ХБНГУ-аас тээвэрлэгдэн ирсэн 14 минжийг Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба энэ сарын 16-ны өдөр саатуулжээ. Нийслэлийн байгаль хамгаалах газар, “Туул голд минж нутагшуулах төсөл” ХБНГУ-ын Бавари мужийн Минжийн менежментийн газартай байгуулсан гэрээний дагуу дээрх минжүүд ирсэн аж. Гол нь, ХБНГУ-аас импортын мэдэгдэлгүй улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан нь ийнхүү саатуулагдах үндэс болжээ.
Тухайн үед ХБНГУ-ын мал эмнэлгийн байгууллагаас олгосон хүчин төгөлдөр гэрчилгээ, тээвэрлэлтийн баримт, БОАЖЯ-наас олгосон Монгол Улсад оруулж ирэхийг зөвшөөрч энэ тухай экспортлогч талд хүргүүлсэн албан тоот, Герман улсаас Монгол Улс руу илгээх тухай “Туул голд минж нутагшуулах төсөл”-д илгээсэн захидал зэрэг холбогдох баримт бичигтэй боловч МХЕГ-аас импортын мэдэгдэл аваагүй байсан аж.
МХЕГ баримт бичгийг хянаж үзээд “Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 10.1.2 дахь хэсгийг зөрчсөн тул Монгол Улсын Засгийн газрын 2003 оны “Жагсаалт, журам батлах тухай” 173 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хяналт, шалгалт хийх журам”-ын 7.3 дахь заалтын дагуу Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.Баярбат саатуулах арга хэмжээ авчээ. Минж саатуулах хугацаанд Улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр тусгай ажлын хэсэг томилогдож, энэ 16, 17-ны өдрүүдэд минжний ялгадас, хамрын салст, нүдний нуухаас арчдас болон цусны дээжийг авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторт шинжлүүлсэн байна. Шинжилгээгээр гудрага, туулайн вирусын цусан халдвар, эхинококкийн өндөг, авгалдай илрээгүй, эрүүл гэсэн дүн гарсан тул улс хоорондын харилцааг хүндэтгэн үзээд улсын хилээр нэг удаа нэвтрүүлэхийг зөвшөөрсөн гэнэ. Тиймээс цаашдаа нийслэлийн Байгаль хамгаалах газраас энэ талаар анхаарч ажиллахыг тус газраас зөвлөжээ.