Ийн бодож зогсох энэ хүүхдийн буруу гэж юу байхав дээ.
Улаанбаатарчууд нэгэн цагт Хан Богд аав, хатан Туул ээж минь хэмээн уул усаа эцэг эхтэйгээ жишин хүндэтгэж байсан бус уу. Гэвч бидний амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ маань өнөөдөр эмгэнэлтэй гэхэд дэндүү эмгэнэлтэй болжээ. Туул гол маань хэд хэдэн газартаа татарч, хатсан хайрга, сайр үлдээд буйг хүн бүр хараад гасалж сууна. Хотын иргэд бүгд л хан аавынхаа өвөрт, хатан ээжийнхээ энгэрт эрхлэн эрэг дээр нь тоглож, усанд нь умбаж, шумбан өссөн нь үнэн билээ. Харамсалтай нь, бидний үр хүүхдэд тийм боломж олдохгүй нь. Найрагч агсан Ш.Уянга “…Туулынхаа уснаас уусаар суугаа хэрнээ тун ч их санах юм даа эх орноо би” хэмээн шүлэглэсэн байдаг нь санаанд тодхон үлджээ. Тэгвэл бидний үр хүүхэд найрагчийнх шиг эх оронч мэдрэмжийг хаанаас олж авах болж байна вэ гэж бодогдох. Ирээдүй минь биднээс их зүйлийг асуух нь тодорхой. Харин хариулт нь юу байх вэ. Бидэнд Туулын дүр зураг найрагчийн үгтэй хамт түүх болон үлдэх цаг айсуй.
Үнэндээ Туул гол энэ жил анх удаагаа тасарсан хэрэг биш л дээ. Аль 2002 оноос хойш жил бүрийн хавар их бага хэмжээгээр тасарч эхэлсэн. Гэхдээ энэ жилийнх шиг хэдэн километрээр тасарч байгаагүй аж. 1961 онд нэг хөндлөн огтлолоор гарах Туулын урсац 124 метр куб, секунд байсан бол өнөөдөр хэвийн урсахдаа 25 метр куб,секунд байгаа юм. Тав дахин багасчээ. 2030 он гэхэд дэлхийн дулаарал даруй 0.5 хэмээр нэмэгдэнэ хэмээн судлаачид тооцсон. Хэрэв энэ үнэн бол ойрын жилүүдэд Туулын урсац дахин 10 хувиар багасна гэх тооцоог мэргэжилтнүүд хийж байгаа юм.
Юутай ч нүднээс гарч нүүрээ буруулсан хатан ээжийг өчигдөр салбарын сайд нь очиж эргэлээ. Бодлого, эхлүүлсэн ажил, Туулыг сэргээх боломж, тулгарч буй бэрхшээл гээд бүхнийг ний нуугүй тоочсон болохоор хатан ээжийн савдаг хоромхон ч гэсэн тайтгараа биз ээ. Албаныхан болон сайдын аманд дуу хураагуур тулгасан сэтгүүлчид товчхондоо Туулыг оршуулах уу, амьдруулах уу гэх асуултад хариу нэхэж байв. Хүн бүр гайхаж, харуусч, ирээдүйдээ зовниж байхад бүх юм “OK” гэх албаны хүн ч байх аж. Туул голын ай савын зөвлөлийн газрын нарийн бичгийн дарга Я.Цэдэнбалжир “Туул тасарч, багасах болсон үндсэн шалтгаан нь дэлхийн дулаарал. Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй. Туул экологийн гол. Энд хэрэглээ байхгүй. Тэр тусмаа хүн амын ундны хэрэглээ бүр байхгүй. Одоо бид байгалийн хүчин зүйлийг хүлээн зөвшөөрч зохицон амьдрах цаг үе ирлээ. Туулын ус багассан нь газар доорхи ундны усанд ямар ч нөлөө үзүүлэхгүй. 248 куб ундарга буурна гэж байхгүй” хэмээн хээв нэг хэлээд зогсч байх юм. Харин сайд хариуд нь нэлээд хатуухан үг хэлээд авна лээ. Тэрээр “Бидний хандлага буруу байна. Туул ингээд татарчихаад байхад дэлхийн дулаарлаас болж байгаа юм аа гээд бурхантай холбоод олон нийтийг тайвшруулдаг цаг биш ээ. Би жаахан хүүхэд байхдаа Туул, Сэлбийн эрэг дээр тоглож өссөн. Хавартаа татардаггүй байсан. Хүний үйл ажиллагаа, хүчин зүйл хамгийн их нөлөөлж байгаа юм шүү. Үүнд төр эсвэл дэлхийн дулаарал буруутай хэмээн бурханд бурууг тохож болохгүй. Бид буруутай юм шүү дээ” хэмээсэн юм.
Хатан ээжийн хатаж ширгэсэн мөр дээр албаныхан юу ярьсныг хүргэе.
Д.Цогтбаатар: Туулаа аврахад 700 тэрбум төгрөг хэрэгтэй
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар сэтгүүлчдийн асуултад дараах хариуг өгөв.
-Туул тасарсан гол шалтгаан нь дэлхийн дулаарал хэмээн тайлбарлахыг та сонслоо. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Дэлхий дулаарч, хуурайшилт нэмэгдэж, үүнийг дагаад ууршилт явж байгаа нь үнэн. Гэхдээ хамгийн том нөлөөлдөг хүчин зүйл нь хүний үйл ажиллагаа, төвлөрөл юм. Маш богино хугацаанд хотын хүн ам 500 мянгаас 1 сая 200 мянга хүрлээ. Зөвхөн орон сууцанд амьдарч байгаа нь 400 мянга гэж тооцвол, тэдний нэг нь л өдөрт 250 литр ус хэрэглэдэг гэвэл өдөртөө 100 тэрбум литр ус үгүй болж байна гэсэн үг. Энэ ачааллыг байгаль, бид ч тооцоолоогүй. Туул гол дагуу хот байгуулахдаа хүн ам ингэж өснө гэж тооцоогүй. Энэ бол хүний үйл ажиллагаатай холбоотой. Одоо Улаанбаатар улам бүр тэлж байна. Би зөвхөн орон сууцанд амьдарч байгаа 400 мянган иргэний тухай ярилаа. Гэтэл цаана нь 800 мянган иргэн гэр хороололд амьдарч байна. Тэд байранд орвол яах вэ. Зөвхөн иргэдийн ахуйн хэрэглээний усны тухай ярихад ийм. 20 мянган аж ахуйн нэгж байгууллага, таван цахилгаан станц бүгд нийлээд Туулын байгалиас өгөгдсөн даацыг хэтрүүлж байна. Тиймээс л өнөөдрийн эмгэнэлт байдалд хүрлээ. Нийслэлчүүд гүний усаа хайр найргүй хэрэглэж байгаа нь Туулын усны төвшинд нөлөөлсөн нь гарцаагүй.
-Гүний усны хэрэглээг багасгах хэрэгтэй гэсэн үг үү?
-Би эртнээс гүний усаа ундны хэрэгцээнээс бусад тохиолдолд хэрэглэхээ больё гэж хэлж байгаа. Ядаж үйлдвэр, аж ахуйн нэгжүүд гүний бус гадаргын ус ашигладаг болохгүй л юм бол Туулаа бид дахиж харахгүй. Улаанбаатарт 20 мянган аж ахуйн нэгж байгууллага бий. Дөрвөн цахилгаан станц гэхэд л дөрвүүлээ гүний усаар ажилладаг. Саяхан би Өмнөговь аймагт очоод гадаадын байгууллагуудыг нэлээд зэмлэсэн. Гэтэл манай дөрвөн том цахилгаан станц тэднээс дутахааргүй гүний усаа эргүүлж ашиглахгүй байна. Тодорхой хэмжээнд эхлүүлж байгааг үгүйсгэхгүй л дээ. Үйлдвэрийн газрууд усаа дахин ашиглах тэргүүний технологи нэвтрүүлэх хэрэгтэй. Өөрчлөлт хийх цаг нь болсон.
-Яаж өөрчлөлт хийх вэ. Туулыг хамгаалах сэргээх ямар боломж байна вэ?
-Туул голын хамгаалалтын захиргаа байгуулах хэрэгтэй. Тусгай хамгаалалтын газар гэхчлэн олон захиргаа байгуулсан хэрнээ Улаанбаатар орших уу эс орших уу гэдгийг шийдэх асуудал дээр тулсан Туул голын захиргааг өнөөдөр байгуулаагүй явж байна. Ийм захиргаа байхгүй байна аа гэдэг нь өдөр тутам бидний чихэнд хонх уяж, энэ Туул дээр мөнгө батлаад өгөөч ээ, ийм хоёрын хооронд мөнгөөр чинь юу ч хийж болохгүй байна аа гэдгийг сануулан хэлээд өгөх байгууллага байхгүй гэсэн үг. Туулыг устай байлгах үндсэн үүрэгтэй байгууллага хэрэгтэй.
-Туулыг аврахад хэр их хөрөнгө шаардлагатай вэ ?
-Надад ирсэн тооцоо судалгаагаар Туулыг сэргээхэд 700-аад тэрбум төгрөг хэрэгтэй. Тэгэхээр усны газрынхан, яамны мэргэжилтнүүддээ маш хурдан санал боловсруул гэсэн үүрэг өгөх гэж байна. Улаанбаатар хотоос сонгогдож байгаа гишүүд тойрогтоо зарцуул гэж төсвөөс өгч байгаа мөнгөө Туулыг сэргээхэд зарцуулаач. Ийм байдлаар таван жил яваад үзье. Тэгвэл багагүй мөнгөн хуримтлал бий болно. 700-аад тэрбумаар маш том бүтээн байгуулалт хийнэ. Үүнийг нэг жилийн дотор хэн ч хийхгүй. Тэртээ тэргүй 5, 6 жилээр том хөтөлбөр хийх хэрэгцээтэй болно. Тийм учраас гишүүд хуримтлал бий болгож өгөх нь далайд дусал нэмэрлэсэн хэрэг. Тэр дуслаас л дараа дараагийн том эх үүсвэр бий болно. Хажуугаар нь гадны эх сурвалжуудаас хамтран мөнгө хайцгаая. Бүх боломжийн эх үүсвэрийг судалж энэ мөнгөө яаралтай босгоё.
-Дараа нь юу хийх вэ?
-Хөрөнгө мөнгөө бий болгочихвол Туулын эх дээр далан байгуулж, усан сан бий болгох нь зүйтэй. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад зориулж Туулын урсац бүрэлдэх эхээс маш их буюу 3200 га талбайн модыг огтолсон. Үлдсэн хэсэг нь хортон шавьжид идүүлсэн шүү дээ. Үүнийг сэргээе. Тужийн нарсны 15 мянган га газрыг дахин моджуулж сэргээж чадсан юм чинь Туулын эхэнд байгаа тав дахин жижиг газрыг сэргээж чадах ёстой. Гол нь улс төрийн хангалттай анхаарал дэмжлэг хэрэгтэй байна. Холбогдох байгууллагуудтайгаа яг энэ асуудлыг ярьж, Хатан Туул хөтөлбар, Туулын цогцолборыг ажил хэрэг болгох хэрэгтэй байна.
-Нарийн судалгаа төлөвлөгөө бий юү?
-Судалгаа маш их байдаг. Үйл ажиллагаа л дутаад байгаа юм. Улс төрийн анхаарал дутаж байна. Анхаарал дутаж байгаагаас Туул ширгэх нь. Анхаарах цаг болсон. Би холбогдох байгууллагууддаа Туул голын тусгай захиргаа байгуулах, шаардлагатай мөнгөний тооцоог улам нарийвчилж гаргах үүрэг өглөө. Ийм байдлаар цаашаа явж болохгүй.
П.Бадамдорж: Оройтвол тэр хэрээр хохирол амсана
Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга П.Бадамдоржоос цөөн асуултад хариу авлаа.
-Туул голыг хамгаалах ажилд 650 тэрбум төгрөг зарцуулсан гэх яриа бий. Тэр мөнгөний үр дүн хаана байна вэ?
-650 тэрбум гэж хаанаас гарсан тоо вэ гэдгийг мэдэхгүй байна. Тийм хөрөнгө зарцуулсан юм байхгүй. 30 жилийн өмнө Туулын цогцолбор байгуулахгүй бол 30 жилийн дараа ийм байдалд орно гэдгийг урьдчилан тооцсон нь одоо ч цагаан дээр хараар бичээстэй байдаг. Тухайн үед хөрөнгө мөнгөний бололцоо алга. Нэг хүнд ногдох хэрэглээгээ багасгах замаар хотын ундны усны асуудлыг шийдвэрлэе гээд хойшлуулсан. Тухайн үед цогцолбор барихаар ярьж байсан Гацууртын эх одоо суурьшлын бүс болоод байна.
-Таны бодлоор Туулыг аврахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Бид боомт байгуулж Туул голоо эхлээд хамгаалах хэрэгтэй. Өөрийг нь хамгаална гэдэг маань зуны үер, өвлийн цасыг хуримтлуулж, татарчихсан үед нь урсацыг нь тавих замаар байнгын урсац бий болгох боломжтой. Цогцолбор байгуулахад шаардагдах хөрөнгө, дэд хөтөлбөрийн төслийг шийдвэр гаргах төвшинд өргөн барьсан. Улаанбаатарт айл өрхүүд 3000 гаруй гүний худаг гаргаад байна. Авч байгаа сав нь нэг гэсэн үг. Үүн дээр ямар ч зохицуулалт алга. Бид утааны асуудалд хөрөнгө мөнгө зарцуулдаг юм чинь түүнээс ч илүү тулгамдаад байгаа усныхаа асуудалд хөрөнгө мөнгө зарцуулах ёстой. Туулаа аврах ажлыг одоо л хийхгүй бол оройтно. Оройтох юм бол тэр хэрээр хохирол амсч, хөрөнгө мөнгө нэмэгдэнэ.