Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Пол Макартни: “Битлз” тарсны дараа амьдралдаа анх удаа итгэл алдарсан

Пол Жоны тухай ярьж байна. Домогт “Битлз”-ийн амьд түүх болсон Пол Макартни дэлхийн хэдэн зуун сая хүний шүтээн болсон энэ алдартай хамтлагийг үүсгэн байгуулагч Жон Леннонтой анх яаж танилцсанаас эхлээд хамтарч хэрхэн дуу зохиодог байсан тухайгаа, тэдний харилцаа юунаас болж хөндийрсөн,  хамтлаг тарахыг хэн санаачилсан тухай, мөн Ж.Леннонтой хамгийн сүүлд утсаар холбогдсон сүүлчийн яриагаа дурсч “Playboy” сэтгүүлд ийн ярьжээ.   
-Та Жон Леннонтой анх яаж уулзсанаа санадаг уу?
-Жоныг анх харахад тэр Дел Викинсийн  “Come Go With Me”-г дуулж байсан. Гэхдээ үгийг нь мэдэхгүй болохоор өөрөө зохиочихсон дуулж зогссон. Хүмүүс энэ дуунд их дуртай ч бичлэг нь олддоггүй байсан учир хааяа нэг радиогоор сонсоод, үгийг нь цээжилж амждаггүй байсан юм. Харин би  25 рок дууны үг мэддэг байсан учраас тэд намайг хамтлагтаа авсан. Гэхдээ бид бүгдээрээ яг нэг л гараанаас эхэлсэн. Гитар тоглож сурах гэж их л хичээллэдэг байлаа.
-Ленноных гэж боддог дуу таных байж, таных гэж бодож байсан дуу түүнийх байдаг.
-Тийм дуу олон байдаг. Аргагүй л дээ. Бид машинаар явахдаа дөрвүүлээ л хамт суудаг. Бидний хажууд хэн ч байдаггүй. Жолооч хүртэл тасалгаагаа хаачихдаг учраас бидний хэн юу ярьсан, юу бичсэнийг гадны хүмүүс мэдэхгүй шүү дээ.
-Та хоёрын ихэнх дуу Жоны гэрт төрсөн байдаг.
-Тийм шүү. Хааяа тэр манайд ирдэг ч голдуу би тэднийд очиж дуугаа бичдэг байсан юм.
-Та нарын хамгийн анхны дуу “Love me do” мөн бил үү?
-Тийм ээ, бидний бичүүлсэн хамгийн анхны дуу мөн. Гэхдээ энэ дууг бичүүлэх гэж их нервтэж байснаа санадаг юм. Жон гоцолж дуулсанаар бид студид бичүүлээд дуустал, найруулагч намайг гоцло гэж солиод. Дахиад бүхнийг шинээр эхэлж, их бухимдаж байж билээ.
-“Битлз” яагаад тарсан юм бэ. Энэ бүхэн юунаас эхэлсэн юм. Та Жоныг тэгтлээ их гомдоогоо юу?
-Энд гомдсон тухай ярьж болохгүй. Тэрнээс илүү хуримаа хийхээр хуучны сайн найзууд салдаг шиг л юм болсон гэж хэлж болно. “Энэ хуримын хонх намайг эртний андаас минь салгалаа” гэдэг дуу байдаг даа.  Жон дурласан. Мэдээж бидний хэн нь ч “Өө чи одоо түүнийг хайрлахаа боль” гэж хэлэх тэнэг биш. Бид үүнийг ойлгож байсан. Гэхдээ бидний хандлага тэднийг гомдоохыг мэдсээр байсан ч түүнээс өөрөөр байж чадаагүй  юм. “Түүнд Йокотой хамт байх цаг өг” гэж хэлж байснаа би санаж байна. Би түүнд хүүхэдтэйгээ хамт байх, Нью-Йоркт дасах, хүссэн бүхнээ хийх цаг өгөхийг хүссэн.
-Гэхдээ та тэгж чадаагүй.
-Яг тэр үед биш. Бид түүнийг ойлгохыг хичээсэн. Би тэр үед ганцаарчилсан хоёр дахь цомог “Ram”-аа гаргахаар ажиллаж байлаа. Жон энэ үед их л сургаал айлддаг болчихсон байв. Энэ нь намайг жаахан гэдийхэд хүргэсэн л дээ. Миний нэг дуунд байдаг юм. “Хэтэрхий олон хүн сургаал айлдах юм” гэж. Гэхдээ цомогт маань тэдний тухай өөр үг үсэг ороогүй. Харин тэд тэр цомгийг бүхэлдээ өөрсдийнх нь тухай байна гэж бодоод их эмзэглэж, дараа нь цомгоороо бидэнд хариу барьсан л даа.  Тэр үед “Бид ердөө л хоёр хувь хийсэн байхад тэд 200 хувь болгочихлоо” гэж хэлмээр санагдаж байсан.
-Жон ихэнх ярилцлагадаа “Битлз”-ийг хэзээ ч санадаггүй гэж ярьсан байдаг. Тэр үгэнд нь та итгэдэг үү?
-Мэдэхгүй. Минийхээр бол худлаа л болов уу. Жон “Битлз”-ийн үеийг дуусгаад Йокогийн үе эхлүүлэхийг хүссэн байх. Шинэ амьдрал нь хангалттай сонирхолтой байсан болохоор түүнд биднийг санах ч зав гараагүй биз.
-Түүнд ямар байсныг мэдэх гэж та ер нь оролдож үзсэн үү?
-Мэдээж тийм зүйл байсан. Гэхдээ олон нийтийн дунд чамайг муу хэлээд эхлэхээр, итгэл эвдэгддэг. Аа, энэ Жон зүгээр чалчиж л байна гэж бодоод. Гэхдээ би түүнийг сайн мэднэ. “Битлз” тарах хүртэл, түүний амьдралд Йоко орж ирэх хүртэл бид маш сайн хамтрагчид байлаа.
-Та хоёрын харилцааг аврах хамгийн чухал зүйл нь хөгжим л байсан байх даа.
-Тийм шүү. Леннон, Макартни хоёрын нэг сайн чанар нь бид баг дотроо өрсөлдаж чаддаг байсан. Гэхдээ үнэнийг хэлэхэд тэгж амьдрах хэцүү. Магадгүй үүнээс болоод л хамтлагууд тардаг байх. Тэгээд мэдээж Йоко шиг хүчирхэг эмэгтэй Жоныг өөрчилсөн. Жон өөрөөрөө байхаа больсон. Үүнийг нь би их шүүмжилдэг байсан л даа. Хэрэв бид утсаар ярьж байгаад маргалдвал тэр яг л Нью-Йоркийн хүн шиг үгнийхээ акцентаа өөрчлөөд л эхэлдэг байж билээ. Гэхдээ Жонд шинэ амьдрал нь таалагдсан. Хэрэв тэр одоо байсан бол “Би одоо л илүү аз жаргалтай байна” гэж хэлэх байсан даа.  
-Тэр зөвхөн Йокотой л хамт ажиллахыг хүссэн  гэж үү?

-Үгүй ээ. Би ч, Жон ч дахин хамтарч дуу хийхийг маш их хүсч байсан.
-Жон нас барсан гэдгийг та анх яаж сонссон бэ?
-Менежер маань өглөө над руу утасдаж хэлсэн  л дээ. Линда тэр үед хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөх гээд явчихсан байлаа. Түүнийг эргэж ирэхэд миний царай аймшигтай болсон байсан гэж тэр дараа нь ярьж байсан. Аймшигтай мөч. Галзуурмаар. Ухаан санаанд багтахгүй, тэвчиж чадахгүй юм шиг санагдаж байсан. Хэдийгээр бид өөр өөр газар байсан ч битлзийнхэнд бүгдэд нь, Жоны гурван найзад яг л ийм байсан. Бүгд ажилдаа явцгаасан. Ийм мэдээ сонсчихоод гэртээ суух хэцүү байсан учраас. Бид бүгд ажилдаа явж, хүмүүстэй хамт байх хэрэгтэй байлаа. Тэгэхгүй л бол тэвчиж чадахгүй байсан байх. Орой нь студиэс гарч ирэхэд бөөн сурвалжлагчид ирчихсэн “Жоны үхлийн тухай юу гэж бодож байна” гээд л шалгааж эхэлсэн. Би тэр өдрийн турш шоконд орсон байсан. Тэр үед сэтгэл ямар байсныг үгээр хэлэхийн аргагүй. Бид гэртээ ирээд хүүхдүүдтэйгээ хамт телевизээр энэ тухай мэдээ үзэж суугаад уйлцгаасан. Түүний дууг сонсоод уйлахаас өөр юу ч хийж чадаагүй.
-Та түүнтэй хамгийн сүүлд ярьснаа санаж байна уу?
-Тийм ээ. Бидний хамгийн сүүлчийн яриа их энгийн сайхан байсан. Ямар нэг  маргаж мэтгэлцэх зүйл гараагүй. Өмнө нь, бидэнд утсаар ярихдаа ширүүхэн маргалдаж, утсаа чулуудах үе бишгүйдээ нэг байсан даа.
-Та хоёр юу ярьсан юм бэ?
-Тэр гэр бүлийнхээ тухай, би Линда, хүүхдүүдийнхээ тухай  ярьсан. Тэр амьдралдаа туйлын сэтгэл хангалуун байсан. Шон түүний амьдралын маш том хэсэг нь байсан юм. Тэр яг ингэж хэлснийг санаж байна. “Ээ бурхан минь, би яг л авга эгч Мими шиг боллоо ” гэж. Тэр ингэж ярьж байхдаа их л аз жаргалтай байж билээ.
-Жоныг өнгөрсний дараа Йоко та хоёрын харилцаа өөрчлөгдсөн үү?
-Хамгийн гайхалтай нь, Жоныг өнгөрсний дараа л би Йоког бага зэрэг таньж эхэлсэн. Түүнд ямар нэг аргаар туслах зүйл байгаа болов уу гээд утсаар ярьдаг байсан. Тэгж ярилцахдаа Йокотой адил тал надад байгааг мэдсэн. Бид бүгдээрээ л адилхан асуудалтай хүмүүс юм гэдгээ ойлгосон.
-Йоког нэгэнт ойлгосон юм чинь та хоёр Жоны тухай ярилцсан биз дээ?
-Тэгсэн. Тэд хамтдаа суугаад миний дууг сонсдог байсан гэсэн.
-Жоны магтаал танд хэр чухал байсан бэ?
-Маш их. Гэхдээ тэр намайг магтаж  байсныг бараг л санадаггүй юм. Нэг удаа бид Австралид киноны зураг авалтаар өдөржин цанын баазад гулгаад бүгд их ядарч буудалдаа эргэж ирсэн. Би уг нь голдуу Жоржтой нэг өрөөнд ордог байсан л даа. Харин тэр өдөр тохиолдлоор Жонтой цуг нэг өрөөнд орж, нэг хуурцгаа сонслоо. Тэр хуурцагны нэг талд миний гурван дуу, нөгөө талд нь Жоны гурван дуу байсан юм. Ямар нэртэй цомог билээ, сайн санахгүй байна. Гэтэл тэр хөгжим сонсож байгаад  “Би өөрийнхөө дуунаас илүү чинийхэд дуртай” гэж анх удаа хэлж билээ. Би  тэр үед дотроо “Хөөх, энэ чинь л байхгүй юу даа” гэж хэлсэн. Энэ бол түүний надад хэлсэн хамгийн сайхан магтаал байсан даа. Тэр үед бидний хажууд хүн байгаагүй болохоор энэ үгийг хэн ч сонсоогүй л дээ. Ер нь, бид бүгдээрээ л Жоны амыг хардаг байсан. Тэр арай ахмад, удирдах авьяастай, ухаалаг гээд бүх л зүйл нь  бүрдсэн  учраас түүнийг үг бидэнд их чухал байлаа. Тэр хэзээ ч биднийг тэгж магтаж байгаагүй учраас энэ үг гайхамшигтай сайхан санагдаж билээ.
-“Yesterday” бол гарцаагүй таны хамгийн шилдэг хит дуу. Энэ дуу яаж төрсөн юм бэ?
-Орон дээрээ хэвтээд, хажууд байгаа төгөлдөр хуурныхаа товчлуур дээр гараараа хөнгөхөөн дараад хэвтэж байтал энэ ая толгойд орж ирсэн юм. Үнэндээ, би ийм дуу зохиочихлоо гэдгээ тэр үед мэдээгүй. Яагаад гэвэл, энэ дууг өмнө нь хаа нэгтээ сонссон юм шиг санагдаад. Тэгээд дуугаа зохиосны дараа хүмүүст сонсгоод “Өөр ямар нэг дуутай адилхан байна уу” гэж нэлээд олон удаа асуусан. Харин хүмүүс “Үгүй ээ, сайхан дуу байна” гэж байсан.
-Жон, Ринго, Жорж гурав байхгүйд  та хэнд дуугаа анх сонсгодог вэ?
-Хүүхдүүддээ. Хүүхдүүдээ цуглуулж байгаад төгөлдөр хуураар тоглож үзүүлнэ. Тэд дууны маань үг шүлгэнд хааяа санаа нэмдэг шүү.
Хэрвээ та мөрөөдлийн хамтлагаа байгуулъя гэвэл хэн хэнийг багтаа урих вэ?
-Битлзийнхэн, Линда, бас Эрик Клэптон.
-Ганц, ганцаараа байснаас хамтлагаараа байх нь хавьгүй илүү гэдэгт та санал нийлэх үү?
-Тийм шүү. Тэр тодорхой.
-Харин ихэнх уран бүтээлчид ганцаарчилсан бүтээлээ хамтлагийнхтай эн зэрэгцэхүйц гэж үнэлдэг.
-Бидний хувьд дөрвүүлээ хамтдаа байх нь тус тусдаа байхаас хавьгүй дээр байсан. “Битлз”-ийн нэг онцлог бол бид хамтдаа маш урт хугацаа туулж өнгөрүүлсэн. Нэг гэр бүл болж, бие биеэ хараад унших хэмжээнд хүртэл дотно болсон хүмүүс. Тийм ч учраас бидний уран бүтээл чанартай сайн гардаг байсан юм. Харин бизнестэй хутгалдаад төгсгөл рүүгээ ойртсон доо.
-“Битлз” тарсан нь хөгжмийн ертөнцийн түүхэнд хамгийн том дуулиан байсан. Энэ тухай өөрийн тань амнаас сонсмоор байна. Пол, та “Битлз”-ийг  тараахыг хүсч байсан уу, эсвэл цааш үргэлжлүүлье гэж бодож байсан уу?
-Миний хүсэл бол “Битлз”-ийг хэзээ ч битгий тараасай гэдэг бодол байлаа. Тийм ч учраас нэг жижиг газар эргэж нэгдээд, хэвийн байдалдаа орсны дараа хуучныхаараа тоглож эхэлье гэж бодож байсан. Хамгийн түрүүнд хөгжмөө тоглоод, бусад зүйлээ хоёрдугаарт тавих. Гэхдээ Жон ингэж хүсээгүй. Тэр шинэ менежер Аллен Клейн рүү утасдаад цааш явахыг хүсэхгүй байна гэдгээ хэлсэн байсан. Харин Аллен түүнд бусдадаа энэ тухайгаа хэлээд хэрэггүй шүү гэж сануулсан гэсэн. Намайг “Алив залуус аа эргээд нийлье. Жижиг клубд тоглоцгооё, тэгээд…” гэж хэлэхийг оролдож байсан яг тэр үед Жон салах тухай ам нээсэн. Бид энэ мэдээг сонсоод, арай гэж шокноос гарсны дараа хамтлаг тарах шийдвэрийг дор дороо чимээгүйхэн хүлээн зөвшөөрсөн дөө. Гэхдээ бид энэ тухай хэзээ олон нийтэд зарлахаа мэдэхгүй хэсэг явсан. Бизнесийн шалтгаанаар энэ тухай мэдэгдэж болохгүй хэдэн сар хүлээсэн юм. Гэвч энэ нь надад маш хэцүү байсан. Магадгүй Жон Клейний нөлөөнд орсон байх л даа.
-Гэхдээ Битлз тарах тухай та түрүүлж ам нээсэн болохоор таагүй хандлага та руу чиглэсэн.
-Хоёр байна уу гурван сарын дараа, намайг ганцаарчилсан цомгоо гаргахаар ажиллаж байхад манай нэг залуу “Хэвлэлийнхнийг яах вэ” гэж асуусан. Жоны мэдээнд цочирдоод байсан болохоор “Би хэвлэлийнхэнтэй харилцаж чадахгүй. “Битлз”-ийн тухай энэ бүх асуултыг үзэн ядаж байна”  гэж хэлж байсан. Гэтэл тэд хэдхэн асуултад хариулахад л болно шүү дээ гэж ятгаад би энэ тухай олон нийтэд зарласан юм.
-Та хувийнхаа зүгээс дутуу л тооцож дээ, өөртөө муугаар.
-Цомгоо гаргах гэж яарч байсан тэр үед үнэхээр буруу шийдвэр байсан. Миний оронд Жон үүнийг зарлах ёстой байсан юм. Тэр хамгийн анх энэ мэдээг зарлах гэж хүсч байсныг дараа нь ойлгосон.  
-Тийм ээ. Тэрээр нэг ярилцлагадаа “Пол цомгоо олны анхаарлын төвд оруулах гэж энэ тухай зарласныг уучилж чадахгүй” гэж хэлсэн байсан.
-Би үнэнийг зарласан нь цаг хугацааны л асуудал байсан. Хэн нэгэн нь энэ үнэнийг зайлшгүй хэлэх ёстой гэж би бодсон. Би олон нийтийг хуурахыг хүсээгүй.
-Хамтлаг тарсан нь танд хэр хүнд туссан бэ?
-“Битлз” тарсан тухай албан ёсны мэдээг манай менежер Нейл Аспиналл унших үед эмгэнэл сонсч юм шиг л маш хүнд санагдаж байсан. “Ээ бурхан минь, бид үнэхээр Битлзийг салгачихлаа гэж үү, чөтгөр ав” гэж бодогдсон. Амьдралдаа хэзээ ч үзээгүй зүйлтэйгээ тэгэхэд нүүр тулгарсан. Анх удаа ажилгүй хүн боллоо. “Надад мөнгө байна, амьдрал тийм ч муугүй байна шүү дээ” гэж өөртөө хэлсэн ч үнэндээ мөнгөөр хэмжихээргүй сэтгэлийн зовлонтой учирсан. Бүх зүйл хоосон санагдаж, амьдралдаа анх удаа итгэл алдарсан даа. Ээжийгээ өнгөрөхөд ч би ингэж шаналаагүй санагдана. Тэр үед надтай хамт амьдрах Линдад туйлын хүнд байсан байх.
-Энэ байдлаас гарах анхны алхам тань “Вингс” байсан уу?
-Тийм ээ. Ямар нэг юм хийх ёстой байсан юм.  
-Та геройн хэрэглэж байсан уу?
-Үгүй. Тэгээд ч мансууруулах бодисын тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярихыг би хүсдэггүй.  Би хүүхдүүдээ үлгэр дууриал болох эцэг хүн.
-Та  одоо дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болсон уу?
-Би мөнгөний тоо хэмжээ ярих дургүй. Энэ бол хувийн асуудал. Аав маань хэдэн төгрөгийн орлого олсноо хэзээ ч ээжид маань хэлж байгаагүй. Би ч тэгдэг. Тэгэхээр хөрөнгө мөнгөө дэлхий нийтэд зарлаад байхгүй нь ойлгомжтой биз дээ. Ер нь, мөнгөөр бүхнийг хэмжиж болохгүй. Хэрэв намайг 15-тай байхад юуны төлөө дуу бичдэг вэ гэж асуусан бол мөнгөний төлөө гэж хэлэх байсан. Харин одоо бол өөр.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Австри байлгүй дээ австралид юун цас байхав
Леноны нэг ярилцлагыг уншиж байхад бас л Полыг буруутгасан өнгөтэй байсан. Гэхдээ нэгэнт болоод өнгөрсөн асуудал.Гол нь Битлз агуу хамтлаг байсан нь л бидний сэтгэлд тод үлдсэн байдаг.
дэс дараа, логиктой гоё ярилцлага байна. Гэхдээ Леноныг их буруушаасан тал нь хэт юм шиг. Зарим талдаа Полийг бас энэ ярилцлага дээр Леноныг хэлсэн шиг ярьдаг...Үүх түүхээс харахад
Хамгийн их уншсан