Шатахууны үнэ тогтвортой байх нь өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ, иргэдийн халаасыг хөндөхгүй нөхцөлийг бүрдүүлдэг. Засгийн газрын ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд импортын шатахууны онцгой албан татварыг энэ оны 7-р сарын 01, 10-р сарын 01-нээс хоёр үе шаттай нэмэгдүүлэх болсон. Ингэснээр төсвийн орлого 92 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоог Сангийн яам хийсэн билээ.
Одоогоор Сангийн яам, УУЯ уг татварын мөрдөж эхлэх хугацааг хойшлуулах, нэмэгдэх хувь хэмжээг бууруулах талаар ОУВС-тай хэлэлцэж байгаа аж. Шатахууны үнийг бууруулах тогтворжуулах зорилгоор Засгийн газраас 2016, 2017 оны эхээр Онцгой албан татварыг нь буруулсан байдаг. Иймд уг татварын орлого 210 тэрбум төгрөгөөр буурчээ.
Улсын хэмжээнд ердийн хэрэглээний 42 хоногийн шатахууны нөөц байна. Үүнийг шатахууны төрөл тус бүрээр авч үзвэл А-80 автобензин 67, АИ-92 автобензин 58, ДТ 27, ТС-1 онгоцны түлш 21 хоног хүрэлцэх аж.