-Түлэгдэлтээс үүдсэн нийт нас баралтын 14.4 хувийг тав хүртэлх насныхан эзэлж байна-
Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн нэгдүгээр давхарт “түр хоргодох” нэрээр таван жилийг элээж буй Түлэнхийн төвийн барилгын ажил худалч хүнд 20 орчим жил дуншжээ. 1957 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн тус эмнэлгийн хуучин барилга “ашиглалтын хугацаа дууссан, үйл ажиллагаа явуулах боломжгүй” гэх мэргэжлийн хяналтын дүгнэлтээр 2011 онд актлагдсанаас хойш даруй зургаан жил өнгөрчээ.
Угтаа Түлэнхийн төвийн барилгын асуудал тав, зургаан жилээр ч хэмжигдэхгүй. Тасралтгүй 55 жил өвчтөн хүлээж авсан уг эмнэлгийг шинэ байртай болгох тухай асуудал тэртээ 2000 оноос яригдаж эхэлсэн түүхтэй. Тухайн үед шинээр барихаар төлөвлөж байсан барилга зураг төслийнхөө дагуу 700 саяас нэг тэрбум төгрөгөөр босох байсан ч үе үеийн төр засгийнхны харам зангаас болж өдий хүртэл царцжээ. Энэ хооронд үнийн өсөлт, эдийн засгийн нөхцөл байдал, барилгын салбарын өсөлтөөс шалтгаалж жил ирэх тусам шаардлагатай төсөв хөрөнгө нь өсөн нэмэгдсээр өдгөө 26 тэрбум төгрөгт хүрээд байна.
Ямартай ч, хуучин байрыг нь “нураах хөрөнгөгүй” гэх шалтгаанаар Түлэнхийн төвийн балгас гурав, дөрвөн жил болсон. Золоор 2013 онд нураах хөрөнгө мөнгийг нь баталж улмаар эмнэлгийн шинэ барилгын ажил эхэлсэн. Гурван блок бүхий шинэ барилгын ажилд “Цаст констракшн” болон “Нутгийн зам” ХХК-иуд гүйцэтгэгчээр орж, нийт барилга угсралтын ажилд 26 тэрбум төгрөг шаардлагатай гэх тооцоо судалгаа гаргасан байдаг. Эхний ээлжинд улсын төсвөөс хөрөнгийг нь гаргаж хоёр блокын цутгалтын ажил эхэлсэн ч өнгөрсөн жилээс хөрөнгө оруулалтгүйн учир ажлаа зогсоосон байдаг. Улмаар ажил нь зогссон гүйцэтгэгчид захиалагч талд хандсанд “Шаардлагатай хөрөнгийг нэг дор шийдэх боломжгүй” хэмээн УИХ-аас хариу өгчээ. Одоогоор тус барилгын А блокын 1-5 дугаар давхрын багана, дам нуруу, хучилтын ажил болон Б блокын зоорийн давхрын цутгалтын ажил тус тус хийгдсэн бөгөөд барилгын ажил 50 гаруй хувьтай явж байгаа гэх.
Шинэ байртай болгох тухай яригдаж эхэлсэн 2000 оноос хойш 17 жил царцсан Түлэнхийн төв өнгөрсөн хугацаанд эдийн засаг, төсөв мөнгөний хувьд ч ихээхэн хохирол учруулсныг харж болохоор. Магадгүй 2000 ондоо баригдчихсан бол чамгүй хөрөнгө мөнгө хэмнэхээр байв. Гэхдээ мөнгө төгрөгнөөс урьдаар юугаар ч үнэлж үл болох эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, гоо сайхны асуудал сөхөгдөх учиртай.
Учир юу вэ гэвэл, түлэгдэлттэй өвчтөнүүдийн дийлэнх нь хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байдгаас гадна арьс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх нь элбэг. Эдгэх үйл явц нь удаан учир их, бага гэлтгүй ямар ч түлэгдэлтэд мэс заслын дараа тодорхой хэмжээнд сорвижилт үүсдэг. Үүнээс үүдэж өвчтөн гоо сайхнаараа хохироод зогсохгүй өөртөө итгэх итгэл, нийгэмд эзлэх байр сууриа ч алддаг. Тиймдээ ч түлэгдэлттэй өвчтөнд зайлшгүй нөхөн сэргээх эмчилгээ хийх шаардлагатай. Харамсалтай нь, өөрийн гэсэн байр савгүй өчнөөн жил болж буй Түлэнхийн төв орны хүрэлцээ муугаас өвчтөнүүддээ тэр бүр хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж чадахгүй л байна.
Тус төвийн ачааллаас үүдэж эрүүл мэнд, амь насаараа хохирч буй иргэдийн тухай ганцхан жишээ дурдъя. ГССҮТ-ийн 2016 оны тоон мэдээнээс үзэхэд түлэгдэлтээс үүдсэн нийт нас баралтын 14.4 хувийг тав хүртэлх насныхан эзэлж байна. Нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун тогоотой цай, хоол, зууханд, 23 хувь нь халуун ус болон бусад зүйлд түлэгдсэн байдаг аж. Дийлэнх нь биеийн ихэнх хэсгийн буюу гуравдугаар зэргийн түлэгдэлттэй хүргэгдэн ирдэг. Угтаа анагаах ухаан өндөр хөгжсөн өнөө үед хэчнээн хүнд түлэгдэлттэй байгаад яаралтай арга хэмжээ авч, мэс засал хийлгэж, нөхөн сэргээх эмчилгээ үр дүнтэй болвол ямар ч түлэгдэлт сорвигүй, бүрэн эдгэх боломжтой байдаг.
Харамсалтай нь, дээр дурдсанаар ГССҮТ-д “толгой хоргодож” буй Түлэнхийн төв байвал зохих хүчин чадлаараа ажиллаж чадахгүйн улмаас эмчилгээний үр дүн муу, мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ дутуу хийгдэх зэргээр сөрөг үр дагавар гарсаар байна. Мэдээж улсдаа ганц гэгдэхийн учир өмнөх өвчтөнүүдээ бүрэн эмчилнэ гээд шинээр ирснийг нь буцааж чадахгүй. Тиймдээ ч хэд хоног хэвтэн эмчлүүлж, багахан тэнхэрсэн өвчтөнүүддээ гэрээр эмчилгээ бичиж өгөөд гаргадаг аж. Угтаа Түлэнхийн төв эмч, боловсон хүчний хувьд хүрэлцээтэй ч өдгөө 80 ортой үйл ажиллагаа явуулж байгаа нь нас баралтын тоо нэмэгдэж буйн шалтгаан болоод байна. Өдгөө буурь нь дээр нь шинэ барилгын хоёр блок хагас дутуу босчихоод буй Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд байрлаж байсан хуучин эмнэлэг 120-150 хүн хүлээн авах хүчин чадалтай байсан бол өдгөө даруй хоёр дахин буурчээ.
Дээр нь тасагт хэвтэн эмчлүүлж буй нийт өвчтөний 60-70 хувь нь 0-5 насныхан байдаг тухай тус төвийн эмч нар хэлж байна. Угтаа зүүний үзүүр дээр тогтсон арвайн ганц ширхэг шиг их хувь тохиолоор хүн төрлийг олчихоод “эмнэлэгт оргүй” гэх инээдтэй шалтгаанаар бие эрхтэн, ухаан санаа эрүүл саруул бяцхан үрс маань шархандаа шаналсаар хорвоог орхиж байна. Ийм байтал тав, зургаан ч Засгийн газар цаг бусаар амиа алдаж буй балчир үрсээсээ 26-хан тэрбум төгрөг харамласаар өдий хүрэв. Эдийн засаг хямралтай гэж шалтаг тоочиж, ам таглаж суухын оронд улсдаа ганцхан эмнэлгийн барилгаа яаралтай ашиглалтад оруулчихвал иргэдийн халааснаас урсах эрүүл мэндийн зардлаа ч хэмнэж болмоор.
Ер нь тэгээд бухын доодохыг харж үнэг турж үхдэгийн үлгэрээр заавал улсын төсвийг харж суулгүйгээр нийслэлээс ч хамаагүй нэг удаад 26 тэрбумыг гаргачихаж болмоор санагдах юм. Энэ онд хотын төсөвт 601.2 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Үнэхээр ирээдүй хойчоо боддог бол 600 тэрбумаас 26-г нь Түлэнхийн төвд төсөвлөчихөж болохгүй гэж үү. Ганц удаа өгөхөөс жил бүр 26 тэрбумыг төсөвлөх биш. Ний нуугүй хэлэхэд ихэс дээдсийн идэж ууж, энд тэнд нуусан мөнгөний дэргэд 26 тэрбум төгрөг гэдэг тийм ч их мөнгө биш болов уу. Гэтэл жил ирэх тусам нас баралт нь нэмэгдсээр буй Түлэнхийн төвийн ганцхан барилгыг 17 жил царцааж байдаг.