Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БШУ-ны сайд Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө

БШУ-ны сайд Л.Гантөмөр болон тус яамын газар хэлтсийн дарга нар өнөөдөр сэтгүүчидтэй уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

191805 хүүхэд цэцэрлэгт хамрагдана

2013-2014 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 191805 хүүхэд суралцах юм байна. Үүнээс 134763 төрийн төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдах бол 25438 нь хувийн цэцэрлэгт явах аж. Харин 31604 хүүхэд хувилбарт сургалтад хамрагдана гэж салбарын сайд мэдээллээ. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт өнгөрсөн онд 77.6 хувьтай байсан бол энэ хичээлийн жилийн эхний байдлаар 78.6 хувьд хүрчээ. Цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүд 64 хувьтай байсан бол энэ жил 66 хувь болж өссөн байна. Ийнхүү цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо нэмэгдэж байгаа энэ үед улсын хэмжээнд 57 цэцэрлэг шинээр нээгдэх аж. Тухайлбал төсвийн санхүүжилтээр 32 цэцэрлэг ашиглалтад орох бол Дэлхийн банкны санхүүжилтээр 25 цэцэрлэг ашиглалтад орох юм байна.
Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах үүднээс салбарын яамнаас хувийн цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг олгохдоо уян хатан хандахыг нийслэл, аймаг, дүүргийн Засаг дарга нартай ярилцаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар Боловсролын яаманд хувийн 103 цэцэрлэгийн байгуулагдахаар тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтээ ирүүлсэн байна. Үүнээс 53 цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг олгоод байгаа аж. Үлдсэн цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг олговол хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдах хүрээ улам их болно гэдгийг салбарын сайд онцолж байна.
Нийслэлд 45 хороо цэцэрлэггүй байгаа гэсэн судалгаа гарчээ. Энэ хороодод бага сургууль, цэцэрлэг барих ажлыг эхлүүлэх аж. Гэхдээ төсөвт мөнгө нь суугаагүй учраас концесийн хуулиар зохицуулна гэв.
Цэцэрлэгийн бүртгэлийн тухайд бүртгэл энэ сарын 19-нд эхэлж 23-ныг хүртэл хуучин явж байсан хүүхдүүдээ бүртгэж байгаа аж. харин 23-аас 26-ны дуустал шинээр цэцэрлэгт явах хүүхдүүдийг бүртгэж байгаа гэнэ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлэхийн тулд хонон өнжин дугаарлаж зогсох шаардлагагүй гэлээ.

Алтан гахай жилд гарсан хүүхдүүд энэ жил сургуульд орно

Энэ жилийн хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байгаа. Тэгвэл энэ жил 504233 хүүхэд 2013-2014 оны хичээлийн шинэ жилд ерөнхий боловсролын сургуульд суралцах аж. Сургуульд суралцаж байгаа сурагчдын тоо өмнөх оныхтой харьцуулахад 66 хувиар өсчээ. Энэ нь “Алтан гахай” жилд гарсан хүүхдүүд сургуульд орж байгаатай холбоотой гэдгийг салбарын яамныхан хэлж байна.
Тухайлбал, өнгөрсөн жил нэгдүгээр ангид 48092 хүүхэд элсэн орж байсан бол  энэ хичээлийн жилд 54641 хүүхэд орох аж. Хэдийгээр сургууль, анги танхимын хүрэлцээ муу байгаа ч хүүхэд бүрийг сургуульд хамруулна гэж Л.Гантөмөр сайд хэлсэн. Энэ жилийн тухайд Боловсролын яамнаас тендэр нь зарлагдсан 209 барилгын ажил явагдаж байгаагаас энэ жил 90-ыг нь ашиглалтад оруулах аж. Харин их жил 160 гаруй барилга хүлээж авахаар төлөвлөөд байгаа гэнэ. Сургууль, цэцэрлэгийн барилга ашиглалтад орохгүй удаж байгаа шалтгаан нь барилгын материалын өсөлт, төсөвт тусгасан зардал хүрэлцэхгүй байх гэх мэт олон шалтгаанаас үүдэлтэй гэнэ. Тухайлбал, 2,1 тэрбум төгрөгөөр баригдаж байсан сургууль барилгын материал болон бусад хувьсах зардлын үнэ нэмэгдсэнээр 3 тэрбум төгрөгт багтаж байгаа гэнэ.
Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдүүдээ сургалт сайтай сургуульд оруулахыг эрмэлздэг. Тэгвэл хувийн сургуульд шалгалт өгөөд тэнцээгүй хүүхдүүдийг авсан онооных нь жагсаалтаар дуудаж бүртгэх гэнэ. Харин төрийн өмчийн 1 болон 23-р сургуульд эцэг эхчүүд хүүхдээ өгөх сонирхол их байдаг байна. Үүнийг харгалзан үзэж 23-р сургуульд гурван анги, нэгдүгээр сургууль тодорхой хэмжээний ангидаа нэмэлт элсэлт авахаар болжээ.

Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур айл өрхийн хүүдэд дүрэмт хувцас үнэгүй өгнө

Эцэг, эхчүүдийн дунд толгойны өвчин болж, аж ахуйн нэгжүүдийн дунд хэрүүлийн алим болоод байгаа асуудал бол яах аргагүй сурагчдын дүрэмт хувцас. Хэдийгээр эцэг эхчүүд эсэргүүцэж байгаа ч УИХ-аар боловсролын тухай хуулийг батлахдаа ЕБС-ийн сурагчид дүрэмт хувцастай байна гээд баталсан болохоор Засгийн газар, БШУ-ны яам үүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тиймээс БШУ-ны яамнаас өнгөрсөн хавар сурагчдын дүрэмт хувцасны загварыг баталж 117 аж ахуйн нэгж дүрэмт хувцас оёж байгаа аж. Дээрх компаниуд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай ярьж тохиролцсоны үндсэн дээр ийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж.
Шинэ дүрэмт хувцасны хувьд эмэгтэй хүүхдийнх 10.000, эрэгтэй хүүхдийнх 20.000 төгрөгөөр илүү үнэтэй гарч байгаа аж.
Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой, хүүхэддээ дүрэмт хувцас авч өгөх боломжгүй айл өрхийн судалгааг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хийж байгаа аж. Энэ судалгааг үндэслэн үнэхээр хүүхэддээ дүрэмт хувцас авч өгөх боломжгүй айл өрхөд хүүхдийнх нь хувцасыг үнэ төлбөргүй өгөх ажлыг зохион байгуулж байгаа аж. Гэхдээ энэ мэдээллээр хүн болгон ядуу болж, хүүхэддээ үнэгүй хувцас авах гэж хошуурах хэрэггүй гэдгийг салбарын сайд сануулж байлаа.

Сурах бичиг 100 хувь хэвлэгджээ

Жилийн жилд хэрүүлийн алим болдог зүйл бол ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг байдаг. Тэгвэл энэ жил сурах бичгийг 100 хувь хэвлэж дуусчээ. Хэвлэгдсэн сурах бичгээс 86 хувийг нь үнэ төлбөргүйгээр сурагчдад хэрэглүүлэх аж. Тухайлбал, бага сургуулийн сурагчид бүх сурах бичгээ үнэ төлбөргүй ашиглах юм байна. Харин сурах бичгийнхээ 13 хувийг ахлах болон дунд ангийн сурагчид худалдаж авах аж. Нэг сурах бичгийн үнийг Боловсрол шинжлэх ухааны яамнаас 2440 төгрөгөөр баталсан байна. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 170 төгрөгөөр сурагчдын гар дээр хүрэх аж.
Тэрчлэн энэ жил багшийн гарын авлагыг ч бүрэн хэвлэж дуусчээ. Мөн багш нараа мэргэшүүлэх сургалтыг зуны гурван сарын турш үе шаттайгаар хэрэгжүүлж дууссан байна.

Зарим сургуулийн хичээл өнөөдөр эхэллээ

2013-2014 оны хичээлийн шинэ жилд төрийн болон төрийн бус өмчийн их дээд 99 сургуульд 175591 оюутан суралцана. Энэ хичээлийн шинэ жилд их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг шинэлэг байдлаар явуулахаар болж зарим сургуулиуд өнөөдөр хичээлийн шинэ жилийнхээ нээлтийг хийж байгаа аж. Тухайлбал, Боловсролын их сургууль өнөөдөр хичээлийн шинэ жилээ нээжээ. МУБИС, ХААИС зэрэг сургууль эхний гурван сарын хугацаанд шинээр элсэн суралцаж байгаа оюутнууддаа зориулж англи хэл, компьютер, амьдрах ухааны вакумжуулсан сургалт явуулах аж. Ингэснээр оюутан бүр англи хэл дээр мэдээлэл авах боломжтой болж байгаа гэнэ.
Мөн энэ жил төрийн өмчийн их, дээд сургуулиудад хандивын анги гэдэг зүйлийг бүр мөсөн халсан гэдгийг салбарын яамнаас мэдээллээ. Мөн элсэлтийн шалгалтад тэнцэж төрийн өмчийн их дээд сургуульд суралцах авсан хэрнээ сурахгүй гэж хуваарь зарна гэсэн ойлголт байхгүй гэдгийг салбарын яамныхан хэлж байна. Хэрэв ийм үйлдэл гаргасан бол цагдаагийн байгууллагад шилжүүлнэ гэлээ. Ийм үйлдэл гарсан олон үйлдлийг цагдаагийн байгууллагад хүргүлсэн гэждгийг сайд хэлсэн юм.

Сургалтын төлбөрөө нэмэхгүй бай гэх эрх мэдэл БШУ-ны сайдад байхгүй

Сүүлийн өдрүүдэд их, дээд сургуулиудын сургалтын төлбөр үндэслэлгүйгээр их хэмжээгээр нэмэгдэж байна гэх гомдол гарах бослон. Тэгвэл үүнд салбарын сайд нөлөөлөх болможгүй гэдгийг тэрээр хэлсэн. Тийм хууль эрх зүйн орчин ч бүрдээгүй аж. Тиймээс салбарын сайд сургуулиудын захирлуудтай албан бусаар уулзаж сургалтын төлбөрийг аль болох бага нэмээрэй гэдгийг хэлжээ. Гэхдээ сургуулийн сургалтын төлбөр нэмэгдсэн хэмээн ярьж байгаа ч зарим сургуулийн харьяа сургуулийн төлбөр нэмэгдээгүй аж.Хэдийгээр төлбөр нэмэгдэж байгаа ч тэр нь эргээд суралцаж байгаа оюутнуудад мэдлэг болоод эргэж ирж байгаа эцэг эхчүүд ойлгох ёстой гэв. Өнөөдрийн байдлаар МУИС-13 хувь, ЭМШУИС-15, ШУТИС-15 хувиар нэмэгдээд байгаа аж.
Мөн энэ үеэр Л.Гантөмөр сайдын мэдээллэсэн зүйл нь сургуулиудын захирлуудын томилгоо байлаа. Гадуур сургуулиудын захирлын сонгон шалгаруулалт хууль бус, хууль бус томилгоо хийгдсэн хэмээн ярьж байгаа. Тэгвэл энэ бүхэн хууль ёсны хүрээнд салбарын сайд хариуцлагатайгаар мэдэгдэж байгаагаа илэрхийлсэн. Сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн хүмүүсийн илтгэл ч тэр бусдаасаа илүү байсан гэдгийг тэрээр онцолсон юм. Тиймээс энэ томилгоонд хэн нэгэн улс төрчийн нөлөлөл байхгүй. Мөн сургуулиудыг биеэ даалгах үүднээс ТУЗ-д нь хэн нэгэн УИХ-ын гишүүн байдаг байсан бол түүнийг болиулсан гэдгийг ч тэрээр онцолсон.

1000 оюутны байр ойрын хугацаанд ашиглалтад орно

Хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ үед сургуулиудын дотуур байрны асуудал эцэг, эхчүүдийн толгойны өвчин болоод байгаа. Улаанбаатар хотод ах дүүсгүй айл өрхүүдийн хүүхэд дотуур байранд орж чадахгүй бол өндөр үнэтэй түрээсийн байранд орохоос өөр сонголтгүй болчж байгаа. Тэгвэл 1000 оюутны байрыг ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар зэхэж байгаа аж. Уг барилга дээр хоёр компани ажиллаж байгаагаас нэг компанийн ажил хараахан дуусаагүй, 10-14 хоногийн ажил үлдээд байгаа аж. Үүнийг дуусгавал ашиглалтад оруулах юм байна. Гэхдээ аль сургуульд хэдэн оюутан суух эрх олгох эрхийг БШУ-ны яам гаргах бол МОХ мененжментийг нь хариуцан ажиллах аж.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан