Б.БАДРАЛ
Хөрш залгаа БНХАУ сүүлийн хэдэн жилийн турш Улаанбаатартай адил асуудалд ороод байгааг уншигч та хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Үүнийг мэргэжилтнүүд “Газар тариалангийн орноос хэдхэн жилийн дотор үсрэнгүй хөгжиж, аж үйлдвэрлэлийн орон болж хувирахыг дагаж гардаг гарцаагүй сөрөг үр дагавар” гэж дүгнэдэг. Аж үйлдвэржсэн орон болоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг зүйл бол эрчим хүч. Харин манай урд хөрш цахилгаан эрчим хүчнийхээ 70 хувийг нүүрс түлдэг дулааны цахилгаан станцуудаас гарган авдаг.
Хэдийгээр энэ чиглэлээр эрчимтэй арга хэмжээ авч, нөхөн сэргээгдэх эрчим хүчний салбарт зарцуулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж, салхин цахилгаан станц, усан цахилгаан станц гэх мэт төслүүдэд асар их хөрөнгө оруулалт хийж байгаа тухай яриа тасрахгүй байгаа ч эрчим хүчний салбарт нь онцын өөрлөлт гарсангүй. Тухайлбал, БНХАУ 2016 оны байдлаар цахилгаан, дулааныхаа 70 хувийг нүүрс шатааж гаргаж авсан нь хөгжиж буй эдийн засагтай орнуудын дотор дахин дээд амжилт тогтоосон явдал байлаа. Гэсэн ч БНХАУ-ын Засгийн газарт урт хугацаандаа үр дүнгээ өгөх “нөөц” төлөвлөгөө байгаа тул Эрчим хүчний яам нь 2026 он гэхэд нүүрсний хэрэглээг 40 хувь хүргэж бууруулах төлөвлөгөө байгаа гэж мэдэгдсэн юм.
Энэ нь бидэнд ямар хамаатай вэ
Нүүрсний хэрэглээг бууруулж, байгаль орчин, агаар мандлыг цэвэршүүлэх гол үүргийг цөмийн эрчим хүчинд ногдуулсан явдал нь бидэнд бага, сага хамаатай. Зөвхөн 2016 онд гэхэд манай урд хөрш 20 шинэ цөмийн реактор ашиглалтад оруулж. Үүндээ тэд 52 тэрбум ам.доллар зарцуулсан тухай Дэлхийн цөмийн ассоциаци мэдээлсэн байна.
Нэг цөмийн цахилгаан станц нь анхны төлөвлөлтөөсөө хамаараад хэдэн ч реактортой байж болдог. Нэг реактор нь тусдаа турбин, генератор зэргийг агуулсан бараг л бие даасан цахилгаан станцын дайтай юм. Ингээд Хятадад одоо байгаа цөмийн цахилгаан эрчим хүчний салбарын хүчин чадал 32 гигаватт байгаа бол 2026 он гэхэд 100 гигаватт болох ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл гурав дахин нэмнэ гэсэн үг.
Иймд Хятадын Засгийн газар нь нүүрснээс хараат байдлаа багасгах, цөмийн эрчим хүчний салбараа хөгжүүлэхийн тулд шинээр 176 цөмийн реактор барих төслийг хэлэлцэж байгаа гэсэн мэдээг “BMI Research” гаргасан байна. Энэ бүхэн нь Хятадын эрчим хүчний хэрэгцээний 10-15 хувийг хангахад хүрэлцэнэ. Тэгвэл энэ олон цөмийн цахилгаан станцад хамгийн хэрэгтэй зүйл юу вэ.
Ураны хэрэгцээ
Мэдээж уран. Манайд олборлох, баяжуулах, элдвээр ашиглахыг нь хориглон тэмцээд байгаа уран. Энэ чиглэлээр судалгаа явуулдаг шинжээчдийн гаргасан статистик мэдээнээс үзвэл ураны батлагдсан нөөцийн хэмжээгээр Австрали дэлхийд тэргүүлдэг. Манай хойд хөрш гуравдугаарт ордог. Харин манай урд хөрш 199 мянган тонн ураны батлагдсан нөөцтэй гэдгээрээ аравдугаарт ордог бол манай улс 141 мянган тонн батлагдсан нөөцтэй гэдгээрээ 11 дүгээрт ордог юм байна. Энэ хэдий их мэт санагдаж болох ч ураны 235 гэсэн тодорхой изотопыг ашиглаад үлдсэн нь бараг л хэрэггүй болж үлддэг онцлогтой. (Байгаль дээрх бүх ураны 99.28 хувь орчмыг U238-ын изотоп, үлдэж буй хэсгийн ихэнх нь U235 бөгөөд энэ нь хяналт бүхий орчинд байгалийнхаа шинжээр зарлд орж, их хэмжээний эрчим хүч гаргаж чадах уран юм.-сэтгүүлч) Бүр тодруулбал байгаль дээрх ураны ердөө 1 хувь нь л энэхүү “уран 235” гэсэн изотоп байдаг аж.
Үүнтэй холбоотойгоор судлаачид олон цөмийн реактор барьж байгаа Хятадад ураны хэрэгцээ эрс нэмэгдэх нь гарцаагүй гэж үзэж байгаа юм. Товчхондоо, ураны импорт маш чухал зүйл нь болно гэжээ. Тухайлбал, 2010 онд Хятад 17 мянган тонн уран импортолсон бол “Цөмийн эрчим хүчний мэдээ” сэтгүүл 2011 онд Хятадыг 170 мянган тонн уран импортлохоор төвлөж байгаа тухай мэдээлж байсан нь импорт ямар чухал болохыг харуулж байгаа талаар иш татжээ. Одоо нэмээд 176 цөмийн реактор барих төлөвлөгөөтэй гэхээр асар их тоо гарна. Тиймээс цөмийн цахилгаан станц барих гэхээс илүүтэйгээр ураны хэрэгцээгээ тасралтгүй хангах нь Хятадын хувьд энэ чиглэлийн “№1” асуудал болж хувирч байгаа хэрэг.
Найдвартай улсын эрэлд
Хамгийн гол нь уран нь цөмийн цахилгаан станцаас гадна цөмийн зэвсэгт хэрэглэгддэг онцлогтой тул АНУ, Франц, Орос гэх мэт цөмийн зэвсэгтэй орнуудын “эзэн” сууж амжаагүй орд газар бүхий улс оронтой тохиролцоонд хүрч, тэндээс байгалийн уран авах явдал нэн чухал. Өөрөөр хэлбэл, эдгээр гүрний улс төрийн нөлөөнөөс ангид, шаардлагатай үед үгэнд нь ордог улс хэрэгтэй.
Энэ хүрээнд Хятад нь Африк тивийн орнуудыг онцгойлон анхаарч байгаа, ураны нөөц ихтэй Нигер, Намибд зарим орд газар худалдан авсан тухай ч яригдаж байна. Ард ахиад Ботсвана, Танзани гээд ураны баялаг орд газартай улс орон цөөнгүй. Гэвч Африк тив нэг онцлогтой. Улс төрийн байдал тогтворгүй, хөл толгой нь мэдэгдэхгүй олон овог, аймаг ёстой орондоо орох завгүй олзолдон байлдаж, бараг л жил болгон шахуу төрийн эргэлт, шинэ иргэний дайн үүсч байдаг газар гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх. Парламентын байна уу, Ерөнхийлөгчийн байна уу, ямар нэг сонгууль дуусмагц үр дүнг нь хүлээн зөвшөөрсөн ба зөвшөөрөхгүй гэж хоёр хуваагдаж байгаад байлдаж эхэлнэ. Ийм нөхцөлд уран олборлоно гэдэг тун амаргүй даваа.
Тиймээс энэ талаар идэвхтэй эрэл хайгуул явуулж, гэрээ хэлэлцээр байгуулж байна. 2012 он хүртэл Казахстан нь Хятад руу хамгийн их ураны хүдэр нийлүүлдэг улс байсан. Гэвч Росатом 2013 онд гол компаниудын хувьцааг худалдан авснаар үндсэндээ Казахстаны уран олборлолтыг атгаад авсан. Гэхдээ л “Казахатомпром” нь улсдаа үйлдвэрлэгдэж байгаа цөмийн реакторын түлшнийхээ 40 хүртэл хувийг Хятадад нийлүүлэхэд бэлэн тухайгаа мэдэгдснн, тодорхой хэмжээгээр хэрэгжүүлээд эхэлсэн.
Ингээд зогсохгүй цөмийн түлш худалдан авах талаар Австрали, АНУ, Оростой хүртэл янз бүрийн хэлэлцээ явуулж, багагүй амжилтад хүрсэн байдаг. Гэхдээ энд бас нэг онцлог бий. Гаднаас цөмийн реакторынхоо түлшийг худалдан авч, яваандаа цөмийн цахилгаан станц төдийгүй энэ салбарын аж үйлдвэрлэл, шинжлэх ухааны гээд олон зүйл дээр гаднаас хамааралтай болно гэсэн үг. Дээр нь өөрсдийн цөмийн зэвсэгт тохирсон урантай байх ёстой. Харин гаднаас авсан цөмийн түлшийг цөмийн цэнэгт хошуу болгон боловсруулах боломжгүй болгосон байдаг. Тиймээс түлш бус харин байгалийн уран худалдан авах нь стратегийн хувьд хамаагүй ашигтай. Тиймээс л хэдий улс төрийн нөхцлийг тааж хэлэхэд хэцүү ч гэлээ Африкийн орнуудад анхаарч байна. Ер нь бол улс төрийн байдал харьцангуй тогтвортой, дайн тулаан болохгүй гэсэн баталгаа 100 хувьтай, газар нутгийн байршил таатай буюу тээвэрлэлтийн зардал хамгийн бага, эдийн засгийн хувьд өөрсдөөс нь аль болох хамааралтай улс байвал сайн нь байх ойлгомжтой. Жишээлбэл, Узбекистан нь Зөвлөлтийн үеэс авч үлдсэн баяжуулах үйлдвэрээ түшиглээд 2021 он хүртэл 800 сая ам.долларын ураныг Хятадад нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэхдээ Узбекистанаас гадна дээр дурдагдсан шаардлагыг хангасан өөр нэг улс бий.
Бид яавал дээр вэ?
Дэлхий даяар нүүрсний хэрэглээг багасгаад байгаа үед манай улс хэдэн жилийн дараа эдийн засгийн хямралаас гарч, хэзээ урд ба хойд хөршөөс харьцангуй бага хамааралтай болж чадах вэ. 2026 он гэхэд амжих болов уу? Явж, явж өр төлбөрөө төлөх, нийгмийн халамжийн талаар өгсөн нүсэр их амлалтаа биелүүлэхийн тулд томоохон орд газруудаас эхлээд ураны орд газруудаа ашиглаж л таарах байх. Далай ламыг урилаа гэж уучлал гуйж, дипломат ёсоо алдсан бид урд хөршид уран хэрэгтэй байна гэхээр үгүй гэж хэлж чадах уу. Эсвэл зүгээр дараад хэвтэх үү. Хүний дарамт, шахалтанд орж, загнуулж чичлүүлэн байж ашигласнаас өөрсдөө урьтаад хөрөнгө оруулалт хийж, харьцангуй аюулгүй хэлбэрээр олборлоод эхэлбэл наанадаж нэр хүнд, цаандаж эдийн засаг, байгаль орчин хэрэгтэй л байх хувилбарууд бий гэдгийг сануулах нь илүүц биз.
Дашрамд сонирхуулахад
Хятад улс нь цөмийн эрчим хүчний салбарын хүчин чадлыг 100 гигаватт болгоно гэсэн тоог зүгээр нэг гаргаж ирээгүй юм. АНУ нь одоогоор 100 гаруй цөмийн реактортой бөгөөд тэд 100 гигаватт гаруй цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн улсын хэрэгцээнийхээ 20 хувийг хангаж байдаг. Гэхдээ цөмийн эрчим хүчний салбарын тэргүүлэгч улс нь Франц. Францын 58 цөмийн реактор нь тус улсын эрчим хүчний 73 хувийг хангаж байдаг бол Их Британид цөмийн цахилгаан станцууд эрчим хүчний 23 хувийг хангаж байдаг. Дэлхий дээр нийт 31 орон цөмийн цахилгаан станцтай байдаг.