Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

146 ШИРХЭГ АВТОБУС ШИНЭЭР ХУДАЛДАН АВАХ ГЭНЭ

Нийслэлийн хүн ам 1,5 саяд хүрч, өдөрт 600 гаруй мянган хүн нийтийн тээврээр зорчдог гэсэн судалгаа гарчээ. Нийтийн тээврийн хэрэгсэл хүртээмж муутай, дээрээс нь замын түгжрэл ихтэй учраас хот төлөвлөлт, нийтийн тээврийн бодлогыг дахин хэлэлцэхээс өөр аргагүйд хүрч байна. УИХ-ын Эдийн засгийн болоод Төсвийн байн­гын хороо хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн санхүүжилтийг шийдэхээр хуралдав.  Азийн хөгжлийн банктай хамтран “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 7-10 жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ Азийн хөгжлийн банкнаас 215.9 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 57 сая ам.долларын хөрөнгө гаргахаар болжээ. Энэ хөрөнгөөр Энхтайваны гүүрийг өргөтгөн, тусгай замын автобусны үйлчилгээг 64.5 км зам болгон сунгах, тусгай замын автобус 146 ширхгийг худалдан авах юм байна. Түүнчлэн тасалбар түгээх нь цахим хэлбэрт шилжих гэнэ.
Үүнд УИХ-ын гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандав. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Хот төлөвлөлт нь хотын төвлөр­лөөсөө хоцорч хийгддэг” хэмээн ЗТБХБЯ-ныхныг зэмлэ­сэн бол Э.Мөнх-Очир гишүүн “Хот төлөвлөхдөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зорчих, явах орчин бүрдүүлж өг” хэмээн шаардав. Үүнээс гад­на 146 ширхэг автобус худал­дан авах санааг эрс няцааж “Явах замгүй байж ийм олон автобусаар яадаг юм. Троллейбус ажиллуулах инженер Монголд олддоггүй юм. Үүнд төсөв батлах хэрэггүй” хэмээн анхааруулга өгсөн юм.
Ингээд ажлын хэсэг бай­гуулахаар төлөвлөж, даргаар нь Ц.Батбаяр гишүүнийг то­мил­лоо. Мөн дараагийн ху­­ралд хотын дарга Г.Мөнхбаярыг ирж оролцохыг Төсвийн байнгын хорооны дарга анхааруулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан