Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр нөхөрт гүнжийн үлгэр

Энэ цагийн өнгөнд гэнэ ээ. Дэлхийн бөмбөрцгийн 47 дугаар өргөргийн орчимд нэг их сайхан гүнж байж. Тэрхүү гүнж болбоос үзэсгэлэн төгс бөгөөд өмсч зүүх, эдэлж хэрэглэх гээд дутуу юмгүй санж. Авдрандаа дарсан алт, эрдэнэс ч ихтэй гэнэ. Даанч баялгаа гаргаж ирээд бусдад тараагаад өгчих гэтэл нууц дугаартай цоожных нь кодыг тайлах аавын хүү олддоггүй байж. Хариас ирсэн хар, шар толгойтнууд “Оролдоод үзэх үү. Бараг болчихмоор санагдаад байгаа юм даа. Өмнө нь ч Африк хэмээх гадаад далайн цаадахь олон оронд энэ зэргийн цоожийг бишгүйдээ л онгойлгож өгч байлаа” гэх нь олонтаа ч хожим ханилж ч мэдэх том биетэй хоёр хархүү бие биедээ хаалт, садаа тавьсаар өдийг хүрчээ. Энэ хооронд гадаадын бусад оронд өнөөх дараатай баялагийнх нь үнэ унасаар л.  
Үзэсгэлэнт гүнж нөхөр болох хүнээ өөрийн болгохдоо орчин үеийн улс гүрнүүд иргэдийн төлөөллөө төрдөө сонгоход авч ашигладаг нэг тийм сонгуулрхуу аргачлалыг эрхэмлэдэг аж. Түүнтэй ханилах гэсэн залуу тоо томшгүй олон ба бүгд л хүсэл нь биелэх аваас гүнж хийгээд түүний ойр дотныхныг насан туршид нь гар газар хөл хөсөр хаялгүй жаргаана гэцгээх. Гэвч өнгөн дээрээ ингэж аяглачихаад нидэр дээрээ өөрсдөө өмч хөрөнгийн эзэн сууж, авах идэхийн донд хөтлөгдсөн нь харц ядууст хамгийн ойлгомжтойгоор харагдаж байв.
Гүнжид тоогдох уралдаанд бараг хагас мянган шилдэг тэргүүний, эрэмгий зоригтон оролцох зар бараг хагас жилийн өмнөөс түгэв. Хэн хурдан, хэн зоригтой, хэн нь хөрөнгө зоорь ихтэйгээ дор бүрнээ л ам уралдан ярьж гарчээ. Уг нь эртний судар шастирт өөрийгөө хэт дөвийлгөн ярих, биеэ магтахын тулд бусдаар дуу зохиолгон дуулуулах, өөрийнхөө хөргийг монгол зургийн аргаар зурснаас өөр эд өлгийн зүйл бусдад тараах, дуучин, бүжигчин, алиа салбадай нарыг нэг дор олноор цуглуулан бусдын анхаарлыг татах зэргийг хориглосон байдаг билээ. Уралдаанд оролцох мөнгөн гэрэгэ гардан авсан өрсөлдөгчид эдгээр хориглосон зүйлсийн ихэнхийг умартав. Гэвч яая гэхэв. Гэмтнийг цээрлүүлэхийн тухайд эрхэм дээд эрхтэн, ноёд түшмэд сэтгэл түвдсэнгүй.
Ингээд уралдаан болох өдөр ч ирж. Уралдах хүмүүс ч гарааны зурхайд эгнэв. Мориор туулах зам төдий хол биш ч бартаа саад ихтэй. Замд хэнд ч юу ч тохиолдож мэднэ. Өндөр их хуй босч, уралдаан эхэллээ. Гүнжид талтай гэдгээрээ зард гарсан том биетэй хоёр залуугийн унасан морьд цээжинд гарчээ. Тэр хоёрын архан талд биеэр төдий томгүй ч бага ч гэлээ зангараг гарган цөөнгүй хүнээр өөрсдийгөө дэмжүүлж чадсан шоволзсон хэдэн бор хүү хазаар даруулна. Удаад нь өөрсдийг нь өөрсдөөс нь бусад хүн бараг мэдэхгүй хэдэн нөхөр тэрэгний ганцаа унаж, цайныхаа даалимбан тэрлэгтэйгээ цогиулж харагдана.
Биерхүү хоёр залуугийн нэгнийх морь хэтэрхий омголон аж. Хажуудахаа хазна, харснаа тангарна. Энгийн моринд баймгүй их хүч гаргах нь аргагүй л сэргээш тарьж орхисон нь илт. Омголон морь, муухай харцтай эзэн хоёрын замын бартааг хэн нэгэн урьдчилан засч, зарим газар нь бүр индүүдэж тэгшилсэн байж гэнэ. Морьдын сойлго, эздийн цанхаархал урт удаан хугацаанд үргэлжилсэн ч уралдах зам нэгэнт богино тул ингэсгээд барианд орцгоов. Замаа нэгэнт засуулсан, ширүүн харцат түрүүлж, нөгөө товир биетэй нь аман хүзүүдэв. Удаахь байруудад нь уралдах, айрагдах бэлтгэл тааруухан нөхдөөс хоёр нь ирж, айргийн тавд тэрэгний цагаанаа унаж уралдсан даалимбан тэрлэгтийн нэг орлоо.
Гүнж шударга уралдааныг хүсч байж. Гэвч энэ удаагийнх урьд өмнөхүүдээсээ ч будлиантай болсон нь тэр шөнөөсөө л анзаарагдаж эхлэв. Түрүүлж ирсэн омголон морьт ардаа яваагийнхаа нүүр, нүд рүү элс шороо цацсан л гэнэ. Өрсөлдөгчдийнхөө морийг төмөр хянгараар толгой түрийгүй  ороолгосон л гэнэ. Явах замаа өмнөх шөнө нь засуулсан л гэлцэнэ.
Уралдаан булхайтай болсонд эгдүүцсэн гүнжийн хол ойрын хамаатнууд ширүүн харцатын гэрийн өмнө цуглан, их чимээ гарган, хэнгэрэг нүдэж, орон сууринг нь шатаалаа. Гэтэл булхайгаар түрүүлсэн баатар эрийн хэвтүүлүүд хэд хэдэн эсэргүүцэгчийг жадлан хороож, гал дээр тос нэмлээ. Энэ үймээнээс болж ялагчийн дүр бүдгэрэн, морь бариачид ч хэн магнайлсаныг эцэслэн гаргаж өгөлгүй нэгэн зуныг бүхэлд нь үдлээ.
Хоорондоо толхилцсон ноёд түшмэд галдан шатаагчдыг хүн жадалж алсан ч байж мэдэх хэвтүүлүүдийн хамт хар гэрт хорьж, эхнэр хүүхэд, ээж аавыг нь шар махтай нь хатаав. Ийн байсаар багагүй хугацаа өнгөрсний дараа түрүү аман хүзүүнд давхисан хоёр том биетийн ойр дотны шадар туслахууд удаа дараа эв модны наадам хийсний үр дүнд томоохон найр зохион байгуулж, ширүүн харцатын санал болгосноор гүнжийг хамтран халамжлахаар болж гэнэ.
Монголын түүхэнд байгаагүй нэгэн гүнж хоёр нөхөртэй болсон түүх ийм буюу. Үлгэр ингэж жаргадаг цаг санжээ.

1 Сэтгэгдэл
Wow.It's a veri nice
Хамгийн их уншсан