УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа үнэмлэхүй ялалт байгуулсан МАН үнсэж үнгэлцэж байгаад л Засгийн газраа байгуулсан. Тухайн үед хэвлэл мэдээллээр ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй гэсэн хүмүүсийг яамдын сайдын суудалд суулгаж хэвлэл мэдээллээр багагүй баалуулсан. Гэсэн ч МАН гүрийсээр сайдуудаа баталсан юм. Гэвч үүний гор нь гарч байна уу гэлтэй эхнээсээ нууцаар байгуулсан концессын гэрээ нь ил гарч, Засгийн газрын байр суурь ганхаж эхэлсэн юм. Ийнхүү түүхэнд бичигдэхээр 65-ын бүлэг өөрсдийнхөө байгуулсан Ж.Эрдэнэбатын Засгийн газарыг нэг жил хоёр сарын дараа огцрууллаа.
Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй МАН-ын 30 гишүүн өргөн барьж үүнийг нь сөрөг хүчин болох АН-ын 9 гишүүн, бие даагч С.Жавхлан нар дэмжсэн нь хангалттай хүрэлцэхүйц кноп байв.
Огцруулах бичиг өргөн барьсан гишүүд дор бүрнээ “Надад албан тушаал хэрэггүй. Албан тушаалын төлөө яваагүй” гэх үгс унагасан юм. Тэр дундаа Засгийн газрыг огцруулахад "гавьяа байгуулсан" залуу гишүүн Т.Аюурсайхан, Н.Учрал, Д.Гарамжав нарын нэр бүхий гишүүн хэлсэн үгэндээ эзэн байх эсэх нь тун сонирхолтой сэдэв болж байна.
Дараагийн Ерөнхий сайд хэн байх, түүний танхимд хэн хэн багтах зэрэг намрын улстөрийн халуун үйл явдал өрнөх нь. Хэн хэлсэндээ хүрч, хэн нь буцахыг харах л үлдлээ.