Зүүн аймгуудад ажиллаж байгаа УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүд Дорнод аймагт өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр очжээ. Тус аймгийн 2013 оны орон нутгийн төсвийн нийт орлого 50 тэрбум төгрөг байхаар төлөвлөжээ. Үүнээс 11,1 тэрбумыг орон нутгийн хөгжлийн сангийн болон төсвийн хөрөнгө оруулалтад, долоон тэрбумыг халамжийн сангаас олгох зардалд, 23,9 тэрбумыг нь тусгай зориулалтын шилжүүлгийн орлогоор санхүүжигдэх төсөвт байгууллагуудын санхүүжилтэд, найман тэрбумыг төсөвт байгууллагуудын урсгал зардал болон орон нутгийн нөөцийн сан, байгаль хамгаалах сангийн зардалд тус тус зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ онд тус аймагт 41,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөснийг Дорнод аймгийн Засаг даргын орлогч П.Хишигтогтох танилцуулав.
Халхгол суманд 4600 орчим мал хорогджээ
Одоогоор аймгийн бүх суманд 20-60 см зузаан цасан бүрхүүл тогтоод байгаагаас Халх гол суманд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш 30 удаа цас орсны улмаас зудын байдалтай байгаа аж. Тус сумын 195 малчин өрхийн дийлэнх нь амьдардаг Ялалт багийнхан хамгийн хүнд байдалд байгаа учраас аймгийн удирдлагууд шуурхай арга хэмжээ авч улсын нөөцөөс авсан 2000 боодол өвс, 40 тонн хорголжин тэжээл, хоёр тонн гурилыг тус сумын малчдад тусламж болгож хүргүүлснийг аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга А.Энхтүвшин ярилаа. Халх гол сум өнгөрсөн оны сүүлчээр 63724 мал тоолуулснаас одоогийн байдлаар 4600 орчим мал хорогдсон байна. Ялангуяа, нийт үхрийнх нь талаас илүү хувь нь зуднаар хорогджээ. Уг нь, малчид боломжийнхоо хэрээр өвс, тэжээлээ базаасан ч намар гарсан хээрийн түймрийн улмаас сумын мал сүргийн гол бэлчээр болсон талбайн 90 хувь нь шатсанаас орсон цас шуурч хунгарласан нь өвөлжилт хаваржилтад ихээхэн хүндрэл учруулж байгаа аж. Аймгийн ҮХААХ-ийн дарга А.Энхтүвшин “Мал төллөж эхлэхээр эцэж, ядарсан хээлтэй мал хорогдох эрсдэл их байна. Бид Засгийн газар, Улсын онцгой комисст хэд хэдэн удаа хандсан. Боломжтой бүх арга хэмжээг авч байна” гэлээ. Үхсэн малын сэг, зэмийг булж, халдваргүйжүүлэн ариутгах ажлыг ирэх сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөжээ.
Нутгийн иргэд оношилгоо хийлгэхээр нийслэлийг зорих шаардлагагүй болж
Тус аймагт Орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгийг зарцуулах журамгүйгээс бүтээн байгуулалтын зарим ажил удаашралтай байгаа аж. Түүнчлэн уул уурхай, газрын тосны олборлох компаниудын үйл ажиллагаатай холбоотойгоор 100 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг яаралтай барьж эхлэх шаардлагатай гэнэ. Хэрэв хөрөнгө мөнгө нь шийдэгдвэл ийм станц гурван жилийн дотор барих боломжтойг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” компанийн захирал Ч.Чинбат УИХ-ын даргад танилцуулсан юм. Одоогоор тус компанийн 30 мВт-ын цахилгаан станц Сүхбаатар аймгийн 11, Дорнодын 11 сумыг эрчим хүч, дулаанаар хангаж, хүчин чадлынхаа 70 хувийг ашиглан ажиллаж байна.
УИХ-ын дарга З.Энхболд тус аймаг дахь Зүүн бүсийн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Уг МСҮТ-ийн үйл ажиллагаа нэлээд үр дүнтэй явж байгаа аж. Уул уурхай, хөдөө аж ахуй, төмөр зам, газрын тосны олборлолт, зам барилга гэсэн таван чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй тус төвийг төгсөгчид ажлын байраар бүрэн хангагдаж буйг УИХ-ын даргад дуулгав. Дөрвөн жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлэх гээд хятад хэлээр хэвлэгдсэн сурах бичиг бариад зогсч байснаа бодоход сургалтын материаллаг бааз, туршлага сайтай болсныг нь УИХ-ын дарга үнэлж байв. Харин төгсч буй мэргэжилтнүүдэд зэрэг олгох, цаашид их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжийг нэгдсэн бодлогоор хангах шаардлагатай байгааг УИХ-ын дарга хэллээ. Тус төвөөс олон улсын сайн дурын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа мөөгний тариалалтыг дэмжиж, цаашид жижиг, дунд үйлдвэрийн бизнес болгох бололцоотойг зөвлөж байв.
Одоогоос арван жилийн өмнө манай улсын хэмжээнд Бүсийн оношилгооны дөрвөн төв байгуулсны нэг нь Дорнод аймагт байдаг. 2005 онд Европын Холбооны 4.7 сая еврогийн төсөл хэрэгжсэнээр өдгөө компьютер томограф, эхо, рентген, гимодезийн гээд оношилгооны орчин үеийн өндөр хүчин чадалтай техник, тоног төхөөрөмжтэй болжээ. Аймгийн иргэд ч оношилгоо хийлгэхээр заавал нийслэлийг зорих шаардлагагүй болж. Дурангийн хагалгаа, бөөрний дутагдлын эмчилгээг хүртэл эндээ хийж байгаа, эмч нар нь ч гадаад, дотоодод мэргэжил, ур чадвараа дээшлүүлжээ. Харин хүний нөөц, тэр дундаа эх барих эмэгтэйчүүдийн эмч дутмаг, эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Долгор хэллээ.
УИХ-ын дарга З.Энхболд, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн М.Зоригт, Сангийн сайд Ч.Улаан нар амралтын өдөр Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтын үйл ажиллагаатай танилцав.
Бичигтийн боомтоор барилгын материал оруулах зардаг хэмнэнэ гэв
Зүүн аймгуудыг урд хөрштэй холбоход гүүр болж буй тус боомтыг Замын-Үүдийн боомтын нэгэн адил үйл ажиллагааг нь өргөтгөж, эдийн засгийн үр өгөөжийг нь дээшлүүлэх шаардлагатай байгааг холбогдох албаныхан энэ үеэр УИХ-ын даргаас хүслээ. Бичигтийн боомтоор урд хөршийн Улаанхад нэртэй муж руу нэвтэрч ихэвчлэн барилгын материал татаж, оруулж ирэхэд 100 гаруй км болдог аж. Харин Замын-Үүдийн боомтоор нэвтрүүлэхэд 300 гаруй км зам туулж материалаа оруулж ирдэг байна. Тиймээс Бичигтийн боомтоор дамжуулан тээвэрлэлт хийх нь зардал хэмнэх боломжтой аж.
Манай улс түүхий нефтиэ Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хот руу гаргаж боловсруулан буцааж импортлох гэрээ хэлэлцээрийг холбогдох газруудтай хийж байгаа тул цаашдаа Бичигтийн боомтоор нефть экспортлох, импортлох асуудал ч тавигдаж таарах нь. Тиймээс боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх нь нэн чухал аж. Мөн орон нутгийн удирдлага, иргэд ч Бичигтийн боомтыг аймгийн төвтэй холбосон хатуу хучилттай авто зам, Сүхбаатар аймгийг Улаанбаатар хоттой холбох авто замыг 2016 онд ашиглалтад оруулна гэж хүлээж суух биш ойрын үед барьж ашиглах нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэж үзэж буй гэв.