Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГАДУУРХАГДАГСАД буюу 25, 45 насныхан

Эрт урьд биш өнөө цагт энэ нийгэмд хэрэггүй хэсэг бүлэг хүмүүсийн арми бий болох нь ээ. Биологийнхоо насаараа бол ид хийж бүтээдэг, ёстой л галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй хүмүүс л дээ, тэд. Гэвч харалган төрийн, ажлаа хийдэггүй эрхмүүдийн буянаар л ийм болчихоод байгаа юм. Энэ хүмүүс бол 25, 45 насныхан. Тэд нийгмийн ямар ч үйлчилгээ авах эрхгүй болчихоод байна. Өөрийнхөө хадгаламжийн дэвтрээс мөнгө авч болохгүй, эх орны хайр хишиг болох 21 мянган төгрөг, халамжийн мөнгө гээд авч болох бүхнээ авах эрхгүй болчихоод байгааг дарга нарт дуулгая. Үүнээс гадна төрийн үйлчилгээ авахад тун асуудалтай болчихжээ. Ер нь, тэдний өмнө бүх юм хаалттай. Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ ч эдэлж чадахгүй. Яагаад энэ хүмүүс нийгэмд тусдаа арми үүсгэхээр болчихоод байгааг учирлая. Монгол Улсын иргэн 25, 45 насандаа иргэний үнэмлэхээ шинэчлэх ёстой. Гэтэл энэ жил ухаалаг үнэмлэх хэвлэгдэхгүй байгаагаас дээрх насны иргэд нийгэмд хог шаар шиг болох нь. Иргэний үнэмлэхээ сунгуулах гэтэл нэг мөсөн иргэний ухаалаг үнэмлэх олгоно гэж Иргэний бүртгэлийн газрынхан тайл­барлах. Үүнээс болоод энэ хэсэг бүлэг хүмүүс хаданд хавчуулагдсан халиуны зулзага гэдэгчлэн ямар ч үйлчилгээ авч чадахгүй хохирсоор байна.
Магадгүй энэ хүмүүст сон­гууль огт хамаагүй болж мэдэх нь. Учир нь, энэ асуудлыг хариуцаж байгаа Ц.Нямдорж сайд “Иргэний ухаалаг үнэмлэх хэвлэгдэхгүй байгаа нь надад хамаагүй. Л.Болдын компани иргэний үнэмлэх хэвлэх эрхийг тен­дергүй авсан юм билээ. Тэгсэн мөртлөө ажлаа хийхгүй байна. Тэдэнд хариуцлага тооцож ажлаа хийж чадаагүй болохоор Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг буруутай. Түүнд хариуцлага тооцох ёстой” гэж бүлгийн хуралдаанд тайл­бар хийж гүрийнэ билээ. Ха­рин түүний эсрэг АН-ын дар­га Н.Алтанхуяг мэдээлэл хийж цахим үнэмлэхтэй бүх л баримт бичгийг ил болгож, хаана гацаад байгааг тайлбарласан. Харин одоо яг энэ ажлыг ахлаж байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Амарсанаагийн өгч байгаа мэдээллээр ерөөсөө л сонгуулиас өмнө иргэний цахим үнэмлэх хэвлэгдэж амжихгүй гэнэ. Шалтгаан нь, ухаалаг үнэмлэхний чип буюу тухайн иргэний бүх төрлийн мэдээллийг хадгалж байх ёстой ялтаст программчиллыг нь хийж дуусгаагүй байгаа аж. Үүнийг хийж байгаа компани нь хугацаагаа 14 хоногоор сунгахыг шаардаж л дээ. Өөрсдөө хийж чадахгүйгээс хойш хугацааг нь сунгахаас ч яах билээ дээ. Бас нэг шалтгаан нь, ухаалаг үнэмлэх хэвлүүлэх бэлдэцийг Франц улсын “Жемалто” компаниас зургадугаар сарын сүүлчээр авчирна гэх. Бэлдэц авч ирээд ухаалаг үнэмлэх хэвлээд иргэдэд тараахад бараг л наадамтай золгох гэнэ. Тэгэхээр наадам болтол 25, 45 насныхан Монгол Улсын иргэн эсэх нь эргэлзээтэй байсаар байх нь.  Иргэний үнэмлэхгүй хэнд ч төрийн байгууллагаас эхлээд банк гээд бусад үйлчилгээний газар үйлчилгээ үзүүлдэггүй. Нэг ёсондоо 25, 45 нас нь энэ жил тохиож буй хүмүүсийн хувьд тун ч азгүй үе нь бололтой. Ёстой мэнгэ нь голлосон жил аж. Энэ насныхан нийгмийн гологдол болж хувирлаа гэсэн үг.
Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чаддаггүй юм аа гэхэд ядаж улсаас өгч байгаа эх орны хишгийг нь хүртчихмээр байх юм, дарга нар аа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан