Бүтэн дөрвөн жилийн турш ярьсан иргэд цахим үнэмлэхээр сонгуульд саналаа өгөх асуудал өдгөө хоосон мөрөөдөл болж хувираад байна. Гурван сая хүрэхгүй иргэнийхээ бүртгэл дээр мунгинаж, иргэний үнэмлэхийг нь цахим хэлбэрт шилжүүлэх гэж нэгэн парламентын бүрэн эрхийн хугацааг элээлээ. 40 гаруй сая малаа толгой алдалгүй тоолдог мөртлөө 2.7-хон сая иргэнийхээ тоог яв цав гаргаж чаддаггүй гэдэг онигооны эзэн бол монголчууд. Дөрвөн жилийн өмнө ярьж байсан шигээ иргэний бүртгэл нь бодит амьдрал дээр сайжирсангүй, өөрчлөгдсөнгүй бахь байдгаараа.
Харин ч бүр өмнөх сонгуулийн үеийнхийг бодоход дордох гээд байх шиг. Иргэний үнэмлэхгүй, зурагтай цаас барьж очоод сонгуульд саналаа өгнө ч гэх шиг хачирхалтай хувилбарууд сонсогдоод эхэллээ. Ард иргэдийнхээ бүртгэлийг нэгтгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагууд нь ийм зүйл ярьж суугаагаа юман чинээ бодохгүй байна билээ. Иргэдийнх нь бүртгэл будлиантай байхад төрийн сонгуулиа шударга явуулахыг зүүдлээд ч хэрэггүй. Иргэний шинэчилсэн бүртгэл гэж хэсэгтээ л ажил болоод байсан бол тэгж их зардал чирэгдэл болсны үр дүн гарахгүй нь ээ. Ерөөсөө л 2012 оны хамгийн эхний өдрөөс л УБЕГ барцадтай байлаа. Өмнөх дарга Л.Мөнхбаатар нь сонгуульд хүч үзэхээр төрийн албанаасаа татгалзсан. Түүний оронд түр томилогдсон орлогч Л.Амарсанааг энэ байгууллагад ирснээс хойш л элдэв хэл ам хэрүүл тасарсангүй. Түүний хамгийн анхны шийдвэр хүртэл араасаа бөөн асуудал үүсгээд байна.
УБЕГ нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Харин Сонгуулийн ерөнхий хороо бол УИХ-ын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг улсын хэмжээнд эрхлэн зохион байгуулах үүрэгтэй, үйл ажиллагаагаа бие дааж, хамтын удирдлагын зарчмаар явуулдаг байнгын ажиллагаатай төрийн байгууллага. Энэ хоёр байгууллагын хоорондын үл ойлголцол ерөнхийдөө иргэний цахим үнэмлэхийг удахгүй болох сонгуульд ашиглах боломжгүй болгож орхижээ. Хоёулаа нийслэлд байрладаг.
УБЕГ-ын дарга Л.Амарсанаа орлон гүйцэтгэгч хэмээх албан тушаалтай байхдаа 2012 оны хоёрдугаар сарын 10-нд СЕХ-нд албан бичиг илгээжээ. Түүндээ манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа уялдаа холбоо, шуурхай ажиллагаа 2012 оны УИХ-ын сонгуульд нэн чухал гэж их л албархуу эхэлсэн байна. СЕХ-ны Сонгогчийн бүртгэлийг автоматжуулах арга хэмжээний тухай 4 дүгээр тогтоолд сонгуулийн техник хэрэгсэл нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт тус газрын төлөөллийг түлхүү оруулсан байна хэмээж /тус газар гэдэг нь УБЕГ/. Гэтэл Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд автоматжуулах техникийн худалдан авах нь СЕХ хариуцсан юм байна. Тиймээс ажлын хэсгийн шинэчлэн байгуулж, УБЕГ-ын төлөөллийн нэрийг хасах санал гаргажээ. Хамтран ажиллах ёстой гэхдээ танай хариуцсан ажил болохоор манайх хүнээ авъя. Амь амиа бодъё гэсэн утга бүхий албан бичиг илгээжээ.
Харин СЕХ-ны дарга Н.Лувсанжав албан бичиг илгээснээс зургаа хоногийн дараа хариу мэдэгдсэн байна. Сонгогчийн бүртгэл, нэрсийн жагсаалт гаргах, шалгах асуудлыг хариуцаж, нэгдсэн удирдлагаар хангах болсонтой холбогдуулж танай байгууллагын хүсэлтийн дагуу сонгогчийн бүртгэл, иргэний бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх техник хэрэгслийг сонгох ажлын хэсгийг байгуулсан. Одоо ажлын хэсгээс төлөөллөө татах хүсэлт гаргаж байгаагаас уг ажил зогсонги байдалд ороод байна. Иймээс шаардлагатай техник хэрэгслийг сонгож худалдаж авах ажлыг яаралтай зохион байгуулах шаардлагатай байна. УБЕГ-т холбогдох техник хэрэгсэлд тавигдах шаардлагыг яаралтай ирүүлэхийг хүссэн утгатай албан бичиг явуулсан байх юм.
Эндээс юу харагдаж байна вэ гэвэл аль хоёр сарын өмнөөс л бичиг цаас нааш цааш шидэлцэж, ойлголцолд хүрээгүй байх нь. Хамгийн хачирхалтай нь СЕХ-ныхон буруу машин авсан болж хэрэгт унав. Огт өөр машин авсан учир үүнд нь хурууны хээ уншдаг иргэний цахим үнэмлэх хэвлэж болохуйц болгохын тулд элдэв программ суулгаж их л ажиллагааг орох юм гэж УБЕГ-ынхан тайлбар тавих. Иймээс иргэний цахим үнэмлэх гээчийг УИХ-ын сонгуулийн дараа л ашиглаж болох боломжтой болно гэнэ билээ. Угтаа бол төрийн хоёр байгууллага хамтран ажиллаж чадсан бол ийм асуудал үүсэхгүй байжээ гэж хэн ч ойлгож болохоор. Сонгогчийн бүртгэлийг автоматжуулах ажлыг хариуцсан ажлын хэсгийнхнийг явцын дунд халж сольсоор байгаад анх байгуулагдсан бүрэлдэхүүн 90 хувь өөрчлөгдсөн байна. Анх энэ ажлын хэсэгт мэдээлэл технологийн хэлтсийг хариуцан ажиллаж буй н.Чинбат гэдэг хүнээс бусдыг өөрчилсөн аж. Ажлын хэсгээс төлөөллөө татсан УБЕГ-ын дарга Л.Амарсанаагийн эл үйлдлийг мэдээж МАН-тай нь холбох хүн олон. Эхнээсээ л энэ ажлыг явуургүй болгох гэсэн мэт үйлдэл гаргасан нь хэнд ч ойлгомжтой. Бүртгэлийн байгууллагынхан эхнээсээ л ажлын хэсэгт багтсан төлөөллөө татаж аваагүй шаардлагад нь нийцсэн машин авсан байх учиртайсан. Техникээ мэддэг ажилтан нь машин худалдаж авахад байсан бол таарсан, таараагүй техник авлаа гэж хошуу унжуулан суухгүй байх байж.
Чингэлтэй дүүргээс СЕХ, Сүхбаатар дүүрэг дэх УБЕГ-тай харилцахад тийм ч хүндрэлтэй бус баймаарсан. Ядаж л Л.Амарсанаа дарга, Н.Лувсанжав даргатай нүүр тулан уулзаж, ойлголцоход хэцүү биш санагдах юм. Төрийн байгууллагууд нэгэндээ ийм хүнд суртал гаргаж, алсын зайнаас ажиллаж байдаг юм чинь иргэдтэй бол бүр ч холоос харилцах нь арга ч үгүй биз ээ. Тиймээс УБЕГ-ын даргыг СЕХ-ны даргатай танилцуулах уулзалт зохиож, сонгуулийн бүртгэлийн асуудлаа цэгцэнд нь оруулах цаг болжээ.