Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-ны өдөр http://www.gaystarnews.com/ сайтад ийм нэртэй нэгэн ярилцлага гарчээ. Gaystarnews-ын сурвалжлагч Монголын ЛГТБ-Төвийн гүйцэтгэх захирал Цэдэндэмбэрэлийн Отгонбаатартай ярилцаж, байгууллагаа хэрхэн байгуулсан, цаашдын нь төлөвлөгөөний талаар тодруулжээ.
-Монголын Лесби-гейчүүдийн төв хэзээ нээгдэв, яамар зам туулав?
-Бид бүр 2007 онд төрийн бус байгууллагаа байгуулах хүсэлтээ ХЗДХЯ-нд өгсөн. Тухай үед манай нэрийг зөвшөөрөөгүй учраас ХЗДХЯ бүртгэхээс татгалзсан. Тэгээд Хүний эрхийн комисс зэрэг байгууллагатай ярьж зөвлөлдөөд ЛГБТ-Төв гэдэг олон улсад түгээл болсон даруухан нэр сонгосон ч шийдэж өгөхгүй л байлаа. 2009 оны эхээр манай төвийнхөн дахиад л бүртгүүлэхийн тулд Иргэний бүртгэл мэдээллийн төв, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандсан. Бараг арваад удаа хандаж, тэд буцаасан даа. Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бидэнд албан бичгээр лесби, гейчүүдийн холбоо гэдэг чинь монгол уламжлал, зан заншилд харшилж байна, хүүхэд залуучуудад буруу үлгэр дууриал болно гэж хүртэл байлаа.
Эцэст нь дотоодын ч гадаадын ч шахалт, Хүний эрхийн үндэсний комиссын бүрэн эрхт гишүүн, Ерөнхийлөгчийн хүний эрхийн асуудлаар зөвлөх байсан хатагтай Ц.Оюунгэрэл, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимиг зэрэг хувь хүмүүсийн дэмжлэгээр 2009 оны арванхоёрдугаар сарын 16-нд манай төв бүртгүүлсэн.
-Юутай ч ингээд бүртгүүлчихэж. Одоо та бүхний хувьд.....?
-Багагүй хүндрэлийг даван туулж, энэ нь ч бидэнд шалгуур болсон. Тэгэж байж бид бүртгүүлчихлээ. Одоо бидний өмнө хийх ажил их байна. Бүртгүүлэх гэж явсан хугацаа, тэмцэл маань манай төвийн хувьд өөр хоорондоо нэгдэх, дотоод гадаадын бусад хүмүүс, ялангуяа хүний эрхийг хамгаалагчидтай ойлголцох, нөхөрлөх боломж олгосон.
-Ингээд 2009 оноос хойш Монголын ЛГБТ-төв юу хийв дээ?
-Богино хугацаанд өөрсдийн байгууллага төлөвшүүлж авлаа. Бас ч багагүй амжилт оллоо. Тэгээд 2011 оны олон улсын Фелип де Суза шагнал хүртлээ. Хамгийн гол нь монголын ЛГБТ-төв монгол дахь ЛГБТ хүний эрхийн өнөөгийн байдлын талаар илтгэл бэлтгэсэн. Эндээ Монгол Улсын Засгийн газарт хэд хэдэн санал тавьж байгаа юм. Үүнд: нэгдүгээрт Монгол Улсад бэлгийн өөр чиг хандлагыг зөвшөөрсөн заалтыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах, хоёрдугаарт: Монгол Улсын эрүүгийн хуульд, гэмт хэргийн тухай хэсэгт нь өөрчлөлт оруулах, гуравдугаарт: захиргааны хариуцлагын тухай хуль тогтоомжид ЛГБТ хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр өөрчлөлт оруулах гэсэн хүсэлт тавиад байгаа. Засгийн газар, эрх баригчид энэ талаар олон улсын нийтлэг байдлыг харгалзан авч үзнэ гэсэн. Энэ бол бидний өнөө хүртэл хийсэн ажлын гол ахиц, амжилт.
-Монголын анхны Бахархлын долоо хоногийг ирэх есдүгээр сард зохион байгуулна гэсэн, ямар ажлууд зохиох вэ?
-Монголын ЛГБТ-төв бусад хүний эрхийн байгууллагуудтай хамтраад есдүгээр сард Бахархлын долоо хоног зохион байгуулахаар төлөвлөж байна. Энд монголд анх удаа ЛГБТ бахархалын парад, кино наадам, аюулгүй сексийн тухай семинар, хууль хяналтын болон цагдаагийн ажилтнуудын зөвлөгөө зэргийг зохионо. Энэ бол монголд ижил хүйстнүүдийг төдийлөн зөвшөөрч, олон нийт бусдын адил үзэж чадахгүй байгаа өнөө үед лесби, гейчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг ойлгуулахад чухал ажил болно.
-ЛГБТ хүмүүсийн тухайд монголчууд хэрхэн ханддаг юм бэ дээ?
-Социалист дэглэмийн үе, ер нь 1990 он хүртэл монголчууд ЛГБТ гэж юу болохыг сайн мэдэхгүй байлаа. Энэ бүх нэр томъёог саяхнаас хүмүүс мэддэг боллоо. Манай төв өдөр бүр л бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлийн талаар тайлбарлан таниулж байна.
Нэг таатай зүйл нь монголын нийгэм бүхэлдээ залуу, тэгэхээр нийгэм биднийг ойлгож хүлээн авахад харьцангуй бага хугацаа зарцуулна. Залуу үеийнхэн чинь ардчиллын үнэт зүйлийг хамгаалах, хүний эрх эрх чөлөө гэж юу болохыг илүүтэй мэдэрнэ.
-ЛГБТ хүмүүст халдсан ямар тохиолдол Монголд бий юу?
-Байлгүй яахав. Манай хүмүүсийг үзэн ядаж эрх чөлөөнд нь халдаж байсан. Нэлээд хэдэн тохиолдолд цагдаа, шүүхийн байгууллагад хандаж байсан боловч үзэн ядах гэсэн гэмт хэргийн талаар манай хуульд чинь байдаггүй юм байна.
-Та өөрөө гей, гэрийнхэн чинь, хамт олон нийгэм хэрхэн ханддаг вэ?
-Би өөрийгөө гей гэдгийг бүр хүүхэд байхдаа мэдэж ингэж ч илэрхийлсээр ирсэн. Хэцүү байсан л даа. Юун түрүү ойр төрлийнхөн, орчныхон ойлгох эсэх. Харин гадаадад суралцсан минь миний нүдийг нээж ийм хүн ямар байх ёстойг анзаарснаар хэн байхаа мэдэж авсан даа. Одоо бол би чөлөөт иргэн, нөгөө талаар өөрийнхөө эрхийн төлөө тэмцэх эрхтэй хүн.
-Ер нь яагаад ЛГБТ-төвийн ажиллагаанд оролцох болов?
-Энэ бол миний сонголт. Сургуульд сурч гадаадад долоон жил амьдарлаа. Эргэж ирээд эх орондоо өөрийнхөө сурсан мэдсэн, чадах зүйлээрээ хувь нэмэр оруулахыг хүсч байна. Тэгээд ижил сонирхолтой найзуудтайгаа хамтраад энэ ЛГБТ-Төвийг байгуулсан. Тэгээд ч би өөрөө нийгмийн идэвхтэй хүн болохоор зүтгэж л явна.
-Монголын түүхэнд нэр алдартай хүмүүсээс гей байсан түүх бий юу. Өнгөрснй нийгмийн үеийн гей, транс хүмүүсийн талаар?
-Социализмын үед байсан, өнөө ч гэсэн гей-дуучин, нэр нөлөө бүхий хүмүүсийн тухай яриа байдаг л юм. Гэхдээ тэд хэзээ ч өөрийгөө бусдад мэдэгдүүлэхээр байдаггүй байсан бизээ.