Т.ЖАНЦАН
Зарим компаниуд татвараас бултаж хувь хүний нэр дээр алтаа тушаадаг
Нэгэн үе нинжа хэмээн нэрлэгдсэн олз хайгчдын арми алт гарсан газарт сүрэглэн буудаг байсан цаг саяхан. Үүнийг зохион байгуулалтад оруулж цэгцлэх хуультай болох гэж хоёр удаа боловсруулсан батлагдаагүй. Учир нь 100 мянга давж байсан нинжагын арми цөөрсөн тул Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам гаргаж зохицуулах болсон. Эдүгээ энэ журамыг өөрчлөхөөр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Үүнд бичил уурхай эрхлэх талбай олгох, татвар ногдуулах, нөхөн сэргээлт хийх, олборлосон алтыг нь худалдаж авах сүлжээ байгуулах зэрэг асуудлыг шинэчлэн тусгах ажээ. Бичил уурхай эрхлэгчдийн орлогыг тодорхойлох боломжгүй. Ийм учраас тавар авахад хүндрэл учирсан. Уг нь нэг бичил уурхайчинд сард 53 мянган төгрөгийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн. Гэвч энэ татвараа төлдөг нь цөөхөн ажээ. Ийм учраас тэднээс ямар хэмжээний татвар хэрхэн ногдуулах асуудлыг шийдэх юм.
Одоогоор Швейцарийн хөгжлийн агентлагын судалгаагаар зургаан мянган иргэн бичил уурхайнчин байгаа аж. Үүнээс гадна 30 орчим мянган нинжа байгаа баримт ч бий. Ашигт малтмал газрын тосны газраас хийсэн судалгаагаар төмпөн үүрч газар сэндийчиж яваа нөхөд олборлсон алтныхаа үр шимийг хүртэж чаддаггүй. Харин тэднийг дагаж цайны газар, дэлгүүр ажилуулдаг, алт худалдан авдаг ченжүүд үр шимийг нь хүртдэг байна. Учир нь тэр төмпөн үүрсэн нөхдүүд зээлсэн хоол хүнс, барааныхаа үнэд олсон жаахан алтаа өгөөд өрнөөс өрний хооронд амьдардаг ажээ. Мөн өдөрт олборлсон алтаа борлуулах гэж сум, аймгийн төв, нийслэл рүү явж чаддаггүй, тийм зав боломжгүй тул алтны ченжүүдийн дураараа тогтоосон ханшаар зарж борлуулдаг. Иймд гар аргаар алт олборлогчид зөвхөн өдрийн хэрэгцээгээ хангадаг хэмээн Ашигт малтмал, газрын тосны газар, УУХҮЯ-ны мэргэжилтнүүд хэлж буй юм. Тэгэхээр Монголбанкинд алт худалдан авах сүлжээг орон нутаг байгуулах саналыг тус газраас тавиад байгаа гэнэ. Засгийн газраас баталсан “Алт-2” хөтөлбөрт ч бичил уурхайчдын тухай тусгасан бөгөөд төв банкны алт худалдан авах хоёр төвийг орон нутагт байгуулна гэсэн байна. Монголбанк өнгөрсөн онд 18 тонн алт худалдан авсан дүн гарсан. Энэ алтны 10 орчим тонныг нь хувь хүмүүсийн тушаажээ. Өөрөөр хэлбэл хувиараа алт олборлож буй иргэд үүнийг бүрдүүлсэн хэмээн үзэж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын мэргэжилтнүүдийн тооцоогоор нэг хүн өдөрт 2-3 гр алт олборлож буй судалгаа гарчээ. Ийм учраас хувь хүмүүсийн Монголбанкинд тушаасан алтны хэмжээ өсөхөд нөлөөлсөн гэж үзэж буй юм.
Гэхдээ алт олборлогч жижиг компаниуд татвараас бултаж хувь хүний нэрээр тушаасан тал байгааг ч мэргэжлийн байгууллагууд үгүйсгэхгүй байгаа билээ. Монголбанкинд алт тушаасан иргэнээс зөвхөн ашигт малтмалын нөөц ашигласны 2.5 хувийн татвар л авч буй. Энэ нь зарим компанийг бусад татвараас бултах завшаан олгож буй тал байгаа юм. Дашрамд дурдхад алт хөтөлбөр хэрэгжсэнээр манай улсын алтны нөөц 100-150 тонноор нэмэгдэх тооцоо бий. Иймд жилд олборлох алтны хэмжээ тогтмол өсч 2020 он гэхэд жилд 25 тоннод хүрэх төсөөлөл гараад байгаа юм.
Ашигт малтмал газрын тосны газрын судалгаагаар нөхөрлөл, хоршоо байгуулсан албан ёсны бүртгэлтэй бичил уурхайчдад 16 аймгийн 34 суманд 1637 га 94 талбай олгож болох дүгнэлт гарсан байна. Гэвч 30 орчим талбайг нь бичил уурхайчдад олгожээ. Үлдсэн талбайд нь алтны агуулга, нөөц бага тул түүнийг ашиглах сонирхол бичил уурхайчдад байхгүй юм. Үүнээс гадна алт илэрсэн 11 талбайд бичил уурхайн зөвшөөрөл аваагүй нинжа хэмээн нэрлэгдсэн иргэд ажиллаж буй дүн байна.