“Талст шоппинг цэнтр”-ийн захирал Д.Мөнхгэрэлтэй үслэг эдлэлийн хэрэглээ, арчилгааны талаар ярилцлаа.
-Үслэг эдлэл гэдэг зүйл ямар агуулга бэлгэдэл, ач холбогдолтой вэ?
-Монголчууд эртнээс үслэг эдлэл хэрэглэж ирсэн. Энэ нь, хувцаслалтын хувьд том орон зай эзэлдэг. Яагаад гэвэл манай орон зүүн Ази, баруун Европ шиг дулаан уур амьсгалтай биш. Тиймээс бидний хувьд үслэг эдлэл нь тансаглал бус хэрэглээ. Тэгэхээр үслэг эдлэл нь манай хүйтэн улиралд өмсөхөд хамгийн таатай хувцас юм. Автобусанд булга өмсч явна гэж шүүмжилдэг ч би хувьдаа тэр хүнийг өмөөрдөг. Яагаад дулаан байхын төлөө булга өмсөөд автобусанд явж болохгүй гэж.
-Энэ төрлийн хувцасны загвар, хандлага хэр өөрчлөгддөг бол. Хамгийн сайныг нь нэрлэвэл?
-Үслэг эдлэлийн загвар хандлага маш хурдан өөрчлөгддөг. Манай дэлгүүр тэр шинэчлэлээс хоцрохгүйг эрмэлздэг, ялангуяа үслэг эдлэлийн хувьд. Тэгж байж хүмүүст сонирхолтой, чамин, амтлаг, таашаалтай амьдрах боломж бүрдүүлдэг. Одоо усны булга хамгийн сайн, тансагт тооцогдож байна. Хөнгөн, дулаан, биед аятай, намирдаг гээд л. Ойн болон усны булга үржүүлгэнд ихээхэн анхаарч байна. Дан адууны мах, загасаар тэжээвэл өнгө хувиргадаг. Нэг эх, эцгээс гарсан булгыг хамт бойжуулж өнгө зүсийг нь ойртуулах болж. Мөн Скандинав орны булгаар бэлтгэсэн / Норвеги, Дани, Канад, Швейцарь гэх мэт өвөл болдог орны булгаар хийсэн/ илүү бөх бат, гоёмсог байдаг. Халуун орны булгыг бодвол хүйтэн болдог улсынх байх тусам гялалзах чанар нь сайжирдаг.
Мөн үслэг эдлэлийн өнгө нь дэлхийн загварын чиг хандлагад нийцүүлэн өөрчлөгдөж, энэ жилийн ялангуяа булган шубаны өнгөнд эндиго буюу гэрэлтсэн хөх, мөн маш тод буюу саагс хөх, теркиз буюу цэнхэр хөх өнгө маш түлхүү орж ирж байна. Бас үнэгэн шуба мода болж байна. Урьд нь, үнэгний арьсаар хувцас хийхэд төвөгтэй гэдэг байсан ч өнөөдөр загвар зохион бүтээгчид сайн тоглолт хийж эхэлсэн. Доторлогоо, зах, ханцуйг үнэгний арьсаар эмжиж эхэлснээр хувцас загварын ертөнцөд туйлын эрэлт хэрэгцээтэй болоод байна.
-Даарахгүй, өнтэй өвөлжихөд үслэг эдлэл хэрэгтэй гэдгийг ойлголоо. Тэгвэл одоо шинэ үслэг эдлэл авахад юу анхаарвал зохих вэ?
-Эмэгтэйчүүдэд сувдан буюу цагаан шаргал өнгө их хайр татам харагддаг. Шуба авахдаа ямар зориулалттай, хаана өмсөх вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Өдөр тутам өмсөх бол илүү дулаахан ойн булга авахыг зөвлөе. Гэхдээ куртик шиг богино загвартай, хөнгөн, энгийн байвал зохино. Харин хааяа нэг хэрэглэх, уулзалт, үдэшлэг, хүлээн авалтад өмсөх бол том зах, малгайтай, илүү дэгжин, чамин харагдах “шанель” загвар сонгоорой. Гэхдээ би заавал булга өмс гээгүй шүү. Суусар, минж, үнэг, шиншила гээд олон үслэг эдлэл бий. Гагцхүү эрүүл мэнд, дулаан явахын төлөөх сонголт хий. Одоо синтфон эсвэл нейлон материалтай хувцаснаас 100 хувь татгалзаж, олон төрлийн өвчнөөс зайлсхийх цаг болсон. Нөгөөтэйгүүр булга болгон булга биш гэж хэлмээр байна. Таарсан болгоныг булга гээд хэлэхээр итгээд авчихдаг нэг жил болоод юу ч үгүй болчихдог. Жилийн настай булга гэж огт байхгүй, дор хаяж таван жил болдог. Тэгэхээр монголчууд үслэг эдлэлийн талаар наад захын мэдлэгтэй байх хэрэгтэй. Ядаж л булганд гараараа хүрэхэд хамгийн зөөлөн, тансаг мэдрэмж авдаг, ингэж шалгаад үз.
-Булга, минж зэрэг үслэг эдлэл хүнийг хөгшин харагдуулдаг гэдэг?
-Энэ ойлголтыг үгүйсгэх зүйл бий. Нэгдүгээрт дээр хэлсэнчлэн залуу хүн үслэг эдлэл өмсөх нас болоогүй гээд даараад өвлийн хүйтэнд жиндэж явах ёстой гэвэл үгүй. Нөгөөх нь, загварын шинэчлэл, өөрчлөлт, хурд гэдэг зүйл дээрх ойлголтыг халлаа. Яагаад гэвэл дан шуба биш хантааз болон бусад төрлийн хувцсыг үслэг эдлэлээр хийж байна. Тэгэхээр өөрийн бие, нас, онцлогт тохирсон ямар ч хувцас сонгож болно шүү дээ.
-Үслэг эдлэлээ удаан хэрэглэхэд хадгалах, арчилж тордох нь ихээхэн нөлөөтэй болов уу?
-Тийм ээ. Монголчууд үслэг эдлэлээ их буруу хадгалдаг, арчилдаг нь чанар муудахад нөлөөлдөг. Жишээ нь, үсэн дээр тогтсон сул хир, тоосыг зөөлөн пролон эсвэл алчуураар арчина. Гараар эсвэл угаалгын машинд хэзээ ч угааж болохгүй. Хэцэнд тохож, эвхэж хадгалж болохгүй, гагцхүү өлгүүрт л хадгална. Хэрэв таны үслэг эдлэл нойтон байвал шүүгээнд өлгөхөөс өмнө сайтар хатаах хэрэгтэй. Бас гялгар уутанд хадгалах нь үсний өнгийг гандуулж, хэврэг болгодог. Харин үйлдвэрээс өгсөн даавуун, “амьсгалдаг” уутыг байнга хэрэглээрэй. Үнэртэй ус болон бусад шингэнийг шубаны үс рүү цацахаас зайлсхий. Сүлбээр зүү болон наадаг тэмдгээр цоолж, сүйтгэж болохгүй. Тортог буугаагүй цэвэрхэн цасан дээр шубыг гөвж цэвэрлэх боломжтой хэдий ч ингэхийн тулд гаднах агаарын хэмтэй тэнцэж сайтар хөргөсний дараа гөвөөрэй. Ингэснээр хөрс гэмтэхээс хамгаалах сайн талтай. Хэрэв шуба тань их хэмжээгээр үрчийж, гэмтсэн бол мэргэжлийн хүнд хандах, зөвлөгөө авах эсвэл “Талст” дэлгүүрт аваад ирж болно шүү.
Булганы өнгө бага зэрэг хувирах, эсвэл хаа нэг газарт үл мэдэгдэм толбо үүсэх явдал байж болох тул сандарч, мэгдэх хэрэггүй. Мөн цонхоор туссан нарны гэрэлд үслэг эдлэлээ тавих нь шарагдах нөхцөл болдгийг анхаараарай. Эцэст нь хэлэхэд, булгыг дор хаяж таван жил хэрэглэдэг. Гэхдээ эвхээд далд хийдэг хувцас биш байнга гаргаж, хэрэглэж байхыг шаарддаг өндөр чанарын эдлэл.