Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа баатар сансарт нисэхдээ 10 төгрөг өвөртөлж явсан гэдэг. Хэчнээн бүдүүлэг малчин ч гэсэн сансрын нисэгчийн ээж лав замдаа хэрэглээрэй гэж 10 төгрөг өгөөгүй байх. Тэр үед 10 төгрөг гэдэг хэчнээн үнэ цэнэтэй том мөнгө байсны жишээ нь энэ.
Уг нь, цагтаа 10 төгрөг гэдэг мөнгө шиг мөнгө байсан бол өнөөдөр Д.Сүхбаатарын зурагтай аравтын дэвсгэрт хэтэрхий задгай мөнгө гэж амьтанд адлагдах болжээ. Автобусанд бүхэл мөнгөний хариулт гэж аравт хорьтын дэвсгэрт аваад бухимдаж байгаа хүн олныг харах боллоо. Удахгүй зуут, таван зуутын дэвсгэрт бас л ад болсон мөнгө болох нь ээ.
Өнөөдөр самарканд гэж гологдоод байгаа 10 төгрөгөөр нэгэн цагт мөн ч сайхан гулиа дардаг байж дээ. Хүүхдийн баяраар хамгийн том бэлэгний үнэ л 10 төгрөг. Бүх л амттан багтсан мундаг том бэлэг байж дээ. Хөөрхийдөө муу арван төгрөгөөр талхаа, жимсний чанамалтай эсвэл нэг кило “галавсай “аваад идчихдэг л байлаа. 10 төгрөгтэй байхад ресторанд ороод хүйтэн пиво ууж, автобусаар гэхэд л 5 хоног ажилдаа явчихна. Он жилүүдийн тэртээ бага байхдаа “Найрамдал” зусланд 40 хоног амарч, жаргаж билээ. Тэгэхэд аав, ээж хоёр маань 10 төгрөг өгч, би гэдэг хүн халаасандаа аймаар их мөнгөтэй додигор явж байлаа. Найрамдалд бүх юм хангалттай болохоор надад мөнгө үрэх хэрэг байгаагүй.
Одоогийнх шиг гар утас гэж байх биш хотод хэрнээ л 10 мөнгөөр дугтуй авч бас хэдэн мөнгөөр ч билээ марк авч наагаад гэр рүүгээ, ангийнхандаа хэд хэдэн захида илгээхэд мөнгө маань хорогдоогүй л байсан. Тэгээд болоогүй ээ, буцахдаа хоёр, охин дүүдээ тэр үедээ л хотод олддоггүй ховор бараа байсан цагаан тууз хоёр хоёр метрийг аваад ирж байсан юмдаг. Арван төгрө¬гөөр их ажил амжуулж, их юм авч бас хийдэг байж дээ.
Тэгэхээр өнөөдөр 10 төгрөг чиний суу алдрыг магтъя. Хөгшчүүд дугуй булантаа чамаар л авдаг байсан. Хүүхдүүд дуртай амттанаа чамаар л авдаг байсан.
Харамсалтай нь, өнөөдөр чи Сүхбаатарын зурагтай цэнхэр цаас төдий л болж дээ. Одоо бол 10 төгрөгөөр шоудах нь битгий хэл над шиг тамхичин ширхэгийн тамхи ч авч чадахгүй. Мөнгөний үнэ цэнэ гэж бүр байхгүй болжээ. Оройхон байтугай өдөр дунд ч 10 төгрөг чи халаасанд минь хэд хэчнээн байсан ч нийтийн тээврээр би зорьсон газраа хүрч чадахгүй. Өдөртөө 400 байсан унааны үнэ 600 болж, микроны ко нар рекетлээд эхэлнэ. 10 толгой шүдэнз авчихдаг байсан өнөөдөр дөрвөн ширхэг арван төгрөгөөр ганцхан хайрцаг хятад шүдэнз авах болж. Мөнгө үнэгүйдэнэ гэдэг л энэ биз дээ.
Монголчууд бид нэгт, гуравт, тавтын дэвсгэртийг мартсан. 10 төгрөг чамайг бас л мартах замд яваа юм болов уу.
Тэр нэгэн цагт халаасалсан хүнээ “Би баян хүн” хэмээн бардамнуулж явсан 10 төгрөг чиний суу алдрыг магтан дуулъя.