Орон нутгийн сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Сонгуульд янз бүрийн угшил, гаралтай эрхмүүд нэр дэвшиж буй. Олны танил нэгэн байхад, огт танихгүй нэгэн ч энэ сонгуульд “уралдахаар” зэхэж байгаа аж. Гэхдээ хэний дэмжлэгтэйгээр яаж нэр дэвшиж байгаа нь хачирхалтай.
Баянгол дүүрэг 39 төлөөлөгч сонгох ёстой аж. Мэдээж олон суудал авахын тулд тус дүүргийн АН сонгогдох магадлал өндөртэй хүмүүсийг дэвшүүлж байгаа нь ойлгомжтой. Тэгвэл энэ дүүрэгт Засаг ноёноос эхлээд бүх л шатанд нь алба хашсан одоогийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн эхнэр, хүү, охин нь нэр дэвшиж байгааг нэгэн эх сурвалж өгүүлэв. Мөн эх сурвалжийн хэлснээр эрхэм сайдын жолооч, туслах нь байсан хүн ч энэ сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж “сойгдож” байгаа юм байна.
Тодруулбал, С.Эрдэнэ сайдын эхнэр Н.Нинжбадгар Баянгол дүүргийн 20 дугаар хороонд нэр дэвшиж байгаа бол Эрдэнийн Ганболор наймдугаар хороонд нэр дэвшиж байна. Харин Эрдэнийн Содгэрэл нь намын жагсаалтаар орон нутгийн парламентад нэр дэвшиж байна. Түүний туслахаар нь ажиллаж байсан Т.Сэр-Од гэдэг бүсгүй мөн дүүргийн 14 дүгээр хорооны иргэдийг төлөөлөхөөр зэхэж байгаа бололтой.
Уг нь, Үндсэн хуулиар бол хэн ч ямар ч шатны сонгуульд нэр дэвших эрхтэй. Тиймдээ ч тэднийг нэр дэвшихийг үгүйсгэсэнгүй. Хамгийн гол нь Баянгол дүүрэгт өөрийн вант улсаа тогтоохыг ийн эрмэлзэж буй эрхэм сайд үүнийхээ эхлэлийг гэр бүл, ойр тойрныхоо хүмүүсийг төлөөлөгч болгосноор тавьж байгаа бололтой. Өчигдөр л гэхэд жиргээчид, “Хэрэв Баянгол дүүрэгт АН ялбал С.Эрдэнэ сайдын эхнэр нь Засаг дарга болж, охин нь орлогч нь болох байх” гэхчлэн мессэж тарааж байсан. Энэ хэдийгээр тоглоом наргиан мэт боловч үнэн хэрэгтээ эрхэм сайд вант улс байгуулах эхний алхамаа үүгээр баталгаажуулж байгаа бололтой.