Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ҮНЭГҮЙ ҮНСНИЙ ҮНЭТЭЙ АЮУЛ

Өнгөрсөн намраас хойш өнөө хаврыг өндөрлөтөл нийслэлийнхэн утаанд хахаж цацан байснаа одоо жаахан мартагнаж байна. Бага ч болов хугацаанд амсхийн амьсгал нь уужирч байгаа нь завшаан. Гэвч ирэх намар гэдэг энүүхэнд л байгаа. Заавал тэр заваан утаа угаарыг нь энд сануулах гэсэн юм биш. Түүнээс ч хэцүү юм бас бий гэдгийг хэлье. Тэр нь үнс. Үнсэнд улирлын чанар гэж бага. Жилийн дөрвөн улиралд л хийсч, бургиж байх. Гэр хорооллын гуу жалгаар дүүрсэн үнсний тухай ярихаасаа өмнө арай өндөр “төвшинд” дуугаралтай байна. Тиймээс ДЦС-аас гарч буй үнс шаараг, хөө тортогны хор гор хэчнээн их вэ гэдгийг хэн гэдэг эрх мэдэлтэн анзаарч , хэдэн удаа “үр дүнтэй” дуугарсан бэ. Зөвхөн Монгол Улсын зөвлөх инженер Л.Гэндэнсүрэн л ганцаар яриад, зовниод, төсөл бариад явах хэрэг үү.
Улаанбаатар хотын цахилгаан станцуудын яндангаар хаясан утаа тортог, станцын хаягдал үнс, Туул голын дагуу байрлалтай 100-аад гектар газар эзэлсэн үнсэн сан нь та биднийг хордуулахын ихээр хордуулж байна. Энд буй нүүрсний үнс нь хэдэн сая тонноор хэмжигдэнэ. Нүүрсний үнс шаараг буюу олонхийн ярьдгаар шлак нь ямар ч хар утаанаас илүү хөнөөлтэй гэдэг.
Нийслэлд түлш болгон ашиглаж байгаа нүүрсийг цацраг идэвхит чанартай гэж дүгнэсэн нь бий. Эрдэмтдийн судалгаагаар нүүрсний цацраг идэвхит чанар зуухны галын өндөр температурт задарч 8-10 дахин нэмэгддэг гэсэн тооцоо бий. Энэ цацраг идэвхит бодис нь үнс шаарагт хуримтлагдсаар хүн ам, амьтан ургамалд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Хүний уушиг, улаан хоолойн өвчин, хорт хавдар ч эндээс үүсэх магад¬лалтай. Үнсний найрлагад мышьяк, бари, марганец, никель, хар тугалга, хром зэрэг хүнд элемент байдаг. Тэр нь хөрс, усыг тун ноцтой бохир¬дуулж буй. Гэтэл үнсэн санд хуримталсан үнсийг хөрс шороогоор дарж, дээр нь олон наст ургамал тарьж хучих ёстой. Энэ горимын ажлыг хийх, хийлгэх талаар санаа тавьсан юм хаана ч алга. Аль 1970-аад оноос эрчим хүчний салбарт дунд,өндөр даралтын  ДЦС-ууд ашиглалтад орсон. Тэдний шатаасан нүүрсний 15-20 хувь нь үнс болдог. Тэр үнсийг нь тусгай зориулалтын санд хуримтлуулдаг. Станцууд байгуулагдсан цагаас хойш олон сан дүүрсэн. Одоо бараг нь бэлтгэл сангүй болоод байгаа. Ерөөс үнсэн сан гэдэг нь өндөр өртөг¬тэй гидротехникийн байгууламж аж. Тэдний далан нь сэтрэх, нурах,  хаяа хэсгээр нь ус шүүрэх зэрэг гэмтэл цөөнгүй гардаг байна. Энэ нь цааш даамжирсан тохиолдолд цахилгаан станцууд үйл ажиллагаагаа зогсооход ч хүрнэ. Тэгвэл улсын эдийн засагт их хохирол учрах нь гарцаагүй.
ДЦС-ын тоног төхөөрөмжийн техник ашиглалтын дүрэм /ТАД/-д “...4-5 жилээс багагүй хугацаанд үнсэн сан барих талбайн геологи, топограф-геодезийн хайгуул хийсэн байх, үнсэн сан дүүрэхээс гурван жилээс багагүй хугацаанд үнсэн сан шинээр байгуулах төслийг бэлэн болгосон байна” гэж заажээ. Гэтэл цахилгаан станцынхан энэ заалтыг зөрчин, сүүлийн үнсэн сангаа дүүрэхээс 1-2 жилийн өмнө л яаран төсөл зохиож сандарцгаадаг байна. Үнсэн сан шинээр байгуулдаг хэвшил нь энэ болсон.  2002 онд Улаанбаатар дахь дөрөвдүгээр цахилгаан станц, 2003 онд Дорнодын цахилгаан станц, 2004 онд Дарханых үндсэн үнсэн сангаа шинээр байгуулсан аж. Цаашид Улаанбаатарын гурав¬дугаар цахилгаан станц, Эрдэнэтийн цахилгаан станц хоёр шинээр үнсэн сан байгуулах төлөвтэй юм билээ. Нийслэл хотод ажиллаж байгаа гурван цахилгаан станцын хоёр нь бэлтгэл үнсэн сангүй гэсэн. Нөгөөтэйгүүр үнсэн сангууд голын дагуу байрладаг.  Улаанбаатарынх Туулын, Дарханых Хараагийн, Дорнодынх Хэрлэн голын дагуу байдаг. Зөвхөн байрлахаас гадна станцууд үнсэн далангийнхаа тунгаасан усыг энэ голуудад хийчихдэг нь усны бохирдолд харьцангуй их “хандив” болж байна. Одоо нийслэл дэх хэдэн арван сая тонн нүүрсний үнсний хуримт¬лалаас болоод шинээр үнсэн сан барих нөөц газаргүй болжээ. Юуны түрүүнд шинэ газар хайснаас станцуудын дүүргэсэн санг өөрийнх нь үнсээр өндөр¬лөж үүссэн орон зайд нь зэрэгцээ орших сангийнх нь үнсийг зөөвөрлөж хийвэл болох юм. Зөөвөрлөсөн үнснийхээ ормыг  усаар норгон дагтаршуулж нягтруулах замаар газрыг нь хоослоод дахин үнсэн сан болгож ашиглавал үр дүнтэй. Тэгээд ч нүүрсний үнс сүвэрхэг шинжтэй учир дагтаршуулж, нягтруулахад хялбар, мөн багахан зайд үелүүлэн овоолж ихээхэн үнс хадгалдаг бусад орны туршлага ч байдаг гэх юм. Бас нүүрсний хаягдал үнсийг хэрэгцээт  түүхий эд гэж үзэн төрөл бүрээр ашигладаг газар орон ч цөөнгүй бололтой. Тэр нь уг үнсний хуримтлал бага үүсдэг сайн талтай биз. Манай айл өрх иргэд ч блок болгон ашиглах нь цөөнгүй байв. Барилгын зарим жижиг аж ахуйд түүхий эд болгодог байсан. Яагаад байсан гэж , гэх хүн гарна. Эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй барилга, байгууламж бий болдог учир үндсэндээ хориглосон. өнөө зарим нь мэр сэр ийм үнсэн блок сэлтээр байшин босгож байж мэдэх л юм. Манай монголчууд хэт хэнэггүй юм хойно .
Бусад орны тухайд энд тоо сийрүүлье. Хаягдал үнсийг Герман 80, Франц 65, Англи 54, Финляндад 52 хувийг нь тус тус ашигладаг гэсэн статистик мэдээ байна. Энэ орнууд цахилгаан станцынхаа зураг төслийг гаргахаас өмнө л түлэх нүүрснийх нь физик, химийн болон механик минералогийн шинж чанаруудыг судлаад, ямар тоног төхөөрөмж суурилуулж, ямар аргаар үнсээ ялган цэвэрлэж,зайлуулах вэ гэдгийг цогцоор нь авч үздэг гэсэн. Их хөрш ОХУ-д бүр төрийн бодлогын хэмжээнд анхаардаг. Тийм болохоор бодит ажил хэрэгжүүлж чадан хаягдал үнсний 12-15 хувийг ашиглаж байна.
АНУ-д бол бүр үндэсний үнсний хороо гэсэн байгууллага байдаг ажээ.
Бидний хувьд үнсний элдэв байгууллага ч яамай гэхэд үнсэн сангийн талбайг нэммээргүй байна. Усны бохирдол, хүмүүсийн эрүүл мэндэд энэ нь заналхийлж байгаа гэдгийг дээр хэлсэн. Түүнээс ч аюултай юманд энэ үнснээс болоод орооцолдохыг хэн байг гэх вэ. Учир нь Улаанбаатарын ДЦС-уудын үнсэн сангийн талбай нь Чингис хаан олон улсын нисэх буудлын наахана байрладаг. Цацраг идэвхит бодисын агууламжтай ийм нүүрсний үнс шаараг тодорхой талбайг эзэлж байгаа нь орчин үеийн өндөр үзүүлэлттэй хяналтын систем бүхий агаарын тээврийн хэрэгсэлд нөлөөлөхгүй юм гэхэд аливаа “мэдрэмж” мэдээлэлд нь өртөхийг үгүй гэх аргагүй. Магадгүй Монгол Улсын нийслэл дэх олон улсын нисэх буудлаар манай агаарын компани үйлчлүүлэхгүй, яагаад гэвэл  тэр орчинд чинь цацраг идэвхит бодис ихээр ялгаруулах байгууламж байдаг гээд дэлхий нийтэд шуугиан тарьж ч мэдэх юм. Тэгвэл бид цөмийн зэвсэг зэхснээс ялгаагүйд тооцогдоно. Утаатай нийслэл маань гамшгийн байдалд орлоо гэж их ярьсан. Үнс үүнээс дутуугүй гай гамшиг дуудан бургиж буйгийн учир энэ. Хүнийхээ төлөө, байгалийнхаа төлөө, ирээдүйн¬хээ төлөө гэх бодлого болгоноо үнсэнд хаясан шалз шиг орхидог төртэй болохоор цацрагтай үнс цагаан түйрэн шиг хийсч л байхаас. Гэхдээ үнсэн дээр тэмээ хөрвөх шиг амар юмыг сүр болголоо гэж эсэргүүцэх хүн бас гарч ирэх биз. Түүнд шивнэн хэлэхэд зүгээрчгүй зүүтэй үнсэн дээр тэмээ хөрвөхийн адил хортой шаарагт ээлтэй байгаа эрх мэдэлтнүүдийг энэ аюул ивээж өршөөхгүй шүү дээ. Тэдний ч ,бидний ч хойч үе мөн л үнсэн түйрэнгээс өвчин зална.  Үүнийг бүгд бодох ёстой. Өөрөө энэ үнс үнэгүй юм шиг хэрнээ үнэтэй аюулыг л дагуулж байгаа.

Б.ЦОГЗАЯАБААТАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан