Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.ГАНЦЭЦЭГ: ДААТГУУЛАГЧИД 94 ХУВЬ ХҮРТЭЛ ХӨНГӨЛЖ ЭМ АВАХ ЭРХТЭЙ

Бид эрүүл мэндийн даатгал төлөөд л байдаг. Гэтэл энэ талаар ойлголт дутмагаас болж төрөл бүрийн хөнгөлөлт,  даатгалын үр шимийг хүртэж чаддаггүй. Иймд энэ талаар НДЕГ-ын Эрүүл мэндийн даатгалын хяналт, санхүүжилтийн газрын дарга Ц.Ганцэцэгтэй ярилцлаа.

-Монголчууд эрүүл мэндийн даатгалд хэр хамрагдаж байна вэ?
-Иргэний эрүүл мэндийн даатга­лын тухай хуульд зааснаар Монгол Улсын бүх иргэн эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулсан байх үүрэгтэй. Зөвхөн, манайд хөдөлмөр эрхлээгүй гадаадын иргэн л даат­гал­гүй байж  болно. Харин ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь цалин хөлснөөсөө, малчин, тодорхой хө­дөл­мөр эрхлээгүй иргэд өөрсдөө, оюутан суралцагсад төрөөс, мэр­гэж­лийн сургалт үйлдвэр төвийн оюутнууд, орой эчнээгээр суралцаг­сад өөрөө хариуцаж төлнө. Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нярай хүүхдээ асарч байгаа эхчүүдийн хувьд төр хариуцаж сарын хуваарийн дагуу шимтгэлийг нь төлдөг. Иргэдийн эрүүл мэндийн даатгалын хувьд харьцангуй болом­жийн төвшинд байгаа. 2011 он хүртэл нийт хүн амын 80 гаруй хувь ЭМД-д хамрагдсан байсан. Өнгөрсөн онд нийт хүн амын 98.6 нь  хамрагдсан.
-ЭМД төлснөөр иргэд ямар үйлчилгээ авах эрхтэй байдаг юм бэ. Тухайлбал, эмнэлэгт хэвтэн эмч­лүүлэхэд хэдэн төгрөгийн хөнгө­лөлт эдэлж болох вэ?
-Жилд төрөөс шимтгэлээ төлж байгаа хэмжээ хамгийн багадаа 8040 төгрөг. Үүнийг эрүүл мэндийн даатгалын санд төлөөд нэг сая 112 мянган төгрөгийн тусламж үйлчил­гээний зардлыг эрүүл мэндийн даат­га­лын сангаас төлүүлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, эмнэлэгт хэвтэх эмчил­гээ, өдрийн, амбулаторийн эмчил­гээнд таны өмнөөс даатгалын сангаас эмнэлгүүдэд мөнгө төлнө гэсэн үг юм. Мөн оношилгоо, шин­жилгээний төлбөр буюу сардаа 36 мянган төгрөгийн шинжилгээг даатгуулагч үнэ төлбөргүй хийлгэх эрхтэй. Уламжлалт эмчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээ буюу рашаан сувиллын эмчилгээ хийлгэх бол мөн тодорхой хэмжээгээр төлбөрийг нь хөнгөлдөг. Эдгээр тусламж үйл­чилгээ болон эмийн сангаас 339 нэр төрлийн эмийн үнэд нь 5-94 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Өнгөрсөн оны байдлаар давхардсан тоогоор 3.1 сая хүн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авсан гэсэн дүн байна. Дээрх долоон үйлчилгээг даатгуулагч маань давхардуулж авч болох бөгөөд нийт үйлчилгээний зардал маань нэг сая 112 мянган төгрөгт багтах учиртай.
-Зарим хувийн эмнэлэг  ЭМД хамаарахгүй гэдэг?
-Эрүүл мэндийн даатгалын сан­гаас ямар эмнэлэгт санхүүжилт ол­­­­­гох вэ гэдгийг Эрүүл мэндийн сай­дын шийдвэрээр баталдаг. Тэр эм­­­нэл­­гүүдийг сонгох, сонгон шал­га­­руулалтыг зохион байгуулах, магад­лан итгэмжлэх энэ бүх үйл ажил­ла­гааг Эрүүл мэндийн сай­дын шийд­­вэрээр баталдаг. 123 хувийн хэвшлийн эмнэлэгтэй нийг­мийн даатгалын байгууллага гэрээ байгуулсан. Гэхдээ хувийн хэвш­лийн эмнэлгүүдийн даатгалаас олгох тарифын хэмжээ нь улсын эмнэлгүүдээс 50 хувиар бага. Тухайлбал, нэг хүн улсын эмнэлэгт хэвтлээ, ямар хэмжээний мөнгийг төлөх вэ гэдгийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар мөнгөний хэмжээг нь баталдаг. Эрүүл мэнд, НХХЯ, Сангийн сайд хамтарч баталдаг. 115 оношийн хамааралтай бүлэг бүрт өртөг өөр өөр байдаг. Жишээлбэл: суурь өртөг 240 мянган төгрөг. Улсын эмнэлэгт зүрхний мэс засал хийлгэлээ гэхэд өвчтөний түүхийг нь үлдээгээд төлбөрийг нь тухайн эмнэлэг рүү шилжүүлдэг. Тухайн хүн даатгалтай бол даатгалын сангаас төлдөг. Харин хувийн эмнэлэгт суурь өртөг 120 мянган төгрөг байдаг. Улсын эмнэлэгт 650 мянган төгрөгөөр мэс засал хийлгэсэн бол хувийн эмнэлэгт 325 мянган төгрөгөөр хийлгэнэ гэсэн үг. Төлбөрийн зөрүүг даатгуулагч өөрөө төлөх юм. Ийм л зарчмаар явдаг. Бүрэн эрсдэлийг харах бол хүндрэлтэй. Учир нь, даатгалын сан­гийн орлогын эх үүсвэр нь ажилчид, хувь хүний шимтгэлээс бүрддэг хязгаартай. Эргээд мөнгө нь хэнд очих вэ гэхээр эрүүл мэндийн хувьд эрсдэлд орсон өвчтэй хүмүүс хүртдэг.
-Жил болгон хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй гэрээ хийдэг гэлээ. Энэ тоо нэмэгддэг үү?
-123 хувийн хэвшлийн эмнэлгүүд нийгмийн даатгалын байгууллагатай хамтарч ажиллаж байна. Яг даатга­лаас санхүүжилт авдаг хувийн хэвш­­лийн эмнэлгүүдийн талаарх мэдээл­лийг НДЕГ-ын www.ndaatgal.mn сайтын эрүүл мэнд гэсэн хэсгээс харж болно. Үүнд хувийн эмнэлгийн жагсаалт, эмийн сангууд утас, байршил гэх зэрэг бүх мэдээлэл бий.
-Тэгвэл эмийн сангуудыг хэр­хэн хамруулдаг юм бэ?
-Одоо төрийн эмийн сан гэж бараг байхгүй шүү дээ. Эмийн санд тавих нийтлэг стандарт гэж байдаг. Тэр стандартыг хангасан эмийн санд Эрүүл мэндийн газруудаас зөвшөө­рөл олгодог. Зөвшөөрөл олго­сон эмийн сангууд нь нийгмийн даатга­лын хэлтсүүдтэй гэрээ байгуу­лаад даатгалын хөнгөлөлтийн зөрүү­гээр сан санхүүжилт авдаг юм. 339 нэр төрлийн эмийн жагсаалт байдаг бө­гөөд тухайн эмийг хамгийн дээд хэм­жээ нь хэдэн төгрөгөөр худалдаа­лахыг зөвшөөрөх үнийн дээд хязгаар гэж байдаг. Үнийн дээд хязгаарыг давсан үнээр худалдаалах асуудлыг хянах зорилготойгоор бид эмийн сангуудад кассын машин заавал байх шаардлага тавьж байгаа юм.
-Мөнгөтэй нэг нь хувийн эм­нэлэгт эмчлүүлээд даатгалыг нэг их ойшоодоггүй. Харин ЭМД-ыг амьжиргааны дунд болон түүнээс доош  төвшний иргэд ашигладаг юм шиг санагддаг. Ер нь, иргэд даатгалд хамрагдах эрхээ хэр эдэлж байна вэ?
-Эрүүл мэндийн даатгалын сан­гийн нийт орлогын 83 хувийг ажил­лагсдын шимтгэлээс бүрдүүлдэг. Хоёр хувийг нь  ажиллагсад цалин­гаасаа, хоёр хувийг нь байгууллага нь төлдөг. Харин зардлын 12 хувийг ажиллагсад эдэлж байгаа юм. Гэвч ажиллагсад эмнэлгийн үйлчилгээг бараг авдаггүй.  Нийт орлогын 12 хувийг эзэлж байгаа төр шимтгэлийг нь хариуцдаг хүмүүс буюу хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэтгэв­рээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нярай хүүхдээ асарч байгаа эхчүүд, хорих ангид ял эдэлж байгаа хүмүүс, халамжийн тэтгэвэр авч байгаа хүмүүсийн шимтгэл гэж жилдээ 10.9 тэрбум төгрөг төрөөс төлдөг. Гэтэл энэ хүмүүс эрүүл мэндийн даатгалын зардлын 65 орчим хувийг эзэлдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан