Тэдний энгэр дэх медаль нь эх орны үнэ цэнэ
Эх орны дархан хилийг манаж, халуун хүйтнийг ажрахгүй зогсох хилчдийнхээ ачаар бид тайван ажиллаж, амьдарч бас хайрлаж дурлаж явдаг. Гэхдээ хилчин эрсийн ачаар бидэнд ирсэн хувь заяаг баяртайгаар хүлээн авахдаа хэзээ ч тэднийг дурсан санаж, талархлаа илэрхийлж байгаагүй болов уу.
Харин хилчид маань бидний төлөө дайнгүй ч гэсэн дайн болох юм шиг төсөөлж, амарч суух завгүй эх орноо манаж явна. Ийм л тайван эх орон, эрх чөлөөтэй амьдралыг бидэнд залуу насаараа авчирж өгсөн ахмад хилчидтэй уулзлаа. Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Ахмад хилчдийн холбооноос “Гурван үеийн хилчдийн уулзалт”-ыг зохион байгууллаа. Гавьяандаа суусан бэлтгэл хурандаа нар хэдий нас дээр гарсан ч ногоон формоо өмсч, энгэртээ одон медалиа гялалзуулсаар цуглажээ. Энэ үйл ажиллагааг энэ жил анх удаа зохион байгуулж буй боловч цаашид жил бүр уламжлал болгох гэнэ. Удаан уулзаагүй ахмад хилчин бэлтгэл хурандаа нар бие биеийнхээ амрыг эрж, хууч хөөрөлдөнө. Тэдний хоорондоо ярилцах нь нэг л хүндэтгэлтэй. Учир нь, тэд үе дамжсан дарга, цэргүүд. Гэхдээ одоо бол бүгд л Монгол Улсын дархан хилийг амиараа хамгаалж явсан бэлтгэл хурандаа нар. Гэхдээ тэд хилчдийг удирдан зохион байгуулж, отрядыг захирч явсан Монгол Улсын баатрууд. 90 шахаж яваа хурандаагаас эхлээд 60 жаахан гарч яваа бэлтгэл хурандаа гээд л олон жил отряд ахалж явсан хурандаа нар цуглажээ. Тэд хилийн албанд цаашид хүчин зүтгэх дүү нартаа, идэр хилчдэд алтан сургаалиа хайрлахаар цуглажээ.
“Энэ ногооныгоо өмсчихөөр л хөл хөнгөрчихнө дөө” гээд л инээмсэглэх 88 настай бэлтгэл хурандаа Б.Ёндонгийн насыг бусад хурандаа хүндэтгэнэ. Бас баруун хилийг хамгаалдаг хилийн 0130 дугаар ангийг олон жил командалсан, бэлтгэл хурандаа З.Хийс, хилийн цэргийн түүхэнд хамгийн том эрлийн ажиллагааг удирдаж явсан хурандаа, Монгол Улсын үндсэн хуулийг батлалцаж явсан хурандаа гээд л ёстой нэг дуудуулах алдар нь хүртэл эх орон шингэсэн олон хурандаа цуглажээ. Тэд хойч үедээ “Утас нь дуугарсан ч хэн яах гэж залгав гэсэн түгшүүрийг тээж, унтахдаа ч гэсэн хэзээ дуудах бол гэж бодсоор, хэзээ мөдгүй дайнд орох юм шиг сэтгэлээр өөрийгөө ирлэж явах нь хэчнээн хэцүү ч нэгэнт л энэ эрхэм албыг залгахаар шийдсэн бол үүнийхээ төлөө алтан амиа ч хайрлахгүй тэмцэх хэрэгтэй” хэмээн захихаар ирсэн нь энэ аж. Хэдийгээр энэ ахмад хилчдийг хүн бүр танихгүй ч эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист хараа сунгаж явсан тэднийг хилийн багана бүр мэднэ. Хэрэв хилийн багана амьтай байсан бол шүү дээ.
Хэлсэн үг бүр нь алт
“Цагийн байдал”, “бие бүрэлдэхүүн” гээд цаанаа л нэг албаны үг хэллэгээр ярих энэ хүмүүсийн хэлсэн үг бүр нь алт мэт аж. Ингээд зарим хурандаа нарын дурсамжаас хуваалцсан юм.
1973 онд Хилийн цэргийн түүхэнд нэгэн хар толбо туссан нь Өмнөговь аймгийн хилийн дугаар ангийн таван хилчин шуурганд төөрч яваад урд хөршийн хилийг давчихжээ. Тэд үүргээ гүйцэтгэж яваад санаандгүй хил зөрчигч болж, долоон жил урд хөршийн шоронд хоригдсон юм. Тэднийг долоон жилийн дараа хилийн хэлэлцээрээр эх оронд нь өгөхөд зарим хүн урд хөршийн тагнуул болоод ирлээ хэмээн хардаж байсан гэдэг. Харин манай хилчид долоон жилийн турш чийгтэй харанхуй байшинд хоригдож, усанд чанасан байцаа идэж байсан гэдэг. Биеийн байдал нь муудсан нэгд нь эмчилгээ хийн сэргээгээд хугацаанаас нь өмнө сулласан ч, тэднийг долоон жилийн хугацаанд олон газар дамжуулан хорьж, нэг газраас нөгөө рүү зөөхдөө хар уут толгойд нь углан, хаана явааг нь мэдэгдүүлэхгүйг хичээдэг байсан тухай тэдний нэг Очирын тэмдэглэлээс уншиж байв.
Хилчин хүний хувьд эх орныхоо төлөө дайны талбарт амиа алдах нь баатарлаг үйлс ч гэлээ, хил зөрчигч болоод хүний нутгийн шоронд суух нь хамгийн харуусал учраас яг дээрх үйл явдал болоход Өмнөговийн дугаар отрядын захирагчаар очиж байсан хурандаа Д.Шажинбатаас тухайн үеийн байдлыг сонирхсон юм.
“1973 онд ЗХУ-т “Фрунзегийн академи”-ийг төгсч ирэхэд зургадугаар сарын 16-нд Өмнөговь аймгийн Овоотын хилээр Очир, Банзрагч, Хүүбаатар, Шарбаатар, Адъяа нар Гэлэн усны постонд хоол хүргэж яваад төөрсөн байсан. Яг тэр отрядын дарга нь хурандаа Батхуяг байсан. Намайг хойноос ирэнгүүт л “Батхуяг таван хүн хил давуулж алдсан. Чи отрядын даргаар яв” гэж намын төв хорооноос томилсон. Ингээд л явсан. Долоо хоногт хоёр удаа Хятадын талаас очиж хүмүүсээ нэхдэг байсан. Хил давсан мөрийг нь харна гэхээр “манай талд байхгүй та нар өөрсдийнхөө нутагт л хай” гэж урдаас хэлсээр хоёр сар ямар ч үр дүнгүй өнгөрсөн юм. Ингэж явсаар таван жилийн дараа биеийн байдал нь муудсан Очир түрүүлж ирээд, түүний араас Банзрагч, Адъяа, Шарбаатар, Хүүбаатар ирсэн. Энэ жил Өмнөговь аймгийнхаа отрядын 80 жилийн ойд явж байгаад Өвөрхангай аймагт Шарбаатартай таарсан. Амьдрал ахуй нь их сайхан байна лээ. “Хятадын шоронгоос амьд мэнд ирсэн нь монгол ард түмний, хилчдийн маань буян шүү” гэж хэлээд нулимс унагаж байлаа. Шарбаатар маань хоригдож байхдаа хамгийн хэрүүлч нь байсан талаар яригддаг. Энэ талаар нь асуухад “Тийм ээ, би аяга тавгийг нь хагалж, хэрэлддэг байсан. Хэрүүлийн үгийг нь маш сайн сурсан ч ирээд мартаж байгаа” гэсэн” хэмээн ярилаа. Мөн тэрээр хилийн цэргийн түүхэнд хамгийн том эрлийг удирдсан хурандаа учраас энэ талаар нь ч гэсэн асууж амжсан юм.
“1983 онд “Дархан хилийн соргог манаа” нэртэй баримтат киног хийхээр Баян-Өлгий аймагт зураг аваад буцаж явахад Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Магнай гэдэг айлаас нэг оргодол хоёр тэмээ, хүлэгтэй монгол гутал хулгайлж, хилийн зүг явсан байна гэсэн. Нааш Говь-Алтай дээр ирэхэд надад эрэл зохион байгуулах үүрэг өгөв. Ингээд Өмнөговийн Замбэлхийн заставт эрэл зохион байгуулсан. Овоотын отряд тэр чигээрээ хөдөлсөн. Уртаасаа 120 км, өргөөшөө 60-80 км-т таван өдрийн турш нисдэг тэрэг оролцуулж, 100 гаруй цэргийн хүчээр 30-аад машин хөлөглөж байж Хархорингийн шоронгоос оргосон Шаазанхүү гэгчийг барьж байсан юм. Энэ бол хилийн цэргийн түүхэнд хүн хүчээрээ ч хамрах хүрээгээрээ ч хамгийн том эрэл болж байлаа” хэмээн ярилаа.
Гэхдээ түүний сэтгэлийг нь эмзэглүүлсэн зүйл бол Хил хамгаалах ерөнхий газрын архив хоёр хуваагдсан явдал аж. 1990 оноос өмнөх үйл явдал Тагнуулын ерөнхий газарт үүнээс хойшхи нь Хил хамгаалах ерөнхий газарт хадгалагддаг байна. Ингэж хоёр талд байдаг нь зарим баримт сэлтийг үгүй хийхэд хүргэдэг байна. Тухайлбал, хурандаа Д.Шажинбатын зохион байгуулсан эрлийн тухай фото зургууд, тэмдэглэлүүд одоо яг аль архивт байгаа нь мэдэгдэхгүй алга болжээ. Энэ бол, хамгийн харамсалтай. Түүхэн үйл явдлын амьд гэрч нь байхад, материаллаг гэрч нь устсан энэ явдал Д.Шажинбат хурандаагийн сэтгэлийг үргэлж эмзэглүүлж, архиваа нэгтгээсэй гэсэн бодол түүний дотор үргэлж явдаг гэдгийг хэлж байсан юм.