Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Дэлхийн газрын зурагт ”Бурхан Халдун” гэдэг үг огт байхгүй


Б.ЦЭДЭВСҮРЭН

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийт 28 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор Хэнтий хан уулын нэрийг Бурхан халдун болгон өөрчлөх тухай багтсан байв. Өөрөөр хэлбэл, хэлэлцэх асуудлын жагсаалтын 13-т “Хэнтий хан уулын нэрийг Бурхан халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл байсан юм. Засгийн газар энэхүү тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Тус төсөл батлагдсанаар Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг хамгаалах Дэлхийн өвийн газрын Менежментийн төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлнэ гэжээ.
Эндээс үзэхэд та бидний шүтээд байдаг, эзэн Чингисийн үеэс тахиж шүтэж байсан гээд байдаг Бурхан халдун гэдэг уул манай монголд байхгүй байсан болж таарч байна. Одоо л  Хэнтий хан гэдэг уулыг Бурхан Халдун гэж нэрийг нь өөрчлөх гэж байгаа хэрэг байх нь.

Хэн нь солиорчихов оо

Энэ тогтоолын төслийн нэрнээс нь эхлээд хүн бүхэн өөр өөрийнхөөрөө бодож сэтгэж, санаа бодлоо илэрхийлж байна. Эрдэмтэд хүртэл төөрөгдөлд орчихов. Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар энэ талаар “Би буруу ойлгоогүй бол “Хэнтий хан” уулын нэрийг “Бурхан халдун” уул гэж нэрлэх гэж байгаа юм шиг байна. Үүнийг буруу гэж үзэж эсэргүүцэж байна. Эсвэл өөр газрыг нэрлэх гэж байгаа юм болов уу. Юу болоод байна аа. Эсвэл би солиорчихсон уу” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичсэн байв.

“Монголчууд” цуврал түүхэн баримтыг олон нийтэд хүргэсэн түүний хувьд өөрийгөө солиорсон эсэхэд эргэлзэж суухад харин зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд “"Хэнтий хан" уулын нэрийг "Бурхан Халдун" уул гэж солих гэнэ. Засгийн газрын тогтоолын төсөл бэлэн болчихсон яваа бололтой. Ганц нэг хүн хийрхэж, солиорох ч яах вэ. Үнэн бол сум, аймаг, Засгийн газрынхан нь хүртэл хавтгайгаараа солио тусцгаана гэж байх уу. Засгийн газар хүртэл шийдвэрээ гаргаад, УИХ-д оруулна гэх...

"Өндөр хаан" гэдэг Өндөр их дээдсээ өргөмжилж дээдэлсэн сайхан нэртэй байсныг зүгээр л "Чингис" хот болгочихсон.  XIII зуунд Их Хэнтийн уулсыг нийтэд Бурхан Халдун хэмээн нэрлэж байсан байх магадлал бий. Гэхдээ эрдэмтэн судлаачид эцсийн судалгааг хийж баталгаажуулаагүй санагдах. Хэнтий гэдэг нэр Хангай, Алтай, Онон, Туул, Орхон, Сэлэнгэ гэдэг бусад уул усны нэр лугаа адил мянганаар тоологдох урт настай нэрүүд болов уу.

Нүүдэлч монголчууд Алтай, Хангай, Хэнтий гэсэн гурван их уулсаа түшиж аж төрж ирсэн юмсан” хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийлээд амжиж.
Нэр солилтын уршгийг мэдэрсэн нэгэн иргэн өөрийн үзэл бодлоо илэрхийлж. Тэрээр “Иргэн би хардах эрхтэй: Саяхан иргэний үнэмлэхээ солиулахад төрсөн нутгийн минь нэр ус нь ИБМТ-өөс лав олдоогүйг хэлж байсан. Хэнтий аймгийн төв хуучнаар Өндөрхаан хот одоогоор бол Чингис хот огт олдоогүй. Аргаа барсан ИБМТ-ийн ажилтан Хэрлэн гэж бичих үү гэж байсныг санаж байна би. Гэтэл одоо Хэнтий Хан уