“Инвест Монголиа 2017” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр
Монгол улсын ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын ахлах зөвлөх
Н.Энхбаяраас цөөн асуултад хариулт авлаа.
Энэ жилийн “Инвест Монголиа 2017” чуулга уулзалтад оролцож байгаа хөрөнгө оруулагчид аль салбарыг илүүтэй сонирхож байна вэ? Чуулганд оролцогчдын тоо өнгөрсөн онтой харьцуулахад нэмэгдсэн үү?
Уул уурхайн салбар гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан хэвээр байна. Монгол улсын хувьд уул уурхайн салбар харьцангуй залуу гэж ойлгож болно. Олон улсын түвшинд харьцуулахад бидэнд энэ салбарт үйл ажиллагаа явуулсан 50-100 жилээр хэмжигдэх туршлага байхгүй. 2007 онд Монгол улсад уул уурхайн салбарыг чиглэсэн хөрөнгө оруулагчдын анхны том давалгаа орж ирсэн. Түүнээс хойш дэлхий зах зээл дээр түүхий эдийн үнэ унасантай холбоотойгоор зөвхөн Монгол улсад биш дэлхий даяар 2012-2016 оны хооронд хөрөнгө оруулалт саарсан. Харин 2016 оны 4-р улирлаас хойш уул уурхайн түүхий эдийн үнэ ханш үүн дотроо металл эд болон нүүрсний үнэ ханш тогтвортой өсөх хандлагатай байна. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид дахин Монгол улсыг сонирхож ирж байна. Инвест Монголиа 2017, Coal Mongolia 2017 зэрэг уулзалтад оролцохоор бүртгүүлсэн хөрөнгө оруулагчдын тоо үүнийг илэрхийлж байгаа юм.
Хөрөнгө оруулагчид Засгийн газраас юу хүсч байна вэ?
Хөрөнгө оруулагчид татвар болон хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг хүсч байна. Засгийн газар ч ийм бодлого баримталж байгаа. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд садаа болж байгаа нэг том асуудал бол дэд бүтэц байна. Манай улс өнөөдрийг хүртэл дэд бүтцийн хөгжлийн үзүүлэлтээр дэлхийд хойгуур байр эзэлж ирсэн. Монгол улсын нийт экспортын 30-40 хувь нь зөвхөн өмнөд хилийн Гашуунсухайтын боомтоор гарч байна. Гэтэл Гашуунсухайтын боомтын бараа таваар нэвтрүүлэх хүчин чадлын хэмжээ, экспортоор гарч байгаа зэс, нүүрс зэрэг бүтээгдэхүүний хэмжээтэй харьцуулахад хол зөрүүтэй тоо гарна. Хятадын зах зээлд манай улстай ижил төрлийн бүтээгдэхүүн экспортолдог Австрали, Чили, Бразил зэрэг улс орнууд 10-20 мянган км-ын цаанаас бүтээгдэхүүнээ төмөр зам, далайн тээврээр авчирч байгаа. Гэтэл бид Тавантолгойн нүүрсээ Бугатын төмөрлөгийн үйлдвэр хүргэхийн тулд 500 км замыг туулдаг. Одоо Бугатын төмөрлөгийн үйлдвэр хүртэл 260 км төмөр зам барьж чадвал ганцхан ачилт буулгалтаар нүүрсээ экспортлох боломжтой болно. Маш том давуу тал үүснэ. Дэд бүтцийн асуудлыг шийдэхийн тулд улс төрийн тогтвортой байдал чухал нөлөө үзүүлнэ.
Монгол улсын татварын орчин хөрөнгө оруулахад таатай нөхцөл бүрдүүлж чадсан уу?
Манай улсын аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дэлхийн бусад улс оронтой харьцуулахад бага. Хөрөнгө оруулагчдыг татахад саад болж байгаа зүйл гэвэл татварын орчин гэхээсээ илүүтэй дэд бүтцийн саад бэрхшээл юм. Монголд геологийн хайгуулын ажил явуулахаар гадны хөрөнгө оруулагчид орж ирж байна. Хөрөнгө оруулалтын орчин таатай гэж үзсэн учир тэд хайгуулын ажлаа эхлүүлж байгаа.
Уул уурхай гэсэн ганцхан салбараас эдийн засгийн хувьд хараат байгаа нь эрсдэлтэй гэж судлаачид хэлдэг. Бусад салбарыг хөгжүүлэх чиглэлд засгийн газар ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ?
Эдийн засгийг төрөлжүүлэх нь Засгийн газрын урт хугацааны зорилт юм. Бид эхний ээлжинд дунд хугацаандаа экспортоор гаргаж байгаа бүтээгдэхүүний нэр төрлийн нэмэгдүүлэх ёстой. Зөвхөн уул уурхайн салбар дээр авч үзэхэд экспортоор гарч байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээ сүүлийн жилүүдэд 10 гаруй болж нэмэгдсэн. Хөдөө аж ахуйн салбарыг бид маш их ярьж байгаа. Гэхдээ хөдөө аж ахуйн салбарт байгалиас хамааралтай хүчин зүйлс их байна. Ган, зуд, дээр нь малын халдварт өвчин. Үүнийг даван туулах боломжтой. Бусад улсын мал аж ахуйн салбарт мөрддөг эрүүл ахуйн шаардлагыг хангах ажлыг хийх хэрэгтэй. Экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг утгаараа Монгол улсын хөдөө, аж ахуйн салбарт боломж бий.
Эдийн засгийг тогтворжуулах чиглэлд ямар ажлууд хийх ёстой вэ? Гадаад өр, бондын эргэн төлөлт эдийн засгийг тогтворжуулахад саад болно гэж зарим шинжээчид дүгнэж байна.
Эдийн засгийн тогтвортой байдал Макро эдийн засгийг бүрдүүлэгч салбаруудтай холбоотой. Салбар бүрт тогтвортой байдлыг бий болгох хэрэгтэй. Тухайлбал уул уурхайн салбар жил бүр 20 сая тонн нүүрс экспортлох боломжтой. Үүнийг л хийх хэрэгтэй. Газар тариалан дээр гэхэд 2 жил тутамд нэг болж байгаа гангийн давтамжийг зохистой шийдвэрлэх гантай жил ч ургацаа хурааж авдаг болох боломжууд байгаа. Хамгийн гол нь захиргааны аргаар биш, тушаал шийдвэрээр биш, шинжлэх ухаанч байдлаар судалгааны аргаар асуудалд хандах хэрэгтэй. Ганцхан хүндрэл байгаа нь гадаад өрийн дарамт 2012-2016 оны хооронд их хэмжээний богино хугацаатай бонд гаргаж өр тавьсан. Өрийн дарамтаас гарахын тулд өрийг хэсэгчлэн хувааж төлөх арга замыг олох ёстой. Нэг жилд 1 тэрбум ам.долларын зээл төлөх нь эдийн засагт дарамт үзүүлнэ.
Г.Лхагва