Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хадгаар “тахиулсан” ээж мод хувхайрчээ

Монголчууд хэдийнээсээ эдийн дээд нь хадаг гэдэг. Амар мэнд мэдэн золгохоосоо эхлээд, багш  шавийн барилдлага тавих, ахас ихсээ хүндлэхдээ алд цэнхэр  хадаг барин очдог. Гэхдээ ямар зан үйлд ямар хадаг хэрэглэх вэ гэдэг нь тун нарийн.
Харин хадгийг хээр гадаа, уул овоонд, ус булгийн эхэнд гээд хаа хамаагүй зүүж, орхиж хөсрийтүүлэн гандааж, хог хаягдал болгож байсан нь хэзээ юм бол. Өнөөдөр эдийн дээд, хүндэтгэлийн бэлгэ тэмдэг болсон хадгийг уул овоо, мод хад, зам гүүрийн хашлага, барилга байшингийн туурь гээд уяхгүй, өлгөхгүй газар үгүй болж, эцэстээ шүтэн бишрэх, хүндлэн дээдлэх биш эсрэгээрээ хог хаягдал болгон, гутаан дорд үзэхийн илрэл болж байгааг хаа сайгүй ярих ч энэ бурангуй ёс үргэлжилсээр, хор уршгаа тарьсаар...

Харин ч шүтэн дээдлэх, бишрэн хүндэтгэх бус ургаа модыг хувхайруулж, уул усаа бузарлаж байгаа биш үү. Үүний нэгэн жишээ бол Сэлэнгэ аймгийн Ээж мод.
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд нутгийнхны “Ээж мод” хэмээн дээдэлдэг нэгэн шүтээн бий. Угтаа өөр газар байсан ч 2003 онд шатсаны дараа энэ модыг шүтэж эхэлсэн гэдэг. Мэдээж, тухайн үедээ хамгийн сайн ургаж, үр хүүхдээ тойруулсан ээж шиг цэцэглэж байсан сайхан модыг сонгон авсан нь ойлгомжтой. Гэтэл нэгэн цагт зуу зуун салаа мөчрөө сагсалзуулан уул хангайнхаа чимэг болж байсан энэ сайхан модны салаа мөчир бүрт нь сүсэгтэн олон та бидний “хүндлэл үзүүлэн” зүүж уясан хэдэн мянган хадагны балгаар мөчрүүд нь үжирч үгүйрэн, ургахаа болж хувхайрчээ.
Энэ нь юу санасан есөн хүслийг минь бүтээж өгнө үү “Ээж минь” хэмээн хүндэлж байна гэтэл эсрэгээрээ урт насыг нь улам богиносгон үхжүүлсэн нь энэ.


“Амьд байгалиа хайрлая” аян

МСЭ-ийн ерөнхийлөгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид нэгэнтээ Дархан орохоор явах замдаа замын дагуухь мод, шонд уясан хадгийг түүн цэвэрлэж байхдаа байгаль дэлхийгээ гутааж байгааг, ялангуяа шүтдэг ээж мод орчмыг хадагнаас нь цэвэрлэе, ийм аян зохион байгуулъя  хэмээн  сэтгэл шулуудсан гэнэ.
Ингээд “Амьд байгалиа Хайрлая” аяны хүрээнд сэтгүүлчид, төрийн болон төрийн бус байгууллагын зарим төлөөллийн хамт ээж модны орчмыг цэвэрлэх ажил өнгөрсөн амралтын өдөр болсон юм. Энд оролцсон “Тэнгэрийн тод тамга”  ТТБ-ынхан цагаан, Сэлэнгэ аймгийн иргэд хүрэн, сэтгүүлчид болон сайн дурынхан  ногоон хувцсаар ижилсэн ажлаа эхэлсэн. Үйл ажиллагааг нээж Б.Галаарид “Би гэр бүлийн найзуудынхаа хамт Дарханаас Баруун хараа хүртэлх  засмал зам дагуух модонд уясан хадгуудыг сайн дураараа цэвэрлэж байхдаа ийм аян санаачлах хэрэгтэй юм байна гэдгийг анх ойлгосон. Модонд хадаг уяж боомилох, торгоор ороож өтүүлж өмхрүүлэхийн хор холбогдлыг олон нийт ухамсарлан дэмжээсэй” гэсэн юм.
Энэ ажилд хэвлэл мэдээл­лийнхэн болоод иргэд, хувь хү­мүүс, жүжигчин Б.Навчаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин хариуцсан зөв­лөх Э.Зоригт нар оролцсон юм.


Хүн бүрийн дээдлэн шүтдэг “Ээж минь” ямар болж вэ

Ээж модыг хадгаар ороон тахиж  өмнө нь идээ будаа сүү өрөн эргэн тойрон  нь дугуй булант цайгаар хашаалж, урд талд нь хаалга гаргажээ. Тэнд ганц ч биш гурван ч модыг ийнхүү тахисан байлаа. Тэгээд ч зогсохгүй эргэн тойрных нь моднуудад нь мөн л битүү хадаг уяжээ. Ерөнхийдөө ажихад,  өндөр саглагар модонд хадаг уясан биш харин ч битүү хадган овоон дунд модны ганц нэгхэн мөчир хатгасан юм уу даа гэж хармаар. Хашаа нь ч, тэр гол тахилга нь ч тэр, идээ будаа, хадганд битүү дарагджээ.

Тэр ч бүү хэл, эмэгтэй хүний дотуур хувцас, оймс зэргийг модноос уясан нь мухар сүсэгтээ автсан зарим нэгэн гэр бүл Ээж модноос  үр хүүхэд гуйсан нь энэ гэнэ.
За тэгээд ээждээ хүндэтгэл үзүүлэн тавьсан идээ ундаа нь илжирч муудан ялаа шумуул шавж, хамар цоргим эвгүй үнэр нь хавийн ноход найрладаг газар болгоход хүргэж. Ээждээ хүндэтгэл үзүүлэхээр очсон хүмүүсийн сүү сааль, арц хүж, идэх уух зүйлээ хийж очсон сав суулга, хуванцар сав, элдэв зүйлийн хог нь овоо мэт болсон нь худалч хүнд бараг  өнөөх хүндэт ээж модноос минь өндөр болох дөхөж.

Ер нь, Ээж модны орчмын талбай маш их бохирдож, олон тооны мод үхжиж, их хэмжээний хөрс шороо талхлагджээ.
Энэ бүхэн шашны зан үйл  үйлдэгчид болох зарим нэгэн  бөө, лам нараас ч бас болдог байна. Ээж модны ойролцоо бөөгийн отог байрлаж энд тэндгүй хадаг яндар уядаг гэнэ. Гэхдээ сүсэгтэн бүр, лам, бөө болгон ийм биш юмсанж.


Шүтэн дээдэлсэн бүхэндээ хадаг уяад байдаггүй  гэнэ

Бидэнтэй хамт явсан  “Будда төв”-ийн тэргүүн Д.Хоролбат “Сүсэгтэн бишрэгчид стандарт хангахгүй Хятад улсаас импортолсон хямд хадгийг тахилгат газруудад зүүх нь буруу үйлдэл юм. Өнөөгийн хадаг нийлэг эдээр хийсэн зүйл. Монголчуудын дээр үед хэрэглэж байсан хадаг одоогийнхтой харьцуулахад үнэ цэнэтэй байгальд хоргүй, цэвэр бөс даавуун хийцтэй  байсан” гэв. Түүнчлэн Удган Ч.Огторгуй ч эртнээс нааш бөөгийн зан үйлд уул, хад, модонд хадаг уях үйлдэл байдаггүй байсан. Хэрэв ямар нэгэн юм уяхаар болбол унаж явсан мориныхоо дэл сүүлнээс уядаг байсан гэдгийг ч тодотгосон юм. 

Ийнхүү бид Ээж модны ургаж төлжихийг нь зогсоон бие рүү нь шигдэн орсон  хадаг, торго, дарцаг зэргийг дөрвөн цагийн турш цэвэрлэж, заримыг нь зориулалтын саванд шатааж, үлдсэнийг нь машинд ачихад 5-7 машин хадаг гарсан юм. Ер нь, байгаль дэлхийгээ шүтэн дээдэлж байна гээд бохирдуулж сүйтгэх нь ямар их гарз хохиролтойг буцах замдаа сэтгүүлчид ярьж явлаа. Нээрээ л бодоод байхад байгаль дэлхийгээ байг гэхэд сүсэгтэн олон эдийн засгийн хувьд хэр их хохирсон бол.  Нэг ширхэг хадгийг 500-1000 төгрөгөөр бодоход энд хэдэн төгрөгийг хог болгон үлдээсэн бол. Хэн нэгэн ядарсан зүдэрсэн хүнд энэ мөнгөөрөө тусалсан бол ямар их буян болох байсан  бол гэсэн бодол эрхгүй бодогдохоор. Ер нь, модонд хадаг өргөж буян хийж байна хэмээн байгаль орчноо сүйтгэж байснаас хадаг авах мөнгөөрөө хэн нэгэнд тусалбал илүү их  буян болох байлтай.   Хэдэн жилийн турш бишрэл хүндэтгэл нэртэй хадаг хэмээх дарамтнаасаа  салсан Ээж мод маань эргэн сэргэж, мөчир салаагаа дэлгэн ургаж, хүндэтгэн бишрэгч зон олноо баярлуулаасай хэмээн буцацгаасан билээ.

0 Сэтгэгдэл
хэд хоногийн өмнө ээж модоор дайраад өнгөрлөө, бүтэн сайн өдөр байлаа хүн ч ихтэй,очерлоод л мөргөөд хэвтээд л, дараагийн хүндээ бухимдал үүсгэсэн дүр зураг харагдлаа.Орчин бол үнэхээр бохир байна, сүүгээ хадаг руугаа цацсаар байгаад үнэр орсон,нохой ч гүйж байх шиг,тэнд зохион байгуулдаг хүн ч алга...сэтгэл гундуухан буцлаа...
тэр модонд хадаг уяхаар халбага усаар усалчихгүй яав даа. хадаг уядаг өөр модоор шон хийчэхгүй яав даа. Модонд хүчтэй итгээд үр хүүхэдтэй болгож өгөөч гэхэд өндгөн эс эр үр хоёр хүчтэй нийлдэг юм болов уу хөөрхий.ерөөсөө өндгөвч нь эс ялгаруулахгүй эм байвал яана даа хөөрхий
bas ovoo tahij bna geed buun hog haydagaa bolimoor yum.setgeldee sujigleed alsaas deejee urguhud bolno shuu dee.mongolchuud gej maham tolgotoi uls bh yum.teglee uls oron deeshilsen ni haa bnaa.
mash zuv yum hiijee.
ээж модонд хэзээ ч хадаг уяж бүтэн цай тавьдаггүй, Сүү идээний дээжээ өргөдөг болохоос, Галаарид гуай мундаг буянтай юм зохион байгуулсан байна.таньд амжилт хүсье, Ээж модны буян заюа харах болтугай
Ер нь энэ хадаг , хөөрөг чинь урд зүгийнх ш дээ. Манайхан хэтэрхий туйшрамтгай хүмүүс.... Монголоос өөр оронд хөөргийг тийм өндөр үнээр тоож авах хүн байхгүй л байх
Хамгийн их уншсан