Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХӨГЖӨӨД ХӨГЖӨӨД ГЭРЭЭСЭЭ САЛАХ НЬ ЮУ Л БОЛ, ГЭХДЭЭ ЯАХАВ…

Өөрийгөө азгүй, бүтэлгүйд тооцож Америкт эсвэл Солонгост төрсөн бол гэж хөгжлөөр дээгүүр ороныхонд атаархан ярих монгол залуус зөндөө. Үнэндээ уншигч та өөрийгөө азтай хүн гэдгийг мэдэхгүй байгаа болохоор л тэр.
Яг одоо үүнийг уншиж байгаа бол бичиг үсэг мэддэггүй хоёр тэрбум гаруй хүнээс илүү азтай байгаа хэрэг. Бас тэгээд өглөө эрүүл саруул сэрсэн бол долоо хоногийн дотор дэлхийн хэмжээнд нас бардаг сая орчим хүнээс илүү азтай байгаа хэрэг. Хэзээ ч дайн тулаан, шорон, тамлал, өлсгөлөн зэрэг таагүй зүйлстэй учирч байгаагүй бол энэ бүх аймшигтай өдөр бүр нүүр тулдаг 500 мянган хүнээс ч илүү азтай байгаа хэрэг.
Гэхдээ л хязгааргүй шунал¬тай хүмүүн бидэн дугтагдах зүйл зөндөө л байна. Тухайлбал өндөр хөгжилтэй орны айлын нэг удаа жорлондоо татдаг хэмжээний усыг дэлхийн хамгийн ядуу 30 улсын дундаж хүн өдөртөө хэрэглэдэг. Энэ дунд монголын гэр хорооллынхон яахын аргагүй цохиж л яваа. Судал¬гаагаар орон сууцанд амьдраг¬сад өдөрт 400 литр ус хэрэг¬лэдэг бол гэр хорооллынхон 40 дахин бага буюу 10 литр ус хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ. Ямар сайндаа л нүүр гараа угаасан усаараа хувцасаа, тэгээд шалаа угаана, хамгийн сүүлд нь байшингаа шавардана гэх билээ. Гэр хорооллынхны зовлон үүгээр дуусахгүй. Эмээ, өвөө, ээж аав, хүргэн бэр, ач зээ гээд дөрвөн үеэрээ нэг гэрт амьдардаг айл цөөнгүй. Ийм амьдралаас гарсан шог яриа ч байдаг. Будаг нь ханхалсан шинэхэн хүргэн хадмындаа хонов гэнэ. Хүлээж хүлээж арай гэж гэрэл унтартал харин аав эхэлдэг байгаа гэж. Энэ бол шог ч гэсэн шорвог үнэн. Гэхдээ зүгээрээ гэр хорооллынхон минь. Өглөө босоод өмсөх хувцас, толгой хоргодох орон гэр, гэдэс цатгах хоол ундтай байна гэдэг юу юунаас чухал. Учир нь эдгээр зүйлсээр байнга гачигдаж байдаг дэлхийн хүн амын 75 хувиас нь илүү азтай, бас ч үгүй тэднээс баян байгаа хэрэг.
Цаана чинь нийслэлийн агаарын бохирдлын 90 хувийг гаргаж байгаа та бүгдийг хананаасаа усаа тосож, өвлийн хүйтэнд эр зориг гарган жорлондоо суухыг чинь хөнгөлөх орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжээд эхэлчихсэн байна. Харин гэр хорооллынхны тооцоог дутуу гаргасан уу эсвэл та бүгдийг зүгээр л хошгоруулсан уу бүү мэд. Хүн ам өсөж үрждэг, нүүдэл суудал байдаг гэдгийг мэддэггүй цонхоор шагайсан улс төрчдийн тооцоогоор тэр шүү дээ. Гэхдээ яахав энэ бол эхлэл бас дэвшил.  Ямар ч гэсэн 40 мянган айлыг орон сууцтай болгох хөтөлбөр хэрэгжих нь тодорхой болчихлоо. Уг нь нийслэлийн хэмжээнд 215.7 мянган өрх байгаагийн  58.6 хувь буюу 126.5 мянган нь гэр хороололд амьдарч байна гэсэн судалгаа байдаг. Гэхдээ энэ тоо бүртгэлгүй айл өрхүүдийн тоог оруулаагүй л болов уу. Учир нь хот руу чиглэсэн их нүүдлийн улмаас нийслэл хот жил тутам 10 мянган өрх айлаар нэмэгдэж байгаа. Дээр нь хадмын хаяа сахигсад зөндөөн.
Зээлийн системээр олгох эл орон сууцанд та сар бүр тогтмол, нэлээдгүй орлоготой байж хамрагдана. Дээр нь жил бүр 20 гаруй мянган оюутан сургуулиа төгсч өөрсдийн гэсэн ажил, амьдралаа эхэлдэг. Тэгэхээр тэд ч бас та нартай орон сууц булаацалдана гэсэн үг. Ингээд бодохоор Улаанбаатар хотын гэр хороолол хэдэн жил болсон ч энэ хэвээрээ л байсаар байх болов уу. 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу баригдах орон сууцны тоо яармагт эхэллээ. Арав гаруй жилийн хугацаа шаардана гэнэ. Дэлхийн хүн ам жил болгон 80 саяар нэмэгдэж байдгаас сүүлийн жилүүдэд Энэтхэг улс тэргүүлж байна. Энэтхэгт жилд 20 сая хүн төрдөг. Иймд энэтхэгчүүд эрчүү¬дийг үргүй болгох хагалгааг сурталчлахаар шийджээ. Урам¬шуулалд нь уг хагалгаа хийл¬гэсэн эрчүүдэд 35 долларын үнэтэй унадаг дугуй өгөхөөр шийдсэн байна. Харин монгол¬чууд ямар ч урамшуулалгүй арав гаруй жилийн хугацаанд өсөж үржихгүй байна гэдэг юу л бол. 40 мянган айлын орон сууц баригдаж дуусахад 400 мянган айлын орон сууц ч хэрэгтэй болох юм билүү. Харин тэр цагт жилдээ 5.2 сая түүхий нүүрс шатааж 7.8 сая тонн угаарын хий гаргадаг нийслэлийн гэр хороолол хэвээрээ л байх нь гарцаагүй. Ер нь арай дэвшилтэй гарц хайхгүй бол нэг л биш ээ.
Хэдэн зууны тэртээгээс уламжлагдан ирсэн монгол гэр дээрээ берзинт, дороо модон шалтай болсноос өөр дэвшил гарсангүй өнөөг хүрсэн нь маргаангүй үнэн. Суурин соёл эргэншилтэй байсан улс гүрнүүдийн барилга байшин хөгжсөөр өнөөдөр бүр урлагийн бүтээл болчихож. Харин монголчууд бид салж чаддаггүй эртний эдлэлдээ амьдарсаар л... Гэхдээ зүгээрээ, гэр хороол¬лынхон минь. Бидний зарим нь ардчиллын буянаар банкинд хадгаламжтай, түрийвчиндээ мөнгөтэй болж хангалуун амьдралтай гэж тооцоогддог дэлхийн хүн амын ердөө наймхан хувийг эзэлдэг хүмүүсийн тоонд багтаж чаддаг болсон. Бас дээр нь шоронд орж, элдэв шийтгэл хүлээнэ гэж айлгүй хүссэн шашиндаа сүсэглэж, сүм хийдээр чөлөөтэй орж гарч чадах болсон нь ийм эрхгүй гурван тэрбум хүнээс илүү азтай байгаа.

Н.ТҮВШИНБАТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан