хатуу хориглодог бөгөөд эдгэрэшгүй хүнд өвчтэй хүнийг хорвоог орхиход тусалсан хүн өөрөө удалгүй араас нь хорвоог орхино.
Гэтэл зарим эмч нар эвтаназийг намдаах аргагүй хүчтэй өвдөлт бүхий эдгэ­рэшгүй өвчний үед маш нарийн магадлагаа шинжил­гээ­тэйгээр хэрэглэх тухай хэлэлцүүлгийг эхэлж болно гэж үзэж байгаа. Хамгийн гол нь энэ сэдвийг хөндөх, хуульчлан батлахын тулд нийгмийн болон анагаах ухааны салбарын ерөнхий соёл, ёс суртахуун, ёс зүй маш өндөр байх ёстой гэдгийг шинжээчид онцолж байна.

Эс бөгөөс анагаахын салбар нь авлигад идэгдчих­сэн, ажилтнууд нь ёс зүй хариуцлага гэж байхгүйн дээр нийгэмд бухимдал ихтэй, хөрөнгө мөнгөний тө­лөө яахаас буцахгүй байх үзэл давамгайлсан үед эвтаназийг зөвшөөрөх нь ямар таагүй үр дагавар гарч ирэхийг тааж хэлэхэд ч бэрх. Дэлхийн олон оронд хүмүүс эд баялгийн төлөө хүний аминд хүрэхийг юман чинээ тоохгүй байгаа. Гэтэл эвтаназийг зөвшөөрчихвөл эд хөрөнгөд нь шунасан хүмүүс сэтгэл санааны элдэв дарамт шахалт учруулах замаар зөв­­шөөрүүлээд, эмч нарт ав­лига өгч амыг нь таглаад өнгөрөхгүй гэсэн баталгаа байхгүй. Хуульчлан батлаагүй байхад сайн дураараа эвтанази хийдэг хүмүүс ч мэр сэр гарч ирдэг. Хамгийн тод жишээ нь “Үхэл таригч эмч” хоч авсан Жек Кеворкян гэгч америк эмч юм. Тэрээр өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй юм уу цаашид тэсч гарахын аргагүй өвдөж шаналж байгаа хүн өөрийн хүсэлтээр хорвоог орхих эрхтэй гэж үзээд 1989 оноос “үхлийн машин” гэгчийг зохион бүтээж түүнийхээ тусламжтайгаар хүнд өвчтөнүүдийн хүсэлтээр хүчтэй нөлөөтэй өвчин намдаагч, мансууруулагчийг хортой бодисын хамтаар өвчтөнд тарьж нас барахад “туслах” болжээ. 1990-1998 оны хооронд Кеворкяны “үхлийн машин”-ыг ашиглан 130 гаруй хүн хорвоог орхижээ. Америкийн эмч нарын зөвлөл, олон нийт түүнийг эрс шүүмжлэн 1991 онд эмчлэх эрхийг хасч, дөрвөн ч удаа шүүх гэж оролдож байсан ч шууд нотлох баримт гарч ирээгүй учраас суллан явуулсан аж. Харин 1999 онд эвтанази хийлгэсэн ээлжит өвчтөн бичлэгийг интернэт байрлуулсны дараа шүүх нотлох баримттай болж түүнд 25 жил хорих ял оноож байсан. Гэхдээ найман жилийн дараа хугацаанаас нь өмнө суллахдаа “Бусдад эвтанази хийхгүй, 62 наснаас дээш хүний асаргаанд оролцохгүй, төрөлхийн ямар нэг согогтой хүний хамаатан садантай дотно харилцахгүй” гэсэн болзол тавьсан байдаг.

Өнгөрсөн онд Францын Шамбери дахь өндөр настны асрах газрын сувилагчийг зургаан хүнийг хордуулсан хэрэгт буруутган баривчилж байлаа. Сувилагч өөрөө өн­дөр настнуудыг цаашид дэмий зовж шаналгахгүй гэсэн энэрэнгүй үзэлдээ хөт­­лөгдөн маш хүчтэй эм уулган үхэхэд нь тусалсан төдий гэж зөвтгөсөн. Гэтэл нарийвчилсан мөрдөн бай­цаалт явуулахад тэдгээр өн­дөр настнууд нь эрүүл мэн­дийн ямар нэг ноцтой асуудалгүй байсан нь илэрсэн юм. Эсэргүүцэгчдийн гаргаж байгаа бас хэд хэдэн нөхцөл байгаа юм. Үүнд, эвтаназийг хуульчлан баталвал эмчлэгч эмч нарт ямар ч тохиолдолд хүний амийг аврахын төлөө анагаахын боломж чадварыг хөгжүүлэх сэдэл үгүй болно. Дээрээс нь эмч нарын ямар ч найдваргүй, эдгэрэшгүй хүнд өвчтэй гээд магадлачихсан атал эдгэрээд зүгээр болсон тохиолдол цөөнгүй.
Энэ мэтээр эвтаназийг тойрсон асуудал маш эмзэг бөгөөд олон талаас ул суурьтай хандахыг шаарддаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан