Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИРЭХ НАМАР ХУРААХ ТАРИАГАА ТАРЬЧИХЛАА, ХОЙТОН ХАВАР ТАРИХ ТАЛБАЙДАА УРИНШ ХИЙЕ

Тариаланчдын хувьд нэг ажлаа амжуулаад  дараа жилийнхээ ажилд шууд ордог өвөрмөц технологитой хүмүүс. Энэ жилийн хаврын тариалалт дуусах шатандаа орж байна. Цаг агаар таатай байвал зургадугаар сарын 10 гэхэд үрсэлгээний ажил ерөнхийдөө жигдэрч дуусна гэж ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболд хэлж байна.  
Гол нь, тэнгэр хангай ивээж, нар хур нь тэгш байгаасай хэмээн ханцуй дотроо, залбирна. Яахав, хавь ойрын мал орж ирж идэх, талхлахыг хослуулах гэж сандаргана л даа.
Одоо хамгийн гол ажил бол дараа жилийн тариалах талбайдаа уринш хийх юм. Өнгөрсөн намраас улаан буудай, төмсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж эхэлсэн Монгол Улсын Засгийн газар  дараа жилээс бүх төрлийн таримал, төмс хүнсний ногоо, үр тариагаар улсынхаа бүхий л хэрэгцээг хангах зорилт тавьсан. Цаашдаа үр тариа экспортод гаргахад ч болохгүй гэх  зүйлгүй гэж байна.
Ийм цагт 2014 оны намар хэдий хэмжээний, чанарын хувьд ямар үр тариа хураан авах вэ гэдэг нь энэ хаврын уриншийн чанараас шууд шалтгаална. Чанартай сайн уринш хийхэд сайн техник, шатахуун хэрэгтэй. Засгийн газраас хэрэгжүүлсэн ажил, “Атрын гуравдугаар аян”-ы хүрээнд газар тариалангийн техникийг шинэчлэх ажлыг ээлж дараатайгаар хийж байгаа. Үрлэх, хураах техникүүд харьцангуй сайжирсан. Одоо ч дахиад дараагийн ээлжийн техникүүдийг дэс дараатай шинэчилнэ.
Одоо хамгийн хүнд зүйл бол шатахуун. Жилээс жилд үнэ нь бага багаар нэмэгддэг шатахуун хөөрхий тариаланчдын халаас хармааг гөвчихдөг ганц зүйл гэвэл буруудахгүй байх.
Энэ жилийн хаврын тариалалтын ажилд нийтдээ 20 орчим мянган тонн шатах, тослох материал шаардлагатай. Үүний 13 мянган тонн буюу талаас илүү хувийг нь  уринш бэлтгэхэд хэрэглэнэ. Аргагүй л дээ, 2014 онд тариалахад бэлтгэж энэ жил 330 мянган га талбайд уринш хийх болохоор тэр.
Шатахууныг энэ жил тариаланчид үнийн дүнгийн 50 хувийг одоо төлөөд, үлдэх 50 хувийг ирэх намрын ургацаасаа өгөх нөхцөлтэйгөөр зээлж авна. Ингээд л өр тавьж аваад байдаг болохоор намрын ургацаас орж ирэх хэдэн төгрөгийн нэлээд хувь нь шатахууны компаниуд руу урсана гэсэн үг. Ийм л бэрхшээлээс болоод тариаланчид бүрэн хөл дээрээ босч чаддаггүйгээс зарим нь техник тоног төхөөрөмж, трактор, комбайн, чиргүүл дүүжингээ шинэчилэхэд амаргүй байгаа хэрэг. Үүнээс гадна цаг агаарын эрс тэс нөхцөлд амьдардаг бидний ахиухан үр тариа хураан авах ганц арга уриншийг  чанартай хийхэд нөгөө л хөрөнгө мөнгөний гачаал саад болж буй нь үнэн. Уриншийг жинхэнэ технологийн дагуу дэс дарааллаар нь гурав үелээд хийчихэж чадаж байгаа бил үү. Нуулгүй үнэнийг хэлэхэд ганц, хоёрхон үе явчихдаг аж ахуйч, тариаланч бий. Үнэнийг хэлэхэд зун, намар ямар ч болох билээ, ургац ямар байх нь вэ, одоо баахан шатахуун, намар төлнө шүү дээ гэсэн болгоомжлол тариа тарьдаг хүн бүхэнд л байдаг. Бидний ярьдгаар манай тариаланчид “эвэр амлаж муу ёрлохгүй ч” сэтгэлийнх нь  гүнд болгоомжлол ямагт л байдаг болохоор тэр биз.
Эндээс л хэмнэх сэтгэл төрж, тааруухан уринш хийхэд хүрдэг явдал бий. Нөгөө нэг зүйл нь  бид өнөөдөр усалгаатай тариалан, бордоо гээд хошуурч байгаа ч талбайд цас хуримтлуулах, сүрлээр хучих зэрэг чийг хуримтлуулан хадгалах олон аргыг хэр их ашиглаж байгаа вэ.
Тариаланчид ирэх намар хураан авах тариагаа тарьчихаад, хойтон тарих талбайгаа бэлтгэх уринш хагалгааны ажилдаа орох цаг боллоо. 2014 оны хавар тариалах 330 мянган га талбайд уринш бэлтгэх ажил энэ сарын гол ажил байх нь ээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан