Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ү.ГАНБОЛД: НЭМЖ ХОРОО БАЙГУУЛАХГҮЙ. НИЙСЛЭЛД 152 БАЙГАА НЬ ХАНГАЛТТАЙ

Хороодод шилжилт хөдөлгөөн хийхийг зогсоосон гэж буцааж байна хэмээн иргэд ярьж байна. Энэ талаар НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдоос тодрууллаа.

-Хоёр сарын дараа сонгууль болох гэж буйтай холбогдуулан хороод шилжилт хөдөлгөөн хийхгүй байна гэх юм?
-Тийм байх ёсгүй дээ. Иргэд баримттай ярих хэрэгтэй. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д зааснаар сонгогч өөрийн оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгнө гэж заасан байдаг. Сонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс 30 хоногийн өмнө зогсоох бөгөөд хэсгийн хороо санал авах өдрөөс 30 хоногийн дотор аливаа сонгогчийн шилжилтийг бүртгэхийг хориглоно гэж заасан байдаг.
-Тэгэхээр иргэн санал авах өдрөөс 30 хоногийн өмнө шилжих бол яах вэ. Ийм асуудал гардаг шүү дээ?
-Би сонгуулийн төв хорооны ажилтан биш шүү дээ. Ямар ч гэсэн Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгогч санал авах өдрөөс 30 хоногийн өмнө шилжих бол албан ажил, эрүүл мэндийн зэрэг үндэслэл бүхий хүсэлтээ өөрийн байнга оршин суугаа газрын харьяа хэсгийн хороонд бичгээр гаргана. Харин хэсгийн хороо нь энэ тухай улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ гэж байдаг. Тэгэхээр энэ дагуу л явна шүү дээ.
-Нийслэлд шилжин ирэгсэд нэмэгдсэнээс өнгөрсөн хугацаанд 20 гаруй хороо шинээр байгуулсан байх аа?
-22 хороо нэмж байгуулагдсан. 2008 оноос хойшхи  гуравхан жилийн дотор нийслэлд шилжин ирэгсдийн тоо 130 мянга болсон байсан. Энэ нь хороонд ажиллаж байгаа албан хаагчдын ажлын ачаалал эрс  нэмэгдэж,  иргэдэд хүрэх төрийн ажлын хүртээмж багасахад нөлөөлсөн.
Учир нь, нийслэлийн 132 хорооны 41 хороо нь 10 мянгаас дээш хүн амтай болсон байсан. Тиймээс 22 хороо шинээр байгуулах шаардлагатай гэж үзсэн. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт 13, Сонгинохайрханд 12 хороо нэмж байгуулсан. Одоо нийслэл 152 хороотой болсноор төрийн үйлчилгээ иргэдэд шуурхай очиж байна.
-Нийслэлийн статистикийн газрын судал­­­гаагаар Улаан­баатарын хүн амын өсөлт улсын дунджаас бараг дөрөв дахин өндөр байгаа нь хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөнтэй холбоотой гэж байсан. Тэгэхээр нэмж хороо байгуулах уу?
-Одоо нэмж хороо байгуулахгүй. Нийслэлд 152 хороо байгаа нь хангалттай гэж үзсэн. Шинээр байгуулагдсан хороодын ажил цэгцэрчихсэн. Цогцол­бор хэлбэрээр буюу өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсэгтэй байхаар 2011 онд төсөв хөрөнгийг нь батлан дийлэнх хороод шинэ байрандаа орсон. Ажил нь жигдэрчихсэн, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна.
-Нэг хороо хэдэн хүнтэй байх ёстой юм бэ. Тийм дүрэм журам байдаг уу?
-Тогтсон норм гэсэн юм байхгүй. Хотод дунджаар сая 200 мянган хүн ажиллаж, амьдарч байна. Нэг хороо дунджаар 8000 хүнтэй. Урьд нь 132 хороо байхад дунджаар 9000, зарим нь 20 мянган хүнтэй байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан