Монголын өдөр тутмын сонинуудын холбооны гишүүд өчигдөр хуралдаж, удирдлагаа шинээр томиллоо. Монголын өдөр тутмын 10 гаруй сонины ерөнхий эрхлэгч нар санал нэгтэйгээр “Засгийн газрын мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Эрдэнэбаатарын Долгионыг Монголын өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгчөөр томилсон юм.
“Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Засгийн газрын мэдээ”, “Үндэсний шуудан”, “Ардчилал”, “Монголын мэдээ”, “Үндэсний мэдээ”, “Улс төрийн тойм”, “Монголын үнэн”, “Өглөөний сонин” зэрэг Монголын өдөр тутмын тэргүүлэх сонинууд эл холбоонд харьяалагддаг ба Монголын хэвлэлийн эрх чөлөө, салбарын хөгжил, сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадвар нь тус холбооны үйл ажиллагаатай салшгүй холбогддог юм. Дөрөв дэх засаглалын үүргийг бодитойгоор хэрэгжүүлэхийн тулд хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хариуцлагатай сэтгүүл зүйн тогтолцоог бий болгох, сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг хэвшүүлэх зэрэг асуудалд анхаарч ажиллахаа Монголын өдөр тутмын сонинуудын холбооны ерөнхийлөгч Э.Долгион тэмдэглэж байна.
Монголын өдөр тутмын сонинуудын холбооны анхны ерөнхийлөгчөөр нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсан томилогдон ажиллаж байсан юм. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Монголын хэвлэл мэдээллийн салбар, тэр дундаа өдөр тутмын сонины салбарт лидерүүд хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн, “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболд, “News” агентлагийн захирал Б.Тэмүүлэн, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч асан С.Батбаатар, “Монголын мэдээ” сонины ерөнхий эрхлэгч С.Гантогоо болон Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр нар томилогдон ажиллаж байв.