Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ ЦААС БОЛГОСОН ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР

Өнгөрсөн оны байдлаар 1211.3 мянган тонн цемент зах зээлд нийлүүлэгдсэнээс 64,85 хувийг нь импортолжээ. Үүний 98,65 хувийг БНХАУ-аас оруулж ирсэн нь цементийн импортын хувьд тус улсаас ихээхэн хамааралтай нь шуудхан харагдаж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 57-63.9 хувийг Хөтөлийн “Цемент шохой” ХК үйлдвэрлэжээ. Хамаг хүчин чадлаа шавхаад уг үйлдвэр ажиллаж байгаа хэдий ч дотоодын зах зээлээ бүрэн хангаж чаддаггүй. Яагаад ийн оршил хийх болов гэдэг нь ийм учиртай юм.
Ховд аймгийн төвд хэдэн жилийн өмнө Энэтхэгийн буцалтгүй тусламжаар нэг сая ам.долларын өртөгтэй цементийн үйлдвэр баригджээ. Харамсалтай нь, баруун таван аймгийн цементийн хэрэгцээг хангалттай хангаж чадахуйц уг  цемент  үйлдвэрээ халуун орны технологиор барьчихсан байсан гэнэ. Баяр ёслолтойгоор туузаа хайчилсан хэдий ч Монгол орны эрс тэс уур амьсгалыг тэсч чадахгүй өнөөг хүртэл үзмэр маягаар аймгийн төвд сүндэрлэсээр. Хэн, хаана хариуцлага алдсаныг тогтоохгүй явсаар одоо ч хариуцах эзэнгүй болсныг албаны хүн хэлж байлаа. Цементийн үйлдвэрийн талаар Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Багдалаас тодруулсан юм.


-Нэг сая ам.доллараар ба­ригдсан цементийн үйлд­вэрийн талаар тод­руулах гэсэн юм. Халуун орны тех­нологиор барьчихсан гэхээр л гайхаад байна л даа?
-Хэний буруу гэдгийг сайн мэдэхгүй байна л даа. Тухайн үед ажиллаж байгаагүй бо­лохоор. Халуун орны тех­нологиор, бас орчин үеийн стандартад тохирсон тоног төхөө­рөмжгүй учраас өдий хүртэл ажиллахгүй л байгаа юм.
-Монгол орны нөхцөлд таа­руулаад технологи, тоног төхөөрөмжийг нь өөрчлөх боломжгүй юм уу?
-Барьсных нь дараа тоног төхөөрөмжийг нь өөрчилнө гэж улсын төсөвт мөнгө суулгаж янзалсан гэсэн. Тэгээд ч болохгүй, сүүлдээ ТӨХ-ноос хувьчилсан. Тухайн үед хувьчилж авсан залуучуудтай нь би уулзсан л даа. Гэтэл технологийг нь өөрчилсөн ч шаардлага хангасан сайн чанарын цемент үйлдвэрлэж чадахгүй юм байна гэсэн. Дахиад тоног төхөөрөмжийг нь шинэчилнэ гэхээр өртөг өндөр гэсэн хариулт өгсөн. Ингээд л бүр таг чиг болчихсон.
-Танай аймагт цемент ямар үнэтэй байгаа бол?
-Манайх Хятад улсаас Ярантын боомтоор цементээ авчирдаг. Жижиглэнгийн үнэ нь  16-18 мянган төгрөг. Тонноор нь авбал 15 мянган төгрөг орчим байна даа. Улаанбаатараас тээвэрлэнэ гэвэл илүү үнэтэй шүү дээ. Барилгын материал үнэтэй байгаа цагт хөдөө орон нутагт иргэд хэзээ ч орон сууцтай болж чадахгүй л дээ.   
-Аймгийн хувьд бол барилгын материалын түүхий эд хангалттай байдаг. Гэтэл Хятадаас өндөр үнэтэй цемент импортолсоор байгаа гэхээр хэцүү юм даа?
-Харин тийм ээ. Цементийн түүхий эдэнд холбогдох мэргэжилтнүүд шинжилгээ хийгээд сайн чанартай гэсэн дүгнэлт гаргасан.
Ховд аймгийн хувьд барилгын материалын нөөц, боломж их. Мянгадын шар шавар нь гэхэд баруун таван аймгийг хангах хэм­жээний их нөөцтэй. Тоосго, цементийн түүхий эдийн олон орд бий. Аймгийн төвөөс 18 км гэхэд ихээхэн хэмжээний нөөцтэй шо­хойн орд байдаг. Гэтэл нут­гийн иргэд хятадуудаас нэг шуудай цементийг 18 мянган төгрөгөөр ху­дал­даж авч байгаа аж.
Улаанбаатар хотод нэг шуудай цемент 8000 төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Ийм өдөр, шөнө шиг ялгаатай үнэтэй барилгын материалаар тус аймаг бүтээн байгуулалт, шинээр барилга, байгуу­ламж барьж дийлэх үү. Сургууль, цэцэрлэг бари­хаар төсөвт суулгасан мөн­гөндөө тохируулж хэр ча­нар­тай барилга барих бол гээд асуудал ундарсаар. Ба­рилгын материалын  нөөц ихтэй учраас түүнд түшиглэж үйлдвэр барьсан нь энэ байх. Гэтэл тууз хайчлахын алдад нэг сая ам.долларын хэнд ч хэрэггүй төмрийн хог босгосны бу­рууг өнөөдөр хариуцах эзэн алга. Нүүрээ улалзуулан байж харийн орноос гуйл­га гуйж,  олж ирснээ бит­гий ийм байдалтай бол­­гоосой гэсэн үүднээс энэ­хүү үйлдвэрийн  тухай хөндлөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан