Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГОЛОГДСОН ХҮМҮҮС

Дэлхий дээр хамгийн их тэнүүчлэн амьдардаг, орох орон шаардаад байдаггүй  нь цыганууд гэдэг.  Тиймээс орох оронгүй л бол цыгантай зүйрлэн ярьдаг. Өнөө үед манайд ч гудамжны гэх  тэнэмэлүүд 1990 оноос хойш олширсон. Нийгэм өөрчлөгдөх үед хөл алдан орон гэргүй болсон, архичин, мэдрэлийн өвчтэй гээд олон арван хүн тэнэмлүүдийн гэх орон зайг бий болгосон юм. Өнөөдрийн байдлаар хэдэн хүн орон гэргүй хээрээр гэр, хэцээр дэр хийж яваа судал¬гаа төрийн болон төрийн бус  байгууллагууд хийсэн байдаг боловч бодит тоо байж чаддаггүй юм.
Тэд Монгол Улсын нутаг дэвсгэрт амьд¬ран хорвоогийн тоосыг хөдөлгөж яваа ч улсынхаа иргэн гэдгээ батлах иргэний үнэмлэх  бичиг баримт ч алга. Тиймээс  нийгмийн ямар ч тусламж үйлчилгээг авдаггүй, нийгэмдээ гологдсон эмгэ¬нэлтэй хувь тавилантай хүмүүс. Нийгэмд бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, улс төрийнхний хурц тэмцэл, үйл явдал болж байсан ч тэдэнд хамаагүй. Зөвхөн өнөөдөр хаана хоноглох,маргааш юу идэх вэ гэдэгт л санаа зовно. Арга ч үгүй биз.
Өөрийнх нь амьдралд ямар ч гэрэл гэгээ болж тусгалаа өгөхгүй учраас тэр. Өвөлдөө халаалтын шугамтай траншейнд амь¬дарч, зун нь Сэлбэ, Туул голынхоо эрэгт зусланд  гарч  түүсэн хэдэн лааз, архины шил, хуванцар саваа тушааж олсон хэдэн төгрөгөөрөө талх гурил авч, хогоос түүсэн  ясаараа шөлтэй хоол хийж идэх аж. Ийм  дүр зураг  Сэлбэ голын хажуугаар явах хүн бүрт харагдана. Тэр дор гүүрийн даланд хүн төрж, хүүхэд тоглож, томчуул нь архи ууж наргиж байгааг ч харж болно. Манайд газар дээр газар доорхи амьдрал цэцэглэж байна. Тэнд эрүүл мэнд, нийгмийн ямар ч  үйлчилгээг хүртдэггүй харан¬хуй ертөнцөд хүүхэд төрж, хүмүүс амьдарсаар.  Өглөө ажилдаа яарах хүмүүстэй зэрэгцэн тэд хоол ундаа хийж, хувцсаа угаагаад ажилдаа гарах аж. Ажил гэдэг нь мэдээж хотын байшин барилгын өнцөг булан бүрт байгаа хогийн сав, хог байж болох бүх л газрыг онгичин, өдрийнхөө хоолыг хайн явахыг хэлэх аж.
Монгол Улс 2 сая 500 мянга гаруй хүнтэй үүнээс дийлэнхи хувь нь улсынхаа нийслэл Улаан¬баатарт  амьдарч, дэлхийн томоохон хотуудын тоонд орлоо хэмээн зарлан, Нийслэлийн засаг дарга болон эрх мэдэлтнүүд баяр хөөр болж байсан. Гэхдээ 2 сая 500 мянгад дээрх хүн амын бүртгэлгүй хүмүүс орсон  эсэх нь тодорхойгүй. Хэрвээ тэнэмэл гэгдэх хүмүүс ороогүй бол Монгол Улс 2 сая 500 мянгаас хол давсан  хүн амтай гэсэн үг. Тэгвэл ч манай орон өргөн уудам нутагтай, хүн ам багатай биш байгаа биз. Монголд төрсөн, монгол хэлээрээ ярьдаг хүнийг  монгол хүн гэж ойлгох юм. Гэтэл тэд   төрж өссөн нь үнэн боловч иргэний  бичиг баримт байхгүйгээсээ болж хүний тооноос хасагджээ. Хууль ёсондоо бол төрсөн, нас барсныгаа ИБМТ-т бүртгүүлдэг журамтай.
Гэтэл гологдсон хүмүүст иргэний үнэмлэх байхгүй юм чинь шинээр төрсөн хүүхэддээ  төрсний гэрчилгээ яаж авах билээ. Уг нь нийгмийнхээ дотор амьдарч  байгаа мэт боловч төрийн болон төрийн бус байгууллагынхаа ямар ч тусламж үйлчилгээг авч чаддаггүй  гологдсон тэднийг өнөөдөр шашны урсгалынхан л анхаарах болсон. Ялангуяа христийн шашныхан онцгой анхаарлаа хандуулан усанд оруулан хооллож, ундалж, тусламжийн хувцсаар хувцаслан  шашныхаа итгэл үнэмшлийг түгээх болж дээ. Уг нь хүнд хүн шиг хэрэгтэй юм байдаггүй гэдэг дээ. Харанхуй ертөнцөд амьдардаг хүн гэрлийг үзэж чаддаггүй гэдэг. Тиймээс ч хүн харанхуйгаас айдсын мэдрэмж авч, гэрэл рүү тэмүүлдэг учиртай. Бид амьдралынхаа хэмнэлд мартан анзаарахгүй явсаар...
Гомдсон хүн голдоо ортол гомддог гэдэг шиг нийгэмтэйгээ дайсагнагч хүн харх болохыг үгүйсгэх аргагүй юм. Манай улс 10 жилд нэг удаа хүн амын тооллого явуулдаг. Хэрвээ хүн амын тооллогт тэднийг хамруулаагүй тоолсон бол Монгол улс иргэнээ гадуурхдаг болжээ гэсэн үг. Ямартай ч ирэх хүн амын тооллогын явцыг харья.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан