2009 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Ардчилсан намын олон мянган гишүүн “Ардчиллын өргөө”-ний шавыг тавьж байсан. Тухайн үед АН-ын дарга Н.Алтанхуяг байсан ба Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театрын дунд байх АН-ын байрны оронд “Ардчиллын өргөө”-г барихаар болсон юм. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулан 20 давхар байшин барихын тулд хандивын аян орон даяар өрнүүлж байсан. Зураг төслийг “Baldan’s” ХХК хийж, 27,780 ам.метр тайлбатай, А, Б гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэхээр, 120 метрийн өндөр цамхагтай, пирамид оройтойгоор гаргажээ.
“Ардчиллын өргөө”-д хандив өргөсөн АН-ын гишүүддээ бэлгэдэл болгон тоосго, дурсгалын зүйлс өгч ч байсан. Гэвч одоог хүртэл энэ ордны сураг гарах нь бүү хэл, газар нь АН-ын мэдэлд байгаа юу гэдэг асуудал сөхөгдөж эхэллээ. Энэ талаар Ардчилсан намын олон мянган гишүүдийн өмнөөс тодруулахаар мэдээлэл хийлгэсэн юм. АН-ын ахмад гишүүн О.Цоодол, Д.Батсайхан, Н.Төмөрбаатар нар дараахь баримтыг өглөө.
“Ардчиллын өргөө”-д хандивласан мөнгө юунд зарцуулагдсаныг тайлагнахыг АН-ын анхдагч гишүүд хүслээ. Зарим эх сурвалжийн хэлснээр “Ардчиллын өргөө”-д зарцуулахаар цугласан долоон тэрбум төгрөгийн 900 орчим сая төгрөг нь зарцуулагдсан баримт байгаа бол 3-4 тэрбум төгрөгийг хэрхэн юунд зориулсан ямар ч баримт сэлт байхгүй гэнэ.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн АН-ын байрыг Н.Алтанхуягийн хамаатан Ө.Пүрэвбаатар, хуучин эхнэрийн дүү н.Сайнтөгс нар хувьдаа авсан тухай баримт байгаа гэв.