УИХ-ын гишүүн асан Д.Энхбат Ногоон намыг төлөөлөн парламентад дөрвөн жил суув. Парламентад суух үедээ ханилж явсан нөхдөөсөө урваж, Ногоон намаа Иргэний Зориг намд дагаар оруулсан. Дуулиан тарин байж гаргасан энэ шийдвэр нь харин өөрт нь ашигтайгаар эргэж чадсангүй. Харин ч улс төрөөс түүнийг үдэж өгөв. Өөрөөр хэлбэл, Д.Энхбат ингээд л гэрлээ унтраагаад улс төрөөс гараад явчих байсан юм бол Ногоон намыг Иргэний Зоригт нэгтгэх гэж тэгтлээ чичрэх ямар шаардлагатай юм бэ гэсэн асуултыг улс төрийн хүрээнд хариултгүй үлдээлээ.
ИЗНН-ын улс төрийн зөвлөл хуралдаад Д.Энхбатыг ИЗНН-ын даргын ажлаас нь чөлөөлчихөж. Улс төрийн намууд сонгуулиар л ажлаа дүгнэдэг. Гэтэл Д.Энхбатыг намын дарга атлаа сонгуулийн үеэр ажиллахаас татгалзаж, хариуцлагаас зугтсан хэмээн намын нөхөд нь зад шүүмжилжээ. Түүнд хариуцлага тооцохоор шийдэж, намын даргаас нь буулгах шийдвэр гаргасан байх юм.
Энэ шийдвэр гарахаас бүр өмнө, өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээ тодруулах ИЗНН-ын Үндэсний хорооны хурлын дараахан Д.Энхбат ингэж мэдэгдэж байлаа. “Удаан бодсоны эцэст би 2012 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй байхаар шийдлээ. Энэ миний л сонголт. Өчигдөр хуралдсан ИЗНН-ын Үндэсний хорооны хурал дээр олон хүн УИХ-ын сонгуульд нэр дэвшихийн төлөө, харин би намын жагсаалтаас нэрээ хасуулахын төлөө тэмцэлдэв. Манай намын гишүүд миний шийдвэрийг хүндэтгэн хүлээж авсанд талархлаа илэрхийлье. Тэд миний нэрийг намын жагсаалтын хоёрдугаарт бичихийг бараг 100 хувь дэмжсэн ч би нэрээ татсан юм” гэжээ.
Харин энэ тухай намын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж УИХ-д заларсан С.Дэмбэрэлээс тодруулахад Д.Энхбатад нэлээд дурамжхан байгаа хандлага ажиглагдсан билээ. “Д.Энхбат сонгуулийн өмнө надад хэлэхдээ “Өнгөрсөн дөрвөн жил парламентад намаа төлөөлж ганцаараа суулаа. Парламентад цөөхүүлээ суух дэмий юм байна. Тиймээс УИХ-д нэр дэвшихгүй” гэсэн. Харин сонгуулийн дараа “Энэ улс оронд стратеги алга. Ийм байхад би намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох шаардлага ч алга Тиймээс би татгалзлаа” гэсэн утгатай үг хэлсэн хэмээн тайлбарлав. Лавшруулаад “Д.Энхбат даргын орны хүнийг хэзээ сонгох вэ. ИЗНН-д нэг даргын суудал онгойчихлоо шүү дээ” гэж асуухад “Суудалсаад байх ч юу билээ дээ. Намар манай нам их хурлаа хийнэ. Энэ үеэрээ л хэлэлцчихнэ” гэлээ.
Эдгээр тайлбар үнэндээ зүгээр л бултаж, булзааруулсан үг байлаа. Яагаад ч юм, үүний цаана асар том өрсөлдөөн нуугдаж байсан тухай яриа ч бий. Мэдээж, тэдний хооронд намын жагсаалтын хоёрдугаарт бичигдэхийн төлөөх тэмцэл өрнөж, тэднийг хонь, чоно болгосон гэдэг шүү дээ. Энэ тухай учир мэдэх хүмүүс амнаас ам дамжин ярьсаар л байна. Харин энэ тэмцэлд ИЗНН-ынхан С.Дэмбэрэлийг авч үлдэхээр шийдэж, Д.Энхбатыг улс төрөөс бараг л арчаад хаячихав. Тэр аргагүйн эрхэнд гэрлээ унтраагаад, улс төрөөс бүрмөсөн явахаар шийдэв бололтой.
Ямарсайндаа л, шинэ парламент тангаргаа өргөх өдөр “Өнөөдөр УИХ-ын шинэ гишүүд тангаргаа өргөлөө. Сонгуульд шударгаар өрсөлдөж, олон түмний итгэлийг хүлээн сонгогдсон гишүүдэд баяр хүргэе. Хууль ёсоор шинэ гишүүд тангаргаа өргөж, харин миний УИХ-ын гишүүний мандат дуусгавар болов. Би дараагийн ажилдаа орлоо” хэмээн блогтоо бичжээ.
Гэвч, яагаад намын жагсаалтын хоёрдугаарт бичигдэх өрсөлдөөнд С.Дэмбэрэл ялсан юм бол гэдэг оньсого хэвээр үлдэв. Магадгүй, С.Дэмбэрэл Иргэний Зориг намынх болоод тэр үү. Хэрэв тийм бол Иргэний Зоригийнхон Ногоон намынхныг далаар нь тавьжээ гэсэн үг. Д.Энхбат дагаар орсон нь алдаа байжээ гэдэг товчхон дүгнэлт л гарна. Соёлтой ч юм шиг тайлбараар далдалсан том тэмцлийн үр дүн энэ байлаа. Д.Энхбат улс төрөөс бүр явав.