ОХУ-ын хөдөө аж ахуйн хяналтын алба Европын холбооноос гахайн мах оруулж ирэхийг хориглосны улмаас Польш хоногт сая еврогийн алдагдал хүлээж байгаа тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Европын холбооноос Орос руу нийлүүлдэг гахайн махны 30 хувийг Польш дангаараа нийлүүлдэг болохоор ийм их алдагдал хүлээж байгаа ажээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Польштой адил Европын холбооны бүрэлдэхүүнд ордог Литвад Африкийн гахайн тахал өвчин илэрсний дараа Оросын тал нэгдүгээр сарын 25-аас эхлэн хориг тавьсан нь ийнхүү Польшийг дайрсан байна.
Энэ хоригийн улмаас Польшийн дотоодын зах зээл дээрх асар их хэмжээ гахайн махны илүүдэл үүсч, амьд гахайн үнэ нь 30 хувь хүртэл хямдарсан байна. Гахайн үнэ огцом буурсанд фермерүүд ихэд бухимдаж байгаа бөгөөд Засгийн газартаа хандан яаралтай арга хэмжээ авахыг удаа дараалан уриалаад байна. Хориг нь зөвхөн фермерүүд гэлтгүй боловсруулах үйлдвэрүүдэд ч хүнд тусчээ. Байдал энэ мэт үргэлжилбэл гахайн мах боловсруулдаг үйлдвэрүүд хаалгаа барьж, ажилчдаа албадан амраах дээрээ тулах аж.
Польшийн хувьд Орос хөдөө аж ахуй болон хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн экспортолдог хоёр дахь том зах зээл болохоор энэ салбарт авсан ямарваа нэг хориг арга хэмжээ болгон эдийн засагт нь маш хүнд тусдаг. ОХУ нь Европын холбооноос жилдээ тэрбум гаруй еврогийн үнэтэй 800 мянган тонн гахайн мах экспортолдог.