Т.ЦЭЛМЭГ
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өчигдөр яаралтай хурал зарлаж, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар мэдээлэл хийнэ хэмэн зар түгээсэн. Харин зарласан цагаасаа хожимдож ирсэн тэрээр огт өөр сэдвээр яриагаа эхлүүлэв.
Тэрээр “Улс орны эдийн засаг хүнд байгаа учир УИХ-д суухаасаа өмнө бизнес хийж байсан учраас хувиасаа 100 сая төгрөг хандивлана гэлээ. Хувь эзэмшдэг компаниудын удирдлага хэдэн төгрөгийн хандив өргөхийг хэлж мэдэхгүй байна. Ямартай ч эдийн засгаа сэргээхэд хандив өргөх иргэдийн санаачилгад нэгдэж, УИХ-ын гишүүд, бизнесийнхнийг уриалж байгаа” аж. Тэгвэл түүнтэй хамт хэвлэлийн бага хуралд оролцсон УИХ-ын гишүүн Н.Оюундарь “580 сая ам.долларын өрийг төлөхөд нэмэр болох хэрэгтэй” гэсэн юм. Гэтэл бондын төлбөр болох 580 сая ам.долларыг Засгийн газар төлөх болсон талаараа саяхан мэдэгдэж байсан. Тэгэхээр бондын төлбөрт мөнгө цуглуулъя гээд байна уу, эдийн засгаа сэргээхэд хандив өргөе гэсэн үү ойлгомжгүй зүйл байгаа юм. Том төслүүдээ хөдөлгөхөд МАН-ын бүлэг нэгдмэл байр суурьтай байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан дурдсан. Манай улсын бизнесийн салбар ерөнхийдөө улирлын чанартай байдаг болохоор Цагаан сарын дараанаас аяндаа хөдөлгөөнд орж сэргээд ирэх байх гэж тайлбарлав.
Гавьяат эдийн засагч Б.Осоргарав 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгжөө хандивлаж эдийн засгийн хямралаас гаргахыг уриалсан. Түүний хандив дээр Б.Дэлгэрсайхан гишүүний 100 сая төгрөг нэмэгдэж байна. Н.Оюундарь гишүүн гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байж хэдэн төгрөг хандивлахаа дараа нь мэдэгдэнэ гэсэн. Тэдний мэдээллийн дараа УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ /Ажнай/ 30 мянган ам.долларын хандив өгөхөөр болсон байна.
Харин энэ хандивын дансны хяналтыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хийх хэрэгтэйг гишүүд хэлэв. Тухайлбал, хэнээс хэдэн төгрөг хандивт өгч байгаа мэдээг өдөр бүр тоо баримт, нэр устай нь гаргаж байх ёстой гэв. УИХ-ын гишүүд дундаа хөрөнгө орлогоороо дээгүүрт орох Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь нар ямар хөрөнгөтэй, хэдэн компанид хувьцаа эзэмшдэг вэ. Б.Дэлгэрсайхан дөрвөн тэрбум 736,8 сая төгрөгийн орлоготой, гурван орон сууц, хоёр объект нь 4,3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй, 376,8 сая төгрөгийн хадгаламжтай. “Дорнын говь” ХХК, “Монголиан Транс Ложистик” ХХК, “Эйфел Вью Юниверсал Холдингс” ХХК-ийг тус тус 100 хувь эзэмшдэг бол “Монтай Эрдэнэ” ХХК-ийн 50 хувь, “Их говийн шанд ХХК” 51 хувь, “Монтаймайнз” ХХК-ийн 51 хувь мөн түүнийх. Өөр дөрвөн компанийн 10-35 хувийг эзэмшдэг хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ. Нийтдээ 10 компанид хувь, хувьцаа эзэмшдэг.
Н.Оюундарь 19,5 сая төгрөг, гэр бүл нь нэг тэрбум 843,8 сая төгрөгийн орлого олсон, 350 сая төгрөгийн өртөг бүхий гурван орон сууцтай, 830 сая төгрөгийн үнэт эдлэл, 216,5 сая төгрөгийн хадгаламжтай ч Голомт банкинд 60 сая төгрөгийн өртэй юм байна. “Блюмон” ХХК, “Сура хаус” ХХК, “Нью Мохито” ХХК, “Риаж” ХХК, “Нарны эрхэс” ХХК, “Бльюмон Кареринг” ХХК, “Петротранс топ” ХХК, “Петротранс Дорнод” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. Нийт 17 компанид хувь, хувьцаа эзэмшдэгээс дээр дурдсанаас бусдад нь 33-70 хувь нь Н.Оюундарь нэр дээр хөрөнгө орлогын мэдүүлэгт бүртгэгджээ. Голдуу хоолны газар, рестораны бизнес эрхэлдэг юм. Гэхдээ тэрээр хараахан хэдэн төгрөг хандивлахаа хэлээгүй байгаа билээ.