Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Батсуурь: Нэг км замын өртөг 530 сая төгрөг, гэхдээ...


Чингис бондын хөрөнгийг авто замын бүтээн байгуулалтад зарцуулсан нь цөөнгүй хүний шүүмжлэл хүлээж, Засгийн газрыг буруутгах шалтгаан болсон. Өндөр үнэтэй, чанар муутай авто зам барьж, ашгаа өгөхгүй ажил хийлээ гэх нь олонтаа. Тэгвэл үнэн хэрэгтээ замын өртөг, үнэ ханш хэрхэн бүтдэг, үнэхээр алдагдалтай байдаг эсэхийг нь ажлыг гардан гүйцэтгэж буй эрхмээс тодруулан ярилцлаа. Тэр бол Зам, тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга Н.Батсуурь юм.

-Манай улсад авто зам барилгын ажлыг хийж гүйцэтгэх явц дараалал юунаас эхэлдэг юм бол?
-Ер нь, авто зам гэдэг бол техник эдийн засгийн үндэслэлээс эхэлнэ. ТЭЗҮ гэж 3-4 хувилбар боловсруулж, түүнээсээ хамгийн ашигтайг нь сонгож замаа барина. Хоёрдугаарт, хийц бүтээц нь бүгдээрээ тодорхой тооцооноос хамаарч гардаг юм. Тэр замаар хэчнээн тоннын даацтай, хэдэн ширхэг автомашин, ямар хугацаанд дамжин өнгөрөх вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай. Тухайн машины тэнхлэгийн даац гэдэг зүйлээс хамаарч, хөдөлгөөний эрчмийн одоогийн тооцоог 20 жилийн дараагаар бодож гаргадаг юм. Ингэсний дараа замын суурь болон асфальтан хучилт ямар зузаантай байх вэ гэдэг нь тооцооны үндсэнд бий болно. Манай улсын хувьд авто тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага гэдэг зүйл бий. Энэ стандартаар нэг тэнхлэг дээрх ачаалал 11 тонн, нийт бүрэн жингээрээ 44 тонн байх ёстой гээд заачихсан. Хамгийн урт буюу зургаан тэнхлэгтэй машин гэхэд 44 тонн хүрдэг гэсэн үг. Үүнээс илүү жинтэй болон урт, өргөнөөрөө илүү авто тээврийн хэрэгсэл нь манай улсад стандартын бус тээврийн хэрэгсэлд тооцогддог. Тэгэхээр зам барилгын ажил гүйцэтгэхдээ энэ стандартаа баримтлаад бүх зүйлээ тооцоолж байдаг.

Ингээд замын хийц гаргасны дараа өртгийг нь тодорхой болгох ажил эхэлнэ. Төсөв тогтооход зориулсан Зам барилгын ажлын  төсөв тооцох заавар гэдэг баримтлах зүйл байдаг. Яаж тооцох аргачлал, дарааллыг эндээс хараад хийчихдэг бол төсвөө илүү нарийн гаргахад төсвийн нормын үнэлгээ шаардлагатай. Жишээлбэл, нэг шоо метр шороо ухаж гаргаад, зөөж авчраад, тарааж тэгшлэхэд ямар техник, хэчнээн цагаар ажиллах вэ гэдэг норм бий. Ийм нормын дагуу төсөв, үнэлгээгээ тодорхой болгож, баталдаг юм.

-Тооцоолол, судалгааны дүнд хэрхэн хийх нь гараад ирлээ. Тэгвэл үнийн тухайд тодруулахгүй юу, нэг км авто зам хэдэн төгрөгт босдог вэ?
-2013 оны хувьд бид 515-530 сая төгрөгт нэгж км замын өртгийг тооцож гаргасан. Энэ бол долоон метр өргөнтэй, таван см зузаан асфальтан хучилттай замын дундаж өртөг. Ийм өртгөөр тооцоод үзвэл нийт төсвийн 73.4 хувь нь шууд зардал юм. Өөрөөр хэлбэл, барилга, бүтээн байгуулалт хийхэд шингэж буй зарлага бүгд багтана. 8.5 хувь нь нэмэгдэл зардал. Тухайн компанийн бага зэргийн ашиг, удирдлагын зардал, тээврийн нэмэгдэл гэхчлэн эндээ багтдаг. Харин 18.8 хувь нь бусад зардалдаа орчихно. Үүнд, нэмүү өртгийн албан татвар болон бусад татвар ордог, магадлалтай ажлын үед зарцуулах төсөв, захиалагчийн хяналтын зардал зэрэг нь багтдаг.

Товчхондоо, нэг км зам барьж байгуулах ажилд зарцуулах төсвийн 73 хувь нь шууд замын ажилдаа зориулагддаг байх нь. Энэ шууд зардлынх нь 5.8 хувийг цалинд зарцуулж байгаа юм. Дараагийн зүйл нь ажилчдын нийгмийн даатгал болон бусад шимтгэлийн зардал шууд зардлын 0.8 хувийг эзэлдэг. Машин ашиглалтын болон тээврийн зардлыг хамтад нь авч үзэхэд 25.5 хувьд хүрч байгаа. Өөрөөр хэлбэл, засвар үйлчилгээ, тээвэрлэлт, шатахуун түлш авах мөнгө нь нэлээд хувь нь байна. Үүнээс илүү хэмжээтэй буюу 37.8 хувь бол материалын зардал. Цемент, арматур, битум, бетон гэхчлэн шаардлагатай бүхний зардал ийм хэмжээтэй. Үүний дээр багаж хэрэгслийн элэгдэл 0.1 хувь, нүүлгэн шилжүүлэлт, зөөж тээвэрлэхэд 3.5 хувийн хөрөнгө зарцуулдаг. Иймэрхүү бүтцээр л зам барилгын ажлын шууд бүтээн байгуулалт өрнөдөг байх нь.

Бид машин ашиглалтын зардлаа судалж, задаргаа хийж нэгж машины цагийн үнийг гаргаж ирдэг. Нэг цагийн хугацаанд тухайн машин ажиллаад, шороогоо тараах, нягтруулах, тэгшилж дуусахад хэчнээн төгрөгийн зардал гаргаж байгааг тооцно. Тэр бүрийг төсвийн норм үнэлгээнээс авч тооцоолоод нэг цагт яг хэдэн төгрөгийн зардал гаргах нь тодорхой болдог. Энэ маань 2010 оны үнээр тооцогдож байгаа. Гэвч эдгээр нь хятад техник хэрэгслийн ажиллах хүч, чадалд үндэслэн батлагдсан байдаг юм. Сүүлийн үед герман болон бусад хөгжингүй орны шинэ технологи Монголд нэвтэрч зам барилгад ашиглах болсон. Тэгэхээр түүнд шаардлагатай ажлын хөлс, бүтээмжийн судалгаа бүхий жишиг үнэ хэрэгтэй. Үүнийг тооцож, судлаад дуусгахад батлахад бэлэн болгочихсон байгаа. Ер нь, машин цагийн үнэ нь тухайн машины өөрийнх нь өртөг, үнээс ихээхэн хамаардаг. Хэр зэрэг үнэтэй машинаар зам барина тухайн байгууламжийн зардал, ханш, бүтээмж төдий хэрээр өндөр байх жишээтэй.

-Ер нь, зардлын нэлээд хэсгийг материалд зориулдаг гэдэг. Энэ хэчнээн хувийг эзэлдэг бол?
-Асфальтан хучилттай замд ашигладаг хамгийн гол түүхий эд бол битум. Өнөөгийн байдлаар манай улс ОХУ-аас л битум худалдан авч, импортолдог шүү дээ. БНЗ-90 130 нэрийн битумыг Оросоос авдаг байсан, одоо ч тийм. Гэтэл хөгжсөн оронд тухайн зам байрлах бүс нутаг, газар орчны өөрийнх температур, уур амьсгалаас хамаарч битумаа сонгодог болж. Зундаа хэдэн хэм хүртэл халж, өвөлдөө -40 хэм хүйтэрч байгаа бол түүнд зохицсон битум авна гэсэн үг. Битум дээр нэмэлт хийгээд орчинд нь зохицуулдаг. Жишээ нь, өвөл их хүйтэрдэг бол тусгай бодис нэмээд маш сайн сунадаг болгож байхад зун нь их халдаг газарт мөн л тусгай бодисоор илүү нягтаршуулах ёстой.
Өнгөрсөн жилээс эхлээд Шинэчлэлийн Засгийн газар авто замын хяналт, эрдэм шинжилгээ судалгааны лаборатори байгуулсан. Энэ лаборатори дээр хэлсэнчлэн бүс, нутгийн онцлогт тохирсон битум, асфальт бий болгох үүрэгтэй. Манай яаманд Монгол орны бүс нутаг, уур амьсгалын бүсчлэл бий болгосон. Хавар хаана, хэдэн сард цастай хүйтэн байх, зундаа хэр халахыг урьдчилан тооцоод түүнд зохицсон битумын тусгай бодис хийчихье гэхээр одоо байгаа үнэ нь бараг хоёр дахин өсчихөөд байдаг. Сайжруулсан битум гэдэг аргачлал руу Монгол Улс орох нь гарцаагүй. Орохгүй гэвэл дэд бүтэц хоцрогдоод улам их алдагдал хүлээнэ шүү дээ. Тэгээд орлоо гэхэд замын үнэ тодорхой хэмжээгээр өсч л байгаа юм, цаанаасаа шаардагдаж буй нөхцөл.

-Өнөөдөр дагаж мөрдөж буй заавар, тарифыг хэт багаар үнэлдэг гэж зам барилгын компаниуд гомдоллодог. Өөрөөр хэлбэл, нэг км-ыг 530 сая төгрөгөөр тооцдог төсөв багадаад байна гэсэн үг байх?
-Тийм ээ. Жишээ нь, ажилчдын цалинг тооцохдоо аль 2009 онд батлагдсан тарифаар л бодож, цалин олгож, төсвийн тооцоогоо баталж байна. Тэгэхээр цалингийн тариф өсвөл өнөөх зам барилгын зардал нь нэмэгдэнэ гэсэн үг. Бид дээрх тарифыг шинэчлэхээр төлөвлөгөө гаргаад, судалгаа тооцоогоо дуусгаад батлахад бэлэн болгочихсон. Гагцхүү баталчихвал үнэ, төсөв, зардал нь нэмэгдчих гээд байгаа учраас хүлээзнэж байна. Энэ шинэчилсэн тарифыг зайлшгүй батална. Үүнээс гадна үнэд хамааралтай нэг нөлөөлөл нь зах зээлийн үнэ ханшийн асуудал. Өнөөдөр гэрээ байгуулаад ажлын төсөв өртгөө тооцлоо гэхэд ам.долларын ханш маш их савалж байгаа. Гэтэл замын гол түүхий эд битум нь импортын бүтээгдэхүүн шүү дээ. Ингэхээр өнөөдрийн үнэ хойтон жил шал өөр болоод гарч ирэхийг хэлэхэд бэрх. Үүнээс болж тооцогдоогүй үнийн зөрүү гарч компани, байгууллагад хүндрэл үүсэх нь бий. Тиймээс удахгүй батлуулах гэж байгаа төсвийн тооцооллын зааварт үнийн магадгүй зардал гэдэг зүйл шинээр нэмсэн. Хэрэв сая хэлсэн шиг гаднах хүчин зүйлээс хамаарч зардал өсөх, үнэ өөрчлөгдөх улмаар ажил зогсох нөхцөл нүүрлэвэл тусгай сангаас нэмэлт хөрөнгө гаргадаг болно. Ажил ч цаг хугацаандаа, шуурхай дуусч байхаар тооцсон.

-Өнгөрсөн хугацаанд замын чанар болон бусад асуудлаар Засгийн газрын “шинэчлэлийн” гэх онцлогт нийцсэн ямар ажил хийсэн бэ?
-Зөвлөх компани ажиллуулдаг болсон явдал. Юун түрүүнд замын ажилд хяналт тавьж ажиллах болно. Төсвөө хэр үнэн зөв зарцуулдаг, шаардлагатай тоног төхөөрөмж байгаа эсэх, стандарт, зургийн дагуу хийцээ гүйцэтгэдэг үгүйг нь зөвлөх компани хянах болсон юм. Урьд нь, хэдхэн инженер л цөөхөн удаа газар дээр нь очиж шалгасан болоод л өнгөрдөг байсан бол одоо бүхэл бүтэн байгууллага томилсон. Эргээд хариуцлагын  асуудал ярихад ч амар болсон, хариуцсан зам нь цөөхөн учраас хяналт ч ойрхон давтамжтай, чанартай болсон. Одоо Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар санхүүжиж, хэрэгжиж буй бүх замын ажилд дотоодын компани хяналт тавин ажиллаж байна. Үүнийгээ дагаад бидний зүгээс замын ажилтай холбоотой гэрээгээ хүртэл чанартай хийдэг болсон гэсэн үг.

-Замын үнэ ханшийн яриандаа эргээд оръё. Монголд зам барьж буй үнийг олон улсынхтай харьцуулахад ямар байдаг бол?
-Зам барилгын ажлын үнэ ханш, төсөвт өртгийг ерөнхийд нь дунджаар гаргаж ирж байгаа ч дээр хэлсэнчлэн газрын нөхцөл, хийц бүтээмж, ашиглах техник зэргээс хамаарч үнэ ханш нь өөр өөр гарч байдгийг анхаарах хэрэгтэй. Герман улсад ашиглагдаж буй замын хийц, техник технологийн үнэ маш өндөр. Монголын стандартаар долоон метр өргөнтэй замаар тооцоход нэг км нь 2.5 сая евро байх жишээтэй. Гэхдээ энд асфальт нь манайхаас тав дахин их буюу 25 см зузаанаар тооцсон. Манай үнэ рүү оруулаад ирэхээр хавьгүй доогуур ханштай болчихоод байгаа. Тэгэхээр цаашид замын үнийг өсгөх нь зүйн хэрэг, төдий хэрээр зам барилгын компаниудаа босгож авах шаардлагатай.

-Зам барилгад ашигладаг өөр нэг түүхий эд бол шороо шүү дээ. Үүнийг ухаж, тээвэрлэхэд дунджаар хэдий хэр зардал гардаг вэ?
-Карьер буюу шороон ордыг түгээмэл тархацтай ашигт малтмал гэж нэрлээд байгаа. Монголын газар нутаг дахь шороон ордын чанар нь олон улстай харьцуулахад илүү сайн, олдоц ихтэй байдаг учраас харьцангуй хямд л даа. Гэвч сум, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хийгээд шорооны үнийг маш өндөр тогтоочих нь бий. Нэг шоо метрийг нь 2000 төгрөгөөс илүү тогтоочихдог. Нарийндаа бодоод үзвэл тэр шороог зөөгөөд хил давуулаагүй, тухайн нутгаас авч яваад худалдчихаагүй, газар нутгийг нь ухаж сэндийлээд орхиогүй шүү дээ. Харин ч нутаг орны дэд бүтэц, зам харилцааг сайжруулахад, тэр нутгийн ард олны л төлөө зарцуулж буй хэрэг. Тиймээс түгээмэл тархацтай ашигт малтмалын үнийг чөлөөлж аль болох бүтээн байгуулалтын ажлыг дэмжих хэрэгтэй юм. Тэгээд ирэхэд замын үнэ буурна л гэсэн үг.

