Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.АЧИТ-ЭРДЭНЭ: ХАДГАЛАМЖ ЖИЛИЙН 15 ХУВИЙН ХҮҮТЭЙ БОЛ САЙН КОМПАНИЙН ХУВЬЦААГААР ЖИЛД 20-25 ХУВИАР МӨНГӨӨ ӨСГӨХ БОЛОМЖТОЙ

-Олон улсад бүртгэлгүй Мон­голын компанид тусгай эрх олгох­гүй хэмээн Хонгконгийн Хөрөн­гийн бирж мэдэгдээд багагүй хугацаа өнгөрчихлөө. Гэвч өнөө­дөр энэ талаархи мэдээлэл нам жим байна?
-Монгол Улс үнэт цаасны тухай хуулиа шинэчлэн батлан гаргах гэж байгаа. Тиймээс ч хүлээлт үүссэн байж болох талтай. Ер нь, ямар улсын, ямар компанийг дэлхийн хөрөнгийн зах зээлд гаргах вэ гэдэг нь чухал шийдвэр байдаг. Нэг бол Монголын компанийг өөрийн улсын биржид гаргаж бүртгүүлээд, дараа нь Лондонд бүртгүүлэх, эсвэл шууд тухайн улсын хуулийн дагуу явах. Аль аргаар явах вэ гэдэг нь бас л чухал асуудал. Миний ойлгосноор Эрдэнэс Таван толгойн хувьцааг Монголд гарга­хаар болж байгаа гэсэн. Энэ ч зөв алхам ч гэж бодож байна. Үндэс­ний томоохон стратегийн ордыг Мон­голдоо бүртгэсэн нь зөв байх. Хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэхийн тулд компанийн тухай хууль батлаг­даж, үнэт цаасны хуульд өөрчлөлт шинэчлэлт орох гэж байна.
-Гэхдээ үнэт цаасны зах зээ­лийг монголчууд одоо л зах зухаас нь ойлгож байна шүү дээ. Харин биднийг хөтлөх ёстой Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа дэндүү удаан юм шиг санагддаг?
-Хөрөнгийн биржийн түүхийг бүгд мэднэ. Харамсалтай нь, хувь­цааны үнэ цэнийг хүмүүс ойлгоогүй байхад үнэгүй тараасан нь хэдхэн хүн энэ зах зээлд хөрөнгөжих болом­ж бий болгосон. Өөрөөр хэлбэл, энэ талаархи мэдлэгтэй нэг нь ашиглаж чадсан гэсэн үг. Эргээд харахад хувьцааны төвлөрөл бий болсноос арилжаа нь цөөхөн, чөлөөтэй арилжаалахгүй сул тал бий. Нэг ёсондоо 90 хувь нь нэг хү­ний мэдэлд очихоор бусад хувь­цаа нь муу арилжаалагдана шүү дээ. Өнгөрсөн түүхээ давтахгүйн тулд одоо иргэддээ өгнө гэж буй хувьцааны талаар сайн мэдээлэл өгөх ёстой юм болов уу гэж боддог. Нөгөөтэйгүүр, Монголын бирж дээр гарсан компаниудад түүх байх­гүйгээс төсөл маягаар л явдаг. Энэ нь эрсдэлтэй байдгаас IPO хийсэн компаниуд амжилттай цааш явж чаддаггүй. ЗООС, АНОД банк гэхэд л хувьцаа гаргасан ч үнэ нь хэт унаснаас нэр хүнд нь унасан. Харин Лондонгийн хөрөнгийн бирж­тэй хамтран ажиллаж, шинэ менеж­мент хэрэгжүүлснээр Монголын хөрөн­гийн биржийн нэр хүнд нь сэргэж, Монголын томоохон компа­ниуд ч ашиг гаргая, олонтойгоо хуваая гэсэн зөв хандлага руугаа эргэлээ.
-Хөрөнгө босгох эх үүсвэр банк санхүүгээс гадна хөрөнгийн зах зээл гэдгийг компаниудын захирал хүлээн зөвшөөрдөг. Гэвч эрсдэл ихтэй хэмээн болгоом­жилдог л доо?
-Монголд үйл ажиллагаа бай­гаа компаниуд хувьцаа гаргана гэ­хээр дандаа Австрали, Торонтод гаргадаг л даа. Ихэвчлэн хайгуул хийдэг. Ийм компани эрсдэл ихтэй, баталгаа байхгүй, орд олбол ашиг нь нэмэгддэг. Гэхдээ хэдэн жилийн ашиг нь гардаг, эрсдэлтэй болохоор ийм яриа гарсан байж болох юм. Түүнчлэн хувьцаа гаргаж буй компанийн талаар таагүй мэдээлэл гарснаас ханш нь унаж, буруугаар ойлгох, нэр хүнд нь сэвтэх ч бий. Хөрөнгийн зах зээл өөрөө эрсдэлтэй юу гэвэл эрсдэлтэй. Гэхдээ энэ зах зээл байхгүй бол хүмүүс мөнгөө банкны хадгаламжаас өөр өсгөх боломжгүй. Хадгаламж жилийн 15 хувийн хүүтэй байдаг бол сайн компанийн хувьцаа авбал жилд 20-25 хувиар мөнгөө өсгөх боломжтой. Хадгаламжийн хүүнээс өндөр үнэтэй ажиллана гэсэн үг байхгүй юу. Монголд ашигтай ажиллаж байгаа ТОP компаниудын хувьцааг авах нь тийм ч эрсдэлтэй биш юм байна гэдэг ойлголт ч төрөх байх.
-Компаниуд ажиллах сонир­холтой ч мэдээлэл ил тод бай­даггүй нь тэднийг үргээхэд хүргэ­дэг юм болов уу гэж харагддаг?
-Манай хөрөнгийн зах зээлийн нэг дутагдалтай тал нь хувьцаа хэтэрхий төвлөрснөөс гадна хувьцаат нэртэй нь мэдээллээ бусдадаа түгээх­гүй, бараг хязгаарлагдмал, хаалттай компани шиг ажилладаг. Энэ бай­дал нь зах зээлд ажиллаж буй бидний хувьд бэрхшээлтэй. Манайх компаниудын хувьцааны талаар судалгаа хийдэг. Бүтэн жилийн тө­лөв­лөгөө, санхүү, хувьцаанд ногдох ногдол ашиг, жилийн эцэст гарах хувийг тооцоод гадаадын бүх бирж дээр анализ хийж ажилладаг. Энэ аргаар Монголд ажиллах гэхээр мэдээллээ өгөх компани олддоггүй. Бүгдээрээ нуудаг, өгөхгүй гэдэг. 20 компанийг хамруулан судалгаа хийлээ гэхэд гурав нь л монгол, бусад нь гадаадынх байх жишээтэй. Монголд үйл ажиллагаагаа явуулдаг гадаадын компаниуд бол сурчихсан, мэдээллээ сайн өгдөг, бүр газар дээр нь очиж танилц гээд ажиллах нөхцөлөөр хангадаг. Тэгэхээр соё­лын ялгаа байдаг юм уу даа. Нэг, хоёр компани хөрөнгийн зах зээлд ашигтай ажиллахаар яваандаа ком­паниуд хийлгэх нэмэгдэх байх.
-Монголын уул уурхайн ком­паниуд гадаадын хөрөнгийн бир­жээр дамжуулан хувьцаа гарга­даг. Энэ нь өөрийнхийгөө голж байна гэсэн үг үү?
-Дэлхийн хөрөнгийн биржүүд төрөлжчихөөд байгаа гэсэн үг. Уул уурхайн хайгуул, ашиглалтынх Лондон, Торонтод төвлөрчихсөн хэрэг. 100-200 жил уул уурхай хөгжсөн оронд энэ зах зээл хөлөө олчихсон. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулаад сурчихсан, хөрөнгө оруулагч, банк санхүүгийнхэн байна. Орд нь хаана байх нь хамаагүй шүү дээ. Гол нь, бирж дээр эрх авсан үгүйг нь шалгаад, банкууд нь хувьцаа гаргадаг систем тогтчихсон. Уул уурхайн компаниуд гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаа гар­гавал их хэмжээний мөнгө босгох боломжтой. Тиймээс Лондон, Торон­­тод хувьцаагаа гаргаж байгаа хэрэг. Жирийн болон үндэсний том компа­ниуд Монголдоо хувьцаа гаргавал зүгээр. Монголдоо гаргавал хүмүүс хүртэх боломжтой болдог. Өөрийнхөө брэнд бүтээгдэхүүн, компаниа гадаадынханд сурталчлах гэж зовохгүй шүү дээ.
-Бусад нь яагаад энэ зах зээлд хөл тавихгүй байна вэ?
-Хөрөнгийн биржид 300 гаруй компани бүртгэлтэй гэж байгаа ч 50 гаруй нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Үнэхээр Багануур, Шивээ-Овоо, Адуунчулуун гээд нүүрсний компани байдаг. Энэ нь Монголд уул уурхай хөгжиж байгаатай холбоотой байх. Дээрээс нь хүнсний салбарынхан хувьцаа гаргаж эхэлсэн. АПУ, Талх чихэр, Атар-Өргөө гээд сайн компани байна. Эдгээр компа­нийн мэдээлэл сайн байдаг. Сүүлийн үед аялал жуулчлалын компаниуд хүртэл хувьцаагаа арилжаалж бай­гаа. Манайх одоо бирж дээр байгаа хүнсний салбарын компанийн судал­гаа дээр ажиллаж байна.
-Хөрөнгийн зах зээлд хувьцаа нь арилжаалагдаж буй компанийн тухай таагүй мэдээ гарлаа гэхэд ханш нь навс унадаг. Одоогоор манайд санаатай, санамсаргүй байдлаар хувьцааны ханшид нь нөлөөлөх зүйл гараагүй ч ер нь хамгаалалт хэр найдвартай байдаг юм бэ?
-Хөрөнгийн биржийн нэг зар­чим бол хувьцааны ханшид нөлөө үзүүлж болох материаллаг мэдээл­лийг заавал олон нийтэд мэдээлнэ гэж заасан байдаг. 10 тэрбум ам.дол­­ларын борлуулалт хийдэг ком­­па­ни таван тэрбумын гэрээ конт­ракт хийж, бүтээгдэхүүнээ борлуу­лахаар болчихвол зайлшгүй мэдээ­лэх ёстой. Нөгөө талаар, тухайн ком­панийн нэг газарт осол га­раад борлуулалт, үйлдвэрлэл нь тасрахаар бол мэдэгдэж байх ёс­той. Яагаад гэвэл, хүмүүс хөрөнгө оруулчихсан, олон нийтийн компани учраас. Таагүй мэдээллээ дарах нь олон хүнийг хохироодог. Мэдээллээ нуун дарагдуулсан компанийн удирд­лагыг шоронд суулгасан улс ч байдаг. Харин манай улсын хувьд одоохондоо тийм зүйл гараагүй ээ. Биржийн гол мэдээлэл нь хүн бүрт тэгш хүртээмжтэй байх ёстой.
-Өнөөдөр зөвхөн энэ зах зээлд хувьцаа, бонд л арилжаалагдаж буй. Нэр төрлийн хувьд хэтэрхий бага байна гэж ярьдаг?
-Хөрөнгийн зах зээлийн хурд саарч байгаад одоо л хөгжиж эхлээд байна. Харин ч өнөөдөр бонд, үнэт цаас гаргаж байна. Орон сууцны сайн зээлийг багцлан бонд хүртэл гаргалаа. Тэгэхээр хувьцаа, бонд нь хөгжиж байгаа болохоор дараагийнх нь удахгүй гарах байх.
-Брокер, диллерийн ком­па­ниуд борооны дараахь мөөг гэгчээр болж. Хүүхдээр бол хөлд орж буй энэ салбарт олон хүнд ашиг өгөөжөө өгнө гэдэг ч зах зээл нь бага орны хувьд горьдолтгүй юм шиг санагддаг?
-Би харин ч тэгж боддоггүй. Олон байх тусмаа иргэдэд сонголт бий болж байна гэсэн үг. Тэгэхдээ хэр олон жил ажилласан, хөрөнгөтэй эсэхийг нь харах хэрэгтэй. Яахав. брокер дамжуулагч болохоор эрсдэлд орох нь бага ч хулхи компанид хандаад хохирохыг үгүйсгэхгүй. Гэхдээ зах зээлийнхээ хуулиар шигшигдээд цөөрнө дөө. Брокер, диллерийн компани Монголын хөрөнгийн бирж дээр өдөртөө 200-300 сая төгрөгийн арилжаа хийхэд нэг хувийг нь брокерууд аваад үлдсэн нэгийг нь бирж авдаг. Өдөрт гурван сая төгрөгийн борлуулалтыг хувааж авах гээд байна. Бонд арилжаалахаар нэмэгддэг юм. Үнэндээ жижигхэн зах зээлд өрсөлдөж байгаа гэдгээ мэдэрч буй биз дээ.
-Үнэт цаасны тухай хууль удахгүй шинэчлэгдэн батлагдах гэж байгаа. Өнөөдөр энэ зах зээлд ус агаар шиг хэрэгтэй байгаа зарим заалтыг оруулж өгч чадсан болов уу?
-Ер нь, мэдээллийн тэгш эрх, ямар үед мэдрэгдэх вэ гэдгийг л энэ хуульдаа тусгавал илүү сайн болно байх гэж бодож байна.
-Энэ зах зээлд ажиллаж байгаа таны хувьд ямар зүйлийг өөрчлөх юмсан гэж бодогддог вэ?
-Үнэт цаасны тухай хуулийг шинэчлэх сургаар нийгэмд хүлээлт үүсчихээд байна. Хоёрт, компанийн удирдлагууд зоригтой шийдвэр гаргаад Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргая. Өөрөөр хэлбэл, эдийн засаг сайжирч буй энэ үед хуримтлал бий болчихсон, банкны салбарын хадгаламжийн өсөлтийг харахад ч хувьцаа гаргавал маш их мөнгө татан төвлөрүүлэх боломжтой байгаа юм. Компаниуд энэ чиглэлээр санаачил­гатай ажиллах хэрэгтэй. Иргэдийн хувьцааны талаар­хи мэдлэгийг дээш­лүүлбэл энэ салбар хурдан хөг­жинө. Гадаадад бол сургуулийн наснаас нь энэ тухай мэдлэг өгдөг. Манайд хэдхэн хүн мэддэг бусад нь хувьцаа гэж юуг хэлээд байгааг ч мэдэхгүй байна шүү дээ.
-Ямар ч гэсэн энэ зах зээл гэнэт баяжуулдаг бас хоосруулдаг юм байна гэдгийг зах зухаас нь мэднэ. Гэхдээ өнөөдөр Монголд хэдхэн хүн л томоохон компанийн хувьцааг эзэмшдэг. Үүнийг моно­польдож байна гэж ойлгож болох уу?
-Үгүй л дээ.  Харин ч нийгмийн гарал, үндэс угсаа үл харгалзан хэдэн төгрөгтэй ч хамаагүй биржийн арилжаанд оролцох эрх бий. Өөрөөр хэлбэл, биржийн нэг онцлог нь хүн өөрийнхөө боломжинд тулгуурлан оролцдог. 10 сая, 100, 50 мянгаар ч хувьцаа авч болж байна. Нөгөө талаар тогтмол орлоготой, илүүдэл хуримтлалтай хүмүүсийн хийх ажил л даа. Хүн болгонд арилжаанд оролцох тэгш эрх бий.
-Өнөөдөр Хөрөнгийн биржийн хурд дэндүү удаан байна гэж харагддаг. Яагаад энэ зах зээлд өрсөлдөгч компанийн тоо бага байна вэ?
-Хэн ч арилжаа хийх эрхтэй шүү дээ. Компаниудад шинэ зах зээл, дээр нь эрсдэлтэй гэж үздэг. Уг нь  бизнес гэдэг эрсдэл дунд зөв сонголт хийх юм шүү дээ. Айгаад байлгүй хувьцаа гаргаад үзэх хэрэгтэй. Тэгэхдээ өмнө нь сайн судал­гаа хийх ёстой. Иргэ­дийн хувьд нэг компанийн хувьцаа аваад өдөр болгон ханшийг нь ажиглаад, юунаас болж өсч, буурч байгааг мэддэг байх хэрэгтэй. Зах зээлийн нийгэмд амьдарч буй хүн хоёр данстай байх ёстой. Банкныхаас гадна брокерын данстай болох хэрэгтэй. Үр ашгийг нь үзээд ирэхээр өөр л дөө. Хувьцаа аваад баяжсан цаашлаад ажил мэргэжил нь болчихсон хүн ч байдаг юм шүү дээ.
-Ногдол ашгаа өгдөггүй гэсэн гомдол хувьцаа эзэмшигчдийн дунд байнга л гардаг шүү дээ. Хэчнээн иргэнд хүсэл байлаа ч Монголд компанийн засаглал муу, хариуцлагагүй байгаа нь энэ зах зээлийг хөгжихөд саад болж байгаа юм биш үү?
-Үнэн л дээ. Гэхдээ хэдхэн ком­панийн үйлдлээс болж нийтээрээ тийм байна гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Бид өнөөдөр энэ зах зээлд ажиллаж, ашиг олж сурах, цааш­лаад бусдадаа хүртээмжтэй хүргэ­хийн тулд суралцаж байгаа. Уулын мод урттай, богинотой, олон хүний до­тор сайнтай, муутай гэгчээр ийм зүйл байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ бүх компани ногдол ашиг өгөөд бай­даггүй л дээ. Учир нь, уул уурхайн компани буцаагаад хөрөнгө оруулалт маш их шаарддагаас ногдол өгдөггүй, үндсэн хөрөнгө нь өсдөг зүйл бий. Нөгөө талаас, мэдээлэл нь ил тод биш учраас ногдол өгдөггүй. Санхүүгийн тайлан балансаа хувь нийлүүлэгчдийн хурлаар танилцуулж, ногдол ашиг яагаад өгөхгүй байна, юунд хэрэглэх гэж байгаа гээд асуух хэрэгтэй. Компанийн удирдлага хувь нийлүүлэгчдийн мөнгийг өсгөх нь нэг номерийн үүрэг нь. Өөрөө 90 хувийг нь эзэмшдэг ч гэсэн 10 хувийг нь эзэмшдэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой. Хувьцаа эзэмшигчдэдээ том эрх мэдлийг өгч байгаа юм.
-Компанийн тухай хуульд цөөн­хийн эрх ашгийг хамгаална гэж заасан байдаг ч үйлчилдэггүй. Нөгөөтэйгүүр, мэдээлэл авъя гэ­хээр компанийн нууц гэж халхав­чилдаг гэдэг?
-Харин ч хувьцаа эзэмшигчдэдээ тайлангаа тавьж байх ёстой. Нууц гэж нэг ч юм байх ёсгүй. Нууц гээд байвал Санхүүгийн зохицуулах хо­роонд гомдол гаргах бүрэн эрхтэй. Нөгөөтэйгүүр, манайханд энэ талын мэдлэг байхгүйгээс л хохирдог. Ний­гэм хууль эрх зүйн орчинд тулгуурлаж байгаа үед ямар ч хуулийг мэддэг байх нь зүгээр л дээ.
-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компани Монголын хөрөнгийн биржид яагаад хувьцаа арилжаалж болдоггүй юм бэ?
-Энэ асуудалтай л даа. Үнэт цаасны тухай хуульд нарийн заагаа­гүй байгаа. Аль улсынхаа хуулиар хувьцаа гаргах вэ гэдгийг. Монголын мэдээлэл түгээх журам канадынхаас муу байдгаас зөрчилддөг.Тухайлбал, Монголд зургаан сард нэг удаа санхүүгийн тайлан гаргана гэж заасан байдаг бол Канадад улирал тутамд гэдэг. Хувьцаат компаниуд юунаас айдаг вэ гэхээр Монголын хуулийг зөрчлөө гээд хувь нийлүүлэгч эсвэл Засгийн газар шүүхэд өгч болно шүү дээ. Эсвэл Монголын хуулиар хийтэл Канадынхтай харшилбал яах уу гээд. Үнэт цаасны тухай хуульд энэ талаар өөрчлөлт шинэчлэлт орно гэж найдаж байна.
-Тэгвэл гадаадад арилжаа­лагд­сан хувьцаа манай эдийн засагт хэр их хөрөнгө оруулалт болж орж ирдэг юм бол?
-Өндөр шүү дээ. Хүмүүс сайн мэддэггүй байх. Монголд үйл ажил­лагаа явуулж байгаа гадаадын уул уурхайн компани гадаадад хувьцаа гаргалаа гэхэд хайгуул, өрөмдлөгтөө зарцуулдаг. Мөн үйлчилгээний сал­барт шингэж, ажлын байр нэмэгд­­дэг. Гадаадын бирж дээр хувь­цаа гаргасан учраас тухайн ул­сын хан­шаар төлдөг. Нөгөөтэйгүүр, өрмийн ажлыг гадаадынхан хийдэг байсан бол одоо монголчууд канад хүний өртгөөр ажиллаж байна. Бүр Африк, Америкт өндөр үнээр ажиллаж байна шүү дээ. Нэг талаараа олон гадаадын компани хувьцаа гаргаснаар Мон­голд хайгуулын том үйлчилгээ соёл нэвтэрдэг юм.
-Тэгэхээр ямар нэгэн компа­нийн хувьцааг эзэмшээд өндөр орлого олдог хүн гээд нэрлэвэл?
-Биржийн арилжаалж байгаа хувьцааны ханш сүүлийн 2-3 жилд сайн өссөн шүү дээ. Миний санаж байгаагаар Таван толгойн хувьцааны ханш сая гарсан. Хамгийн сайн ногдол ашиг өгдөг. Сүүлийн үед гадаадын бирж дээр гарч байгаа уул уурхайн компанийн хувьцааг манайхаар дамжуулж хүмүүс авсан. Их өсч байгаа шүү. Улс төр, эдийн засгийн өндөр албан тушаалтнууд үйл ажиллагаа нь сайн яваа компанийн хувьцаа эзэмшдэг юм байна гэдгийг бид хөрөнгө орлогын мэдүүлгээс нь жил бүр хардаг биз дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан