Т.ЖАНЦАН
Эрх баригчид эдийн засгийн хямралыг алт ухаж давах зорилт тавьж байгаа. Ингээд энэ оноос “Алт-2” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээр одоогоор алтны шороон ордод нөөц 30 гаруй тонн бий аж. Монголбанк өнгөрсөн онд 18 тонн алт худалдан авсан байдаг. Дээрх хөтөлбөр хэрэгжсэнээр жилд 25 тонн алт олборлох тооцоо гараад байгаа. Мөн алтны эрэл хайгуулыг энэ оноос идвэхжүүлж хайгуулын лиценз, хөнгөлөлтэй зээл зэргийг олгохоор болжээ. Ийм учраас алтны нөөц 150 тонноор нэмэгдэнэ хэмээн тооцоод байна.
Эхний ээлжинд алтны эрэл хяналтын сэдэвчилсэн судалгааны ажил хийх нь. Алтны гол нөөцтэй төв, зүүн бүсийн нутагт өмнө нь судлагдсан, тэмдэглэгдсэн газруудыг шалгаж, нөөц тогтооно. Хайгуулын ажлын хүрээнд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгох юм. Мөн өргөдлийн журмаар хайгуулын лиценз олгоно. Иймд алтны хайгуулын лицензийг нийт 18 сая орчим га талбайд олгоно. Харин сонгон шалгаруулалтын журмаар 1.6 сая га газрыг нэмж олгохоор Засгийн газраас тогтоол гарчээ. Энэ оны эхний улирлын байдлаар ашиглалтын лицензтэй 1580 компани бий. Үүнээс алт олборлох ашиглалтын лицензтэй нь 500 байгаа юм. Харин хайгуулын 1941 хайгуулын лиценз олгосон бөгөөд энэ нь нийт газар нутгийн 6.9 хувийг хамарч байна. Харин ашиглалтын тусгай зөвшөөрөл 1580 олгогдож Монгол орны нийт газар нутгийн 0.9 хувийг эзлэх болжээ.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 2.9 тонн алт олборлооод байна. Дэлхийн зах зээлд нэг унц алтны дундаж үнэ 1228 ам.доллар байгаа. Олон улсын металлын шинжээчдийн үзэж буйгаар дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн хэвээр байгаа тул алтны үнэ тогтвортой өсөлтөө хадгална хэмээн тамааглаж буй билээ.
Дэлхийн зэсийн нийлүүлэлтийн томоохон хэсгийг Чилийн Эскондида, Индонезийн Грасберг уурхайнууд бүрдүүлдэг. Гэтэл эдгээр уурхайд ажил хаясны улмаас зэсийн нийлүүлэлт буурсан нь үнэ өсөхөд нөлөөлөв. Одоогоор нэг тонн зэсийн дундаж үнэ Лондонгийн металлын бирж дээр 5581 ам.доллар байгаа юм. Манай улс энэ оны эхний дөрвөн сард 434 мянган тонн зэсийн баяжмал, 1893 тонн молибденийн баяжмал экспортолсон дүн гарав.
Монголын томоохон компани эдүгээ Өвөрхангай аймгийн Онгийн голоос Арвайхээр сум хүртэл 20 орчим километрийн өргөнтэй зэс, молибденийн томоохон орд илрүүлсэн ч нууцалж байгаа мэдээлэл бий. Алт грамм тутам нь 97396 төгрөгөөр үнэлэгдэж байсан бол одоо 98495 төгрөгт хүрч 1.5 хувийн өсчээ. Тоог бүхэл дүнгээр авч үзвэл нэг килограмм алт 98 сая 495 мянган төгрөгийн үнэлгээтэй байгаа гэсэн үг.
Мөнгөний үнэ бага зэрэг буурч нэг грамм нь 1389 төгрөгийн үнэтэй байсан. Харин өнгөрсөн сараас 1354 төгрөг болоод байна. Манай экспортын гол түүхий эдийн нэг 56 хувийн агуулгатай төмрийн хүдрээ нэг тонныг нь 63.8, 60 хувийн агуулгатай төмрийн хүдрийн баяжмалаа 78.5 ам.доллараар экспортолж байгаа. Энэ оны эхний дөрвөн сард 887 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолов.
Нүүрсний зах зээлийн гол тоглогчийн нэг Австрали юм. Тус улсын Квийнсланд уурхайд үер бууж нүүрс олборлолт нь буурч саатсан. Энэ коксжих нүүрсний үнийг өсгөсөн билээ. Гэвч одоо нүүрс олборлолт нь сэргэж богино хугацааны үнийн өсөлт буурч эхэлсэн. Тухайлбал, нэг тонн нь 310 ам.долларт хүрч байсан бол энэ сарын эхээр 175 болж буураад байна. Иймд шинжээчид нүүрсний өснө гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлж буй билээ.