-Та бид хоёр түрүүнээс хойш үнэ өснө, нэмэгдэх ёстой гэж ярилаа. Чухам хэдэн төгрөг хүрч байж замын чанар сая сайжрах бол?
-Өнгөрсөн жил бид Монголд зам барилгын ажил гүйцэтгэхэд гарч буй зардлыг бодит байдалд судалж, тооцоолж үзсэн. Мэдээж газрын онцлог, далан нь өндөр нам байх, хиймэл байгууламж хоолой их, бага байдаг ч дунджаар авч үзсэн. Ингэснээр эхний ээлжинд өсгөх шаардлагатай замын зардлын хэмжээ гарч ирнэ. Тодруулбал, нэг метр өндөр далантай замыг сайжруулсан битумаа оруулаад байгуулахад өнөөдрийн хийцээр км бүрийг 970 сая төгрөгт төсөвлөж барих юм гэдэг дүн гарсан. Одоо баримталж байгаагаас бараг хоёр дахин нэмэгдсэн шүү дээ. Энд хамгийн гол нь чанар маш сайн байх ёстой гэдгийг анхны шалгуур болгосон.

-Замын үнэ, тарифтай холбоотой төслөө батлуулахад бэлэн болсон гэлээ. Энэ батлагдаад хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Шат дараатай хэрэгжих үү, шууд тэр өдрөөсөө юү?
-Юутай ч, төсөл гэхээсээ илүү бодит амьдрал дээрх шаардлагаа л дагаж боловсруулсан зүйл шүү дээ.  Үүний дагуу үнэ батлахаас илүү чөлөөлж байна гэвэл зохимжтой. Түүнийг дагаад хэрэглэж буй материал сайжирна, ашигладаг технологи сайн болох ёстой юм. Дээр нь, тухайн замын хийц өөрчлөгдөх шаардлага үүснэ. Хэрэв шинэ үнэ зөвшөөрөгдөх л юм бол ердөө маргаашнаас нь л дагаж мөрдөөд эхэлнэ гэсэн үг. Үнэхээр олон улсын чанарт нийцсэн, эвдрэл гэмтэл багатай, сайхан замаар зорчъё гэвэл барилгын ажлын үнийг нэмэх ёстой. Энэ бол амьдралаас урган гарч буй шаардлага юм.

-Хөрөнгө мөнгөө авто замд зориулахаас илүү хурдан ашиг өгөх төсөлд зориулах байсан юм гэж хэлдэг хүмүүст мэргэжлийн хүний хувьд тайлбар өгөхгүй юү?
-Өнөөдөр аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбож байгаа. Үүнийг зарим хүн шүүмжилж, үр өгөөж, ашгаа өгөхгүй зам руу хөрөнгө оруулалт хийлээ, 10, 20-хон мянган хүнд зам барьж өглөө гэдэг. Үнэхээр манай орны зам хөдөлгөөн багатайг бүгд мэднэ. Гэвч замаас хэрхэн ашиг гардаг гэхээр тухайн замаар холбож буй сум, суурин газар, аймгийн төвийн хөгжлөөр үнэлэгддэг юм. Тэнд очиж буй бараа бүтээгдэхүүн, хүнсний сонголт их, өрсөлдөөнтэй, үнийн хувьд замаар холбогдоогүй бусад газраасаа хямд байх жишээтэй. Иргэдийн амьжиргааны төвшин нь хүртэл шал ондоо л байдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл, арилжаа наймаа шиг илэрхий ашиг мэдэгдэхгүй далд утгаараа ач тусаа өгсөөр байдаг. Тэр ч бүү хэл замын ажил дуусч нээгдсэний маргаашаас л ашгаа өгдөг хэрэг юм шүү гэдгийг тайлбарлахыг хүсч байна.

0 Сэтгэгдэл
hutsdag haltar ve 530 say bol dunguj 60 70 huvid l tentsene dor hayj 800 say bgaa
530 sayaiin hedeen huvi avilgal baidag tuhai yagaad yarisangui ve? ta nariin avilgal 20 huvi ashig 25 ajiliin zardal 10 huvi uldsen ni material tehnik baidag geed yagaad helj chadsangui ve chi
Хамгийн их уншсан