Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЖАРГАЛ ДААХГҮЙН ЗОВЛОН

Саяхан ээж маань чихрээ хуваан идэж өссөн унаган багын найзтайгаа  тааралджээ. Сайн эцэг эхийн буянд өлсөж даарахын зовлон үзээгүй тэрээр хоёр буурайгаасаа  хойш амьдралд нухлуулан наснаасаа эрт овор суусан аж.  Аав нь социализмын  үед нэгэн том байгууллагын даргын албан тушаал хашдаг байсан болохоор цэцэрлэг, сургуульд түүн шиг сайхан хувцас өмсөж, тансаг машинаар ирж байсан хүүхэд байгаагүй гэнэ. Сургуулийнх нь  хүүхдүүд битүүхэндээ түүнд атаархан, хүүхэд болгон түүнтэй найзлах гэж бараг дугаарладаг байсан гэхэд хилсдэхгүй. Жирийн нэгэн ажилчны хүүхэд  түүнтэй  найзална гэдэг тэнгэрийн умдаг атгасантай адил байжээ. Аав нь ном их унших дуртай хүн байсан тул ажлын өрөөнд нь Лениний ботиос авахуулаад том зузаан номнууд  өрснийг хараад бишрэн хүндэтгэх сэтгэл төрдөг байсан гэнэ. Өнөөдөр тэрээр нэгэн албан байгууллагад цэвэрлэгч хийдэг аж. Том даргын охин байсан намайг цэвэрлэгч хийж явна гэвэл хэн ч итгэхгүй дээ. Мөнхийн аав ээжтэйгээ байх юм шиг бодон гадаад  сургуулиа хаян  зугаа цэнгэлд мансууран  хэдэн жилийг өнгөрөөсөн. Ирсэн хүн буцдаг жамтай хойно эцэг эх маань  дараалан  унаад, амьдрахын эрхээр хурааж үлдээсэн хэдэн үнэтэй эдлэлийг нь зарлаа. Сүүлдээ тээршаан дургүйцдэг  байсан аавын номнууд ядарсан цагт өл хоолыг минь залгуулна гэж бодож явсангүй. Хүний эцэг гэдэг ямар хол ч ухаантайг нь  өнгөрсөн хойно нь ойлгодог юм байна шүү дээ хэмээн уйлан ярьжээ. Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз гэж сайхан үг байдаг.  Эцэг эхийн буянг эдлэн өлсөж цангах зовлон үзээгүй бэлэн юманд бялууран өсөж байгаа олон хүүхэд залуус байгаа. Хүний эцэг,эх гэдэг үргэлж цуг байх юм шиг үр хүүхдээ бөөцийлэн амттай шимтэйг нь өгч, хүний дор оруулахгүй гэсэндээ үнэтэй цайтай хувцасаар хувцаслаж,  өсөхийн жаргалыг эдлүүлдэг. Тэгвэл жаргал гэж юу хэлдэг юм бол оо? Үнэтэй цайтай хувцас өмсөж, найз нөхөдтэйгээ баар, кафед үд өнгөртөл ярилцаж суух эсвэл баар саванд архидан хөлчүүрэн зугаацаж явах нь жаргал гэж үү? Уг нь  өсөхийн жаргалыг жаргалд бүү тооц, өглөөний нарыг наранд бүү тооц гэдэг биш үү? Жаргал гэж юуг хэлдэг талаар 15-80 насны хүмүүсээс асуулаа. 16-20 насны охид залуусын хувьд хүний өмсөөгүйг өмсөж, эдлээгүйг эдлэх нь жаргал гэж үзжээ. Тэгвэл 25-35 насныхан амьдралд мөнгөний асуудалгүй байх нь жаргал гэж тодорхойлсон бол 40-65 насныхан үр хүүхэд, ач зээ маань өвчин зовлонгүй өсөж байвал, 80 настай хөгшчүүл үр хүүхэд өвчин зовлонгүй өсөхөөс гадна багад эцэг эхтэйгээ байсан үе жаргалтай байсан гэж хариулжээ. Амьдралын арвин туршлага хуримтлуулсан хөгшчүүл ингэж хэлэхийг бодвол үнэхээр эцэг эхтэйгээ байх нь жаргал. Аргагүй биз. Амьдралын түмэн олон асуудалд толгойгоо гашилгаж өнөө маргаашийн төлөө санаа зовох зүйлгүй эцэг эхийн хайранд өсөх нь жаргал ажээ. Саяхан хулгайн гэмт хэрэг хийсэн хүүхэд телевизор аав намайг ерөөсөө тоодоггүй гээд бараг аав нь хулгайн үйлдэлд нь буруутай мэтээр ярьж байна. Гэтэл тэр хүүхдийн аав нь хүүхдийнхээ сайн сайхны төлөө унтах нойроо мартан ажиллаж, өмсөх зүүхээр дутаахгүй өсгөж яваа жирийн нэгэн олон аавуудын төлөөлөл болохоор хүн байлаа. Тэр мэдээллийг үзсэн хөгшид алгадуулах аавтай хүн сайхан гэж биднийг багад ярьдаг байлаа. Гэтэл одооны хүүхдүүд хүүхдийн эрхийн конвеци, хүний эрх гээд зодуулах нь  байтугай  хатуухан үг хэлүүлэх ч  эрхгүй болгожээ. Хэлж загнах хүнгүй болохоор гэмт хэрэг хийгээд муу эжий аавыгаа амьдаар нь хатааж байгаа юм. Бид багадаа эжий аавдаа зодуулаад муудсан зүйл байсангүй. Тэрхэн үедээ гомдож тунирхан уйлдаг ч гэлээ эцэг эхдээ  гомдсон тунирхал дороо гарчихдаг. Харин ч ойлгож ухаарах чадвар дээшилж,  яавал зөв байх талаар боддог байлаа хэмээн ярьж байна. Нээрээ л тийм дээ гэж бодлоо. Гэтэл эцэг эхийн буянд дулаан байранд өлсөж даарахгүй жаргалтай байгаа хүүхдүүд уйдаагаа гаргах гэж гэмт хэрэг хийж явааг юу гэж ойлгох вэ? Магадгүй юунд ч санаа зовохгүй бэлэн зүйл дээр өсөж байгаа хүүхдэд хийж бүтээх зүйл олддоггүй юм болов уу? гэж бодлоо. Өнөөдөр  улсын хэмжээнд хүүхэд залуучууд цагаа зөв боловсон өнгөрүүлэх 1000 гаруй газар бий. Гэтэл эдгээр газрууд тэдний сонирхлыг татдаггүй бололтой.
Харин  зугаа цэнгэл буюу шоудах нь өдөр тутмын ажил нь болж хэрэг төвөгт их орох болжээ. Эцэг эх нь  архи уулаа хэмээн хатуу үг хэлсний төлөө алтан амийг нь хөнөөсөн хэрэг уржигдархан гарсан. Хэний хүчинд өлсөхгүй, даарахгүй, дулаан байранд амьдарч байгаагаа ухаараагүй тэднийг яалтай вэ? Ямартай ч хүн гэдэг зовлон үзэж байж ухаан суудаг нь маргашгүй үнэн аж. Тиймээс л хөгшчүүл жаргал даахгүйн зовлон гэж байдаг юм ярьдаг билээ. Жаргалтай газар хүн тогтдоггүй, өвстэй газар мал тогтдоггүй гэдэг ардын сургаал үнэн буюу.

Т.ОЮУНБАЯР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан