Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дарханы АН-ынхан генсектэйгээ “байлдсаар”

Үеийн үед АН-ын дотоод асуудал хүрээнээсээ хальж, намынхаа удирдлагуудын чихийг халууцуулж байдаг. Хоёр хэсэг болж хуваагдах, нам дотроо талцах асуудалд цэг тавина гэдэг ч энэ байдал өөрчлөгдөхгүй хэвээр байгаа бололтой. Намынхаа байрны гадаа жагсаал цуглаан хийхдээ хүрээд байгаа Дарханы АН ч гэсэн эв түнжин муутай байдаг анхан шатны нэгжийн нэг.

АН-ын Хяналтын ерөнхий хороо өнгөрсөн даваа гарагт хуралдаж Дархан-Уул аймгийн АН-ын удирдлага зохион байгуулалтыг өөрчлөн хэрэгжүүлэхээр тохиролцох ёстой гэж үзсэн юм байна. Ингээд өмнөх хурлуудыг хүчингүйд тооцож, анхан шатныхаа хурлыг хийж, намын даргаа сонго гэж АН-ын генсек Ц.Оюундарь хэлжээ. Талцан хуваагдаж маргалдаад буй Дарханы АН-ын хоёр дарга Д.Баянмөнх, Б.Мягмардаш нар оролцож, дахин хуралдаж, даргаа сонгохоор тохиролцсон гэнэ. Тэгтэл өчигдөр тус аймгийн АН-ын зарим гишүүн намынхаа төв байрны өмнө суулт хийж, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг огцруулж, АН-ын Их хурлын тов тогтоож, дүрмийн дагуу шинэ бүтэц бүрэлдэхүүнээр хуралдтал суулт хийхээр болсоноо мэдэгдлээ. Ер нь, АН Их хурлаа дөрвөн жил тутамд зарлан хуралдуулж, намын дарга болон Хяналтын ерөнхий хороо гээд бүтцээ байгуулах ёстой байдаг. Гэтэл таван жил гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад хурлын сураггүй байгаа учир шаардлага тавьж, суулт хийнэ гэлээ.

Дарханы АН-ынхан хоёр даргатай болж, тамга тэмдгээ булаацалдаж, зарим гишүүнээ намаас хөөсөн гэх мэтээр хоорондоо үл ойлголцоод багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Генсекээ намын Үндсэн дүрмийн хэлэлцүүлгээр нутагт нь очиход асуудлаа хэлж, дотоод сонгууль явуулах ажил зохиох саналаа гаргажээ. Тухайн үед дотоод асуудлаа өөрсдөө шийд гэсэн боловч зарим нь тохиролцооноос буцан намын даргаа өөрчилсөн шийдвэр гаргасан гэнэ. Ингээд энэ шийдвэрийг эсэргүүцсэн хэсэг гишүүд Хяналтын ерөнхий хороондоо хандаж гомдол мэдүүлсэн байна. Тэр дагуу нь энэ сарын 18-нд хуралдаж, тохиролцох шийдвэр гаргажээ. Хурал болох өдөр Дархан-Уул аймгийн АН-ын хэсэг гишүүн ирж, генсекийн өрөөнд дайран орсон учир аль нэг талынхантай уулзахгүй гэсэн аж. Үүнийг нь өчигдөр мэдээлсэн зарим гишүүн генсек өрөөнөөсөө хөөсөн гэж мэдээлж, огцруулна гэв. Дархан-Уул аймагт хурал ч болж, 300 орчим гишүүн оролцож, дотоод сонгууль явуулахаар шийдвэрлэсэн байна.
Ямар ч байсан дахин хуралдаж, асуудлаа цэгцлэхээр болсон гэх боловч Дарханы АН-ынхан генсектэйгээ ойлголцож чадахгүй байсаар.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан