Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх Дэгийн тухай хуулийн төслийг батлав Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна Жүдочид “Токио-2024” их дуулгад өрсөлдөхөөр Япон улсыг зорилоо Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн томоохон төслүүдтэй усны төслүүдийг уялдуулж хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийхэд Монгол Улс бэлэн байна Саудын Арабын Хаант Улсын Угсаа залгамжлах ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад Бин Салман Аль-Саудтай уулзлаа Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт ба монголчууд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, говийн бүс нутагт усан хангамжийг сайжруулна Нийслэлийн гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын дугаар олгоно “Н.Норовбанзад” дурсгалын зоос худалдаанд гарлаа
Нобелийн шагналын мөнгийг үрэх хамгийн өвөрмөц арга


Шведийн нийслэлд энэ оны Нобелийн шагналтнуудыг тодруулах долоо хоног болж  дууслаа. Энэ шагналыг авсан хүн түүхэнд нэрээ мөнхөлдөг болохоор бүгд л хэн авах нь уу гэж чих тавин сонирхдог. Шагналын эзэд нэрээ эх орныхоо төдийгүй дэлхийн шинжлэх ухааны түүхэнд үлдээгээд зогсохгүй шагналыг дагалдаж ирдэг чамлахааргүй их мөнгийг гардан авдаг. Мөнгийг 1900 онд 31,6 сая швед кронын дүрмийн сантайгаар байгуулагдсан “Нобелийн сан” төрийн бус байгууллагаас өгдөг. Энэ мөнгө нь одоогийн ханшаар 250 сая ам.доллар юм. Энэ сан нь үнэт цаасны зах зээлд явуулсан ажиллагаанаас олсон ашгаар санхүүждэг.
Мөнгөн шагналын хэмжээ тухайн үеийн дэлхийн эдийн засгийн байдал, мөнгөний ханшнаас шалтгаалаад янз бүр байдаг бөгөөд энэ жил 1,2 сая ам.доллар байна. Иймд ийм их мөнгө авсан эрдэмтэн мэргэд түүнээ юунд зарцуулж, яаж үрдэг нь сонирхолтой. Дийлэнх нь мөнгийг эх орныхоо шинжлэх ухааныг хөгжүүлэх эсвэл өглөг буяны ажилд зарцуулдаг бичигдээгүй хууль бий гэж болно. Гэхдээ энэ хууль нь бичигдээгүй болохоор цөөнгүй эрдэмтэн мөнгийг өөртөө зарцуулдаг. “Forbes” сэтгүүлээс он оны Нобелийн шагналтнуудын дундаас авсан мөнгөө хамгийн өвөрмөц байдлаар зарцуулсан хүмүүсийг тодруулжээ. Энэ шагналын мөнгийг их өвөрмөц байдлаар зарцуулсан байна.

Жишээлэхэд, 2001 онд анагаах ухаан ба физиологийн салбарт Нобелийн шагнал авсан британийн биохимич, Рокфеллерийн их сургуулийн Ерөнхийлөгч Пол Нерс байна. Тэрээр шагналаар авсан мөнгөө өөрийн унах дуртай “Kawasaki” мотоциклийг сайжруулан шинэчлэхэд зарцуулжээ. 1957 онд Нобелийн шагнал авсан Германын эмч, судлаач  Альберт Швейцер авсан мөнгөөрөө Габон улсад уяман өвчтэй хүмүүсийг асрах газар байгуулсан байна. Швейцер шагнал авахаасаа өмнө Габонд өөрийн мөнгөөр эмнэлэг байгуулаад байсан бөгөөд хажууд нь ийнхүү өвөрмөц асрах газар байгуулсан аж. Асрах газрын байр хожим дурсгалын музей болгон өөрчилсөн бөгөөд өнөөдөр ч ажиллаж байна.
Оросын суут зохиолч Иван Алексеевич Бунин 1933 онд утга зохиолын салбарт Нобелийн шагнал авсны дараа ихэнх мөнгийг үдэшлэг, найр цэнгэл зохион байгуулах, оросын улс төрийн цагаачдад тэтгэлэг өгч үрсэн байна. Хувьсгалын дараа Франц руу цагаачлан гарсан нэгэн яруу найрагч өөрийн дурдатгалдаа “ Иван Алексеевич мөнгийг баруун солгоогүй цацлан найр, үдэшлэг зохиож, цагаачдад тэтгэлэг өгч, янз бүрийн нийгэмлэгүүдэд гар таталгүй хандив өргөж эхэлсэн. Тэгсээр эцэст нь үлдсэн мөнгөө “сайн санаат” хүмүүсийн зөвлөсний дагуу “яагаад ч шатах боломжгүй” нэг бизнест хөрөнгө оруулалт хийгээд юу ч үгүй хоцорсон доо ” гэж дурссан байдаг. Утга зохиолын салбарт Нобелийн анхны шагналыг 1901 онд авсан Францын яруу найрагч Рене Франсуа Арман Сюлли –Прюдом шагналын мөнгөөрөө “Сюлли –Прюдомын нэрэмжит яруу найргийн шагнал”-ыг бий болгожээ. Энэ шагнал яруу найрагчийг өөд болох хүртэл зургаан жилийн турш яваад мартагдан үгүй болжээ.

Франц яруу найрагчийг жишээг олон жилийн дараа америкийн нейробиологич Пол Грингард дагасан юм. Тэрээр 2000 онд анагаах ухаан ба физиологийн салбарт шагнал авсныхаа дараа нутагтаа ирээд татвар суутгалаа төлж, үлдсэн 400 мянган ам.доллараар “Пол Мейстер Грингардын” шагналыг бий болгоход зарцуулжээ. Грингард нь мэдрэлийн эсүүд хоорондын харилцан уялдааг нарийн ойлгоход үнэтэй хувь нэмэр оруулсан нээлт хийсний төлөө Нобелийн шагнал авсан нэгэн бөгөөд энэхүү нээлт дээр суурилан сэтгэл гутралын эсрэг үйлчилгээтэй эм бэлдмэлийг гаргаж авсан түүхтэй. Эрдэмтний шинээр бий болгосон шагналыг зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан Нобелийн шагнал ч гэж ярьдаг. Тиймээс жил болгон биологи ба анагаах ухааны салбарт шилдэг судалгаа хийсэн эмэгтэй хүнд 100 мянган ам.долларын шагнал өгдөг. 2004 оноос эхлэн олгогдож эхэлсэн энэ шагнал одоо ч бий.

Британийн биохимич Ричард Робертс ба америкийн генетикч Филип Шарп нар нэгнээсээ хамааралгүйгээр тусдаа бие даан генийн тасалдамтгай бүтцийг нээсэн гэж анагаахын ухааны Нобелийн шагналыг 1993 онд авч байсан юм. Гэхдээ энэ хоёр мэргэжлийн салбарт төдийгүй авсан мөнгөө үрэх дээр ч адилхан зан гаргаж өөрсдийн амьдралаа сайжруулахад зарцуулсан байх юм. Роберт мөнгөөрөө байшингийнхаа хажууд крокет тоглодог талбай байгуулсан бол Шард эртний байшин худалдан авчээ.

2002 онд утга зохиолын салбарын Нобелийн шагнал авсан унгарын зохиолч Ирме Кертеш “Надтай хамт олон арван жилийн турш ядуу зүдүү, даяанчийн амьдралаар амьдарсан миний эхнэр шагналыг мөнгийг өөрийнхөө хүссэнээр зарах эрхтэй хүн. Хүссэн даашинз, чимэглэлээ худалдаж аваг” гээд бүх мөнгийг эхнэртээ өгсөн байна.

Америкийн эдийн засагч Роберт Лукас ч Нобелийн шагналын мөнгөө эхнэртэйгээ хуваалцжээ. Гэхдээ сайн дураар биш. Тэрээр 1995 онд “эдийн засгийн анализын хандлага ба микро эдийн засгийн үндсийг өөрчлөн, рационал хүлээлтийн онолыг хөгжүүлэн өөрчилсний төлөө” өндөр шагнал авсан юм. Энэ эрдэмтэн шагнал авахаас долоон жилийн өмнө эхнэртэйгээ гэрлэлтийн гэрээ гэгчийг байгуулсан байж. 1995 оны аравдугаар сарын 31-нд дуусах ёстой байсан энэ гэрээнд заасны дагуу гэр бүл салсан тохиолдолд хамт амьдарч байхдаа авсан бүх шагналынхаа 50 хувийг эхнэртээ өгөх ёстой байв. Гэвч Нобелийн шагналтнуудыг аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт бүгдийг нь тодруулдаг тул талыг нь эхнэртээ өгсөн байдаг.

“Дөлгөөн Дон” роман бичсэнийхээ төлөө 1965 онд Нобелийн шагнал хүртсэн Михаил Шолохов энэ мөнгөөр дэлхийг үзэж танилцахад зарцуулжээ. Түүний охин хожим нь “Аав 1941 онд авсан Сталины шагналаа Батлан хамгаалах санд өгсөн, Ленины шагналаа нэгэн цагт өөрийн суралцаж байсан сургуулийг сэргээхэд зориулсан бол Нобелийн шагналын мөнгийг өөртөө үлдээсэн юм. Тэр мөнгийг хүүхэд бидэнд Европ, Японыг үзүүлэхэд зарцуулсан даа. Бид машин унан Англи, Франц, Италийг хөндлөн гулд аялж байв” гэж дурссан байдаг аж.
1964 онд физикийн салбарын Нобелийн шагнал авсан Оросын өөр нэг эрдэмтэн болох Александр Прохоров мөнгийг мөн л өөртөө зарцуулжээ. Тэрээр “Би Нобелийн мөнгийг барууны нэг банкны дансанд хадгалуулсан юм. Тэр үед намайг ойр ойрхон гадаадад урьдаг байлаа. Би эхнэр, хүүхдүүдээ авч явдаг. Харин томилолтын мөнгө, цалин ингэж явахад хүрдэггүй байсан тул би шагналын мөнгөнөөсөө үрдэг байв” гэж ярьдаг байжээ.

Нобелийн шагналыг анагаах ухаан ба физиологи, физик, хими болон эдийн засгийн салбарт авах хүмүүсийн нэрсийг аравдугаар сарын 7-14 хооронд тодруулдаг уламжлалтай. Шагнал гардуулах ёслолыг арванхоёрдугаар сарын 10-нд буюу Нобелийг таалал төгссөн өдөр Стокгольм хотноо болдог. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан