НИТХ дахь Ардчилсан намын бүлэг “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Улаанбаатар хотын одоогийн удирдлагууд мөнгөтэй хэрнээ сэтгэл гаргаж ажиллахгүй байна хэмээн мэдэгдсэн юм.
Мэдэгдэлд “С.Батболд нийслэлийн Засаг даргаар томилогдоод 9 сар өнгөрөхөд НИТХ-д 15 тогтоолын төсөл өргөн барьсан. Энэ нь өмнөх Засаг даргын мөн үетэй харьцуулахад хоёр дахин бага. Мөн үндсэн чиглэлд 2017 онд хэрэгжүүлэхээр 15 хөтөлбөр, 7 дэд хөтөлбөр тусгаснаас одоогоор нэг нь ч НИТХ болон Тэргүүлэгчдийн хурлаар батлагдаагүй. Үүний зэрэгцээ энэ оны төсвийн нийт зарлагын хэмжээ 601 тэрбум буюу өнгөрсөн жилийн төсвөөс даруй 50 тэрбум төгрөгөөр илүү батлагдсан. Ийм их хэмжээний төсөв хэрнээ нийслэлд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээгүй, харин ч урлаг, уран сайхан, шоу цэнгүүнд хөрөнгө гаргаж байна.
Түүнчлэн нийслэлийн захиргаа Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байгаагийн дээр оруулсан мэдээлэлд нь хэвлэл мэдээллийнхэн болон сөрөг хүчний зүгээс шүүмжлэлтэй хандахаар мэдээллээ устгадаг. Өнөөдөр ийн Улаанбаатар хот нээлттэй бус хаалттай хот боллоо.
Одоо Гэр хорооллын дахин төлөвлөлт, Ахмадын орон сууц, цахим газар өмчлөл, бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор зэрэг иргэдийн дунд хамгийн их хүлээлттэй байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд хаана хэн хэрэгжүүлэх нь тодорхой бус байна. Гэтэл нийслэлийн төр засгийн байгууллагуудын түвшинд улстөржилт газар авч, хууль зөрчсөн томилгоо хийдэг эсвэл зарим хороод хурлаа хийдэггүй, хийсэн хурлыг нь баталгаажуулдаггүй зэрэг зөрчил давтагдаж байна. Иймд АН-ын бүлгээс нийслэлийн Засаг даргын өнгөрсөн 9 сарын хугацааны ажилд “Бүрэн хангалтгүй” гэсэн үнэлгээ өгч байна” хэмээн ярьлаа.