Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АЙЛ БҮРИЙН ХӨРГӨГЧИЙГ МАХААР ДҮҮРГЭЕ

ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай сайдтан энэ жил Монгол Улсын малын тоо 50 саяд хүрнэ гэсэн сайхан мэдээ дуулгав. Эл тоонд ч хүргэхийн тулд сайд өдөр шөнөгүй л санаа зовнин, доод албан тушаалтнуудаа ажлаа сайн хийж, хариуцлага алдахгүй байхыг ч үүрэгдсэн гэх. Тэрээр “Энэ жил малын хорогдол харьцангуй бага байгаа. Онд орсон байдал 99 хувиас дээш байгаа нь их амжилт. Одоогоор төллөх нийт хээлтэгчийн 70 орчим хувь нь төллөөд, гарсан төл 99,2 хувь мэнд сайхан бойжиж байна. Үлдсэн цөөн хоногт бог мал үндсэндээ төллөж дуусна. Ойролцоогоор 15 саяас доошгүй төл хүлээн авч, Монголын малын тоог 50 саяд хүргэнэ” хэмээн хичээн ажиллаж байгаа гэсэн.
Малын тоо өсөхөөр өнөөх айхтар зах зээлийн хуулийн дагуу махны нийлүүлэлт нэмэгдэж үнэ нь буурах болов уу. Өнөөдөр хүнсний худалдааны төвүүдэд үхрийн ястай мах кг нь 7525, цул нь 7643 төгрөг байгаа бол хонины цул кг нь 7017, ястай нь 6988 төгрөг байх жишээтэй. Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 18-ны байдлаар өмнөх гуравдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 1.6-4.1 хувиар өсчээ. Үнэ өсөх болсон шалтгааныг  албаныхан ченжүүдтэй холбон тайлбарлаж байгаа ч, ченжүүд нь малчид руу бухна. Харин малчид нь улсаас өгч буй “Хүний хөгжил сан”-гийн мөнгө амьдрал ахуйд нь хүрэлцээтэй хэмээн малаа зарах шаардлага алга хэмээн тайлбарлах нь бий. Гэвч хөдсөн дээлтэй малчдад буруугаа чихэхээс илүүтэй манай хүнсний хан­гамжийг хариуцах ёстой сал­барын яам нь хангалтгүй ажил­лаж байна гэхэд бу­руудахгүй биз ээ. Өнөөдөр нийслэл гэлтгүй хөдөө орон нутгийн төвийнхөн ч үнэтэй мах идэж буй. Энэ сарын 18-ны байдлаар гэхэд хонины махны дундаж үнэ өмнөх долоо хоногийнхоос Дорнод, Хэнтий аймагт кг нь 200-300 төгрөгөөр өссөн бөгөөд хамгийн үнэтэйгээр буюу нэг кг хонины мах 7300 төгрөгөөр орхончууд авч идэж байна гэжээ. Түүнчлэн үхрийн мах Дорнод, Дархан-Уул аймагт кг нь 200-500 төгрөгөөр өссөн бол Дорноговь, Өвөрхангай аймагт 8000 төгрөг хүрсэн гэнэ.
Уг нь ч манай улсын махны хэрэгцээ жилд 8.2 сая толгой мал буюу 223.1 мянган тн мах гэдэг. Хөдөө аж ахуйд нийт үйлдвэрлэсэн махны 5-10 хувийг үйлдвэрийн ар­гаар бэлтгэж, хоёр хувийг хиам, боловсруулсан махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд, 10 хувийг нь экспортод, үлд­сэнийг нь өрхийн  болон нийтийн хоол бусад зориу­лалтаар ашигладаг гэжээ. Шалихгүй байгаа биз. 40 сая малтай байхад махныхаа үнийг дийлэхгүй нь хэмээн халаглаж байсан нийслэлийнхэн 50 сая боллоо гээд хүртэж ч чадахгүй байж мэднэ. Салбар хариуц­сан яамныхны хувьд дотоодынхоо хэрэглээг бүрэн хангаад зогсохгүй экпор­тод сүүлийн хоёр жилд дунджаар 17-23.0 мянган тонн мах гаргасан хэмээн саяхан амжилтаа дүгнэжээ. Түүгээр ч барахгүй “Хүн амын хоол тэжээлийн бодисуудын зөвлөмж хэмжээ”-гээр монгол хүн хоногт 180 гр ясгүй буюу нядалгааны жингээр жилд 84 кг тураг мах хүнсэнд хэрэглэх шаардлагатай гэдэг. Харин яамныхны судалгаагаар 2009 онд нэг хүний дундаж махны хэрэглээ 97.6 кг байгаа нь өмнөх оныхтой харьцуулахад 14.4 кг-аар нэмэгдсэн, зөвлөмж хэмжээнээс 13.9 хувиар илүү байна гэж тогтоосон аж. Миний л мэдэхийн махны үнэ 2006 оноос эрчимтэй өсч эхэлсэн учраас нөөцийн мах бэлтгэж эхэлсэн түүхтэй. Гэвч нөөцийн мах бэлтгэлээ гээд “хадуурч” эхэлсэн махны үнийг барьж чадаагүй гэдгийг хэн хүнгүй мэднэ.
Яамныхан яаж тооцоолон бодоод дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байна гэж дүгнэснийг мэдэх юм алга. Бүрэн хангаж байгаа бол хажуу айлын Доржийнх үнэртүүлэх төдий мах хоолондоо хийх бус, өдөр бүр мах чанах байсан биз. Монгол Улсын хүн амын 30 гаруй хувь нь ядууралд “баригдаж”, хоолны махаа авч дийлэхгүйд хүрснийг сайдтан мэдэж л баймаар. Учир мэдэх албаны хүний яриагаар манайд соц нийгмээс үлдсэн мал нядалгааны хэдэн үйлдвэр бий. Улсын хэмжээнд жилд 100 мянган тонн  тураг мах үйлдвэрлэх хүчин чадалтай 36 мал нядлах үйлдвэр бүртгэлтэйгээс 18 нь сүүлийн гурван жилд тогтмол үйл ажиллагаагаа явуулж, бусад нь зогсонги байдалтай буй. Эл үйлдвэрүүд 50.5 мянган тн мах нэг удаад хадгалах хөргөлтийн агуулахтай бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадлынхаа 15 хувийг ашиглаж байгаа. Дээрх 36 үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж, зөв зохистой дамжлагаар мах хэрэглэгчдээ очвол үнэ нь тэнгэрт хадах шалтгаан байхгүй хэмээдэг. Үнэхээр ч үнэний хувьтай. Махны үнэ өсч буйд буруутан нь олддоггүй өнөө цагт зөв зохистой дамжлагагүйгээс болсон байж мэднэ. Ядаж л 36 үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж, боловсруулах үйлдвэрүүд нь хэрэглэгчийнхээ гарт шууд дамжуулдаг бол мах магнаг болох шалтгаан байхгүй мэт. Тэгээд ч замаас нь ченжүүд “шүүрэх” боломж олгохгүй байсан биз.
Ямар ч гэсэн жил гаруйн өмнөөс “дуншсан” Хөдөө аж ахуйн биржийн тухай хууль зургадугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Эл хууль гарснаар энэ салбараас гаралтай түү­хий эд болон хүнсний бү­тээг­дэхүүн нэг цэг дээр төв­лөрч үнийн хөөрөгдөл га­рах­гүй, хэрэглэгчийн гарт шууд хүрнэ гэж тус яамны мэргэжилтнүүд хэлж байсан. Түүгээр ч барахгүй эмх цэгц­тэй, чанар стандарттай, үнийг нь бүрэн зохицуулах бо­ломжтой болоод зогсохгүй олон зүйлийг олон улсын жишигт хүргэх юм гэсэн. Най­даж л байя.  Өнгөрөгч 2010 онд манай улс 23.8 мян.тн мах экспортолсон. Энэ онд ч гэсэн махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Зүүн өмнөд ази, арабын орнуудад мах, махан бүтээгдэхүүний сурталчилгаа зохион байгуулж, гэрээ хэлэл­цээрүүдийг эрчимтэй хийж байгаа гэж салбарын сайд Т.Ба­дамжунай хэлж байна би­лээ. Улс орны төсөв, малчдаа бодсон ч экспортлолгүй л яахав. Гэвч дотоодын хэмээн ангилалд орох иргэд чинь хоолны махгүй шахам хонож байна гэдгийг дуулгая. Ядаж та бүрэн эрхийнхээ хугацаанд айл бүрийн хөргөгчийг махаар дүүргэе хэмээн зорилт дэвшүүлэн ажиллавал олон хүний магнайг тэнийлгэхсэн…

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан