“Молом оо чи үхвэл таарна” энэ бол чухам аргаа барсан хүний ёстой сүүлчийн үг л дээ. Их Жигжид агсны найруулсан “Үер” кинон дээр Болд өвгөн ингэж хэлдэг. Үүн лүгээ өнөөдөр БСШУ-ны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр бол одоо үхвэл таарна даа.
Насан хутгийг олсон хэнийг ч болов сайнаар дурсч араас нь маань мэгзэм уншиж, зарим нь зул хүж өргөнө.
Бүр яалт ч үгүй архичин, агсан согтуу, танхай, худалч хулгайч хүн байсан ч гэсэн заавал нэг сайн талыг нь олж дурсан, хөөрхийлнө. Ухаандаа “Хөөрхий дөө, архи л жаахан уудаг байснаас биш их тусархуу залуу байсан юм. Эртүүдхэн намайг дэлгүүрээс ирж байхад тааралдаад тортой юмыг минь дөхүүлж өгч байсан юм шүү дээ. Зайлуул, сайхан залуугаараа явчихаж дээ” гэх жишээтэй.
Дахиж тэгэж бусдад муугаа харуулахгүй, муу юм хийхгүй болохоор нь ч тэгдэг юм уу, ер нь л монгол сэтгэлгээгээр бусдыг үргэлж сайнаар хэлдэг дээ.
Тэгэхээр өмнө хэлсэнчлэн эрхэм гишүүн Ё.Отгонбаяр бол одоо үхвэл таарна. Эхнэрийнх нь нэр дээр байгаа гэх 21, 26, сүүлд бүр 36 гэж мэдээлээд байгаа данснууд, 230 сая төгрөгийн авлига өгөгүй гэж хүнийг барьж зодуулаад машиныг нь дээрэмдсэн хэрэг, Багшийн хөгжлийн ордон бариулахад дундаас нь цавчсан 2 тэрбум гаруй төгрөг гээд өчнөөн олон асуудал эрүүгийн хэрэг болж, нотлогдоод ялаа эдлээд шоронд сууснаас одоо үхчихвэл нэр цэвэр юм даа.
Одоохондоо УИХ-ын гишүүн байгаа хэвээр, бүрэн эрхээ эдэлж байгаа болохоор төр комисс гаргаад сайхан оршуулна. Эцсийн замд үдэхэд нь Төрийн дуулал эгшиглэнэ. Бүхий л сонин хэвлэлд томоос том зурагтай эмгэнэл гарна. Хөөрхий багш нар ч гэсэн дээ танд луйвардуулж Багшийн хөгжлийн ордныхоо өдий төдий хөрөнгийг алдсанаа мартчихаад “Хөөрхий дөө, кембрижийн боловсрол нэвтрүүлнэ гээд л зүтгээд байсан даа. Бас ч их зүйл хийсээн” гэж сайхнаар дурсана. Оршуулах ёслолд чинь сургууль бүр төлөөлөгч илгээж оролцуулна.
Шарил дээр чинь босгох хөшөөн дээр сайхан үг бичихээс биш “Энэ нөхөр улсад сургууль барьж өгсөн хүнээс 230 сая төгрөгийн авлига нэхэж байсан юм” гэж хэзээ ч бичихгүй.
Сонин хэвлэл, сайтууд өчигдөрхөн л таныг авлига нэхдэг, эхнэрийнхээ нэр дээр өдий төдий данстай, энэ тэр гэж элдвээр бичиж байснаа хэдийнээ мартаад хойш тавьж таныг сайн хүн байсан тухай ам уралдуулан бичнэ.
Боловсролын яамныхан бол танд хэдэн тэрбум төгрөгөө луйвардуулснаа бас хэдийнээ мартагнаж аягүй бол зургийг чинь үүдний өрөөндөө хүндэтгэлтэйгээр залж, наана нь цэцэг тавина даа. Боловсролын салбарыг хөгжүүлэхийн төлөөнөө оюун ухаанаа дайчлан ажиллаж байсан хэмээн эмгэнэл бичнэ. Оршуулах ёслол дээр үг хэлсэн хэн ч “Авлига нэхдэг, улсын мөнгө луйварддаг нөхөр байлаа” гэж хэлэхгүй.
Дугаар хорооны Дугар гуай, хөгшчүүл хүртэл “Өө хөөрхий, өнөөх сайн муугаар хэлүүлээд байдаг хүү юу. Сайн л хүүхэд шиг байдаг юмсан, Яасан юм бол доо. Зайлуул” хэмээн эрхиэ эргүүлж маань уншина.
Хэрэв та үхэхгүй бол яахав. Яахав дээ, энэ хууль хяналтын байгууллага тэртэй тэргүй шалгаад эхэлчихсэн, заримыг нь тухайлбал хүнээс авлига нэхэж, өгөхгүй болохоор нь зодуулсан энэ тэрийг нь бол хэдийнээ нотолчихсон юм гэсэн. Одоо тэр эхнэрийн нь нэр дээр байгаа гэдэг 21, 26, 36 дансны учрыг олчихно. Хаа очиж манай цагдаагийн мэргэжлийн хүмүүс, дунд тушаалынхан чинь мундаг шүү дээ. Багшийн хөгжлийн ордон гээд байгаагийн учрыг ч бас олно.
Тэгэхээр яахав. Яах юу байхав. Мэдээж буруу хэрэг хийсэн бол тохирсон хариуцлагаа хүлээнэ. Очих газраадаа л очих байх аа даа, яагаав өнөө нам нэгт Нямдорж найзын чинь бариад өгсөн байшин руу.....Хэвлэлүүд ч ёстой нэг шуугьж гарна л даа. Юун өнөөх эмгэнэл, хөөрхийлөл, магтаал. Отгонбаяр яаж байна, байцаалт өгч гэнэ, шүүх хурал нь төдийд болно гээд л мэдээ хөврөөд л.... Хөөрхий Ё.Отгонбаярыг хаана л явбал гэрэл зурагчид мөрдөөд л.....
Гадуур явахад чинь нарлаж суугаа хоёр хөгшин “Энэ чинь өнөөх Их хурлын гишүүн Отгонбаяр уу даа. Энэ чинь авлига нэхэж хүн зодуулдаг гэнэ билээ шүү. Хүүхэд дүү нараа хол байлгаарай. Одоо шоронд орох гэж байгаа гэсэн шүү” гэж яриад л.... Жаахан охидууд, оюутнууд шивнэлдээд л .....ёстой амьтан болно доо. Отгонбаяр гишүүн минь. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр гэхээ больж “Хоригдол Ё.Отгонбаяр” болно.
Ингэж шившгээ тарьснаас “Отгонбаяраа чи үхвэл таарна даа”...Яахав монголчууд араас чинь нэг ч гэсэн маань уншина шүү дээ. Харин шоронд орвол “Болж болж, ялаа эдлэг, Харин ч багадуулж, насаар нь хатаах байсан юм” л гэнэ. Аягүй бол зарим нь “Буудах байсан юм” гэнэ.
Тэгээд ч шоронд орсон хүн улам эвдэрдэг, өчнөөн муу юм сураад гардаг юм гэсэн. Авлига нэхээд хүн зоддог хүн чинь шоронд хэдэн жил болоод гарч ирэхдээ хүн алж хүрээ талдаг, бүр хутгалдаг, бууддаг болоод гарч ирэх ч юм бил үү.
Хожим “Өнөөх сайд байгаад шоронд орсон Ё.Отгонбаяр гарч ирчихээд тэр зоогийн газрын үүдэнд хутга түрийлчихсэн, доллар нэхээд өгөөгүй хүнийг хутгалчихсан гэнэ” гэсэн мэдээ хэвлэлд гарвал төвөг.
“Отгонбаяраа та одоо үхвэл таарна”