МАН-ын Нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэд нар дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, сонгуультай холбоотой зөрчил дутагдал олон гарч байгааг хэллээ. Цагдаагийн байгууллагынхан Ардчилсан намд бүрэн үйлчилж байгааг тэд хэллээ. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт иргэн Ууганцэцэг гэдэг хүнийг санала өгөх гэхэд нь та саналаа өгсөн байна гэж хэсгийн хорооныхон хэлжээ. Саналаа өгөөгүй гэж маргалдахад цагдаагийнхан тус иргэнийг барьж хорьсон байна. Мөн сонгуулийн үйл ажиллагаа эхлээд явж байхад хурууны хээ уншуулдаг машин гацсан гэдгийг Ардын намын удирдлагууд хэлж байна.
Мөн Ардчилсан намыг мөнгө тарааж байгааг Ардын намынхан онцоллоо. Багануур дүүргийн гуравдугаар хороонд байрлах эмийн санд сонгогчдод мөнгө тарааж байсныг баримтжуулсан гэж мэдээллэсэн юм. Тэрчлэн Хан-Уул дүүрэгт иргэдэд газар олгоно гэж цуглуулсан, Сонгинохайрхан дүүрэгт мөнгө тараасан болохыг МАН-ын гишүүд дэмжигчид баримтжуулжээ.
Батлан хамгаалах их сургуулийн сонсогч оюутнуудыг хүчээр барьж зөөврийн хайрцганд санал өгүүлсэн зөрчлийг гэрэл зургаар баримтжуулснаа МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэд хэвлэлийнхэнд үзүүлсэн юм.
Сонгуулийн сурталчилгаа хаасан байтал Ардчилсан намынхан сурталчилгаа явуулж байгааг ч тус намынхан хэлж байна. Тодруулбал, өчигдөр NBS телевизээр МУГЖ Д.Сосорбарам нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг магтаж ярилцлага өгсөн байна. Мөн UBS-2, NBS, Eagle телевизээр Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн намтрын уншсан гэх мэтээр сурталчилгаа явуулсныг МАН-ын удирдлагууд хэвлэлийнхэнд мэдээллэсэн юм.
Харин энэхүү зөрчлүүдийг шалгуулахаар Сонгуулийн Ерөнхий хороо болон ШӨХТГ-т хүргүүлсэн гэдгээ хэлээ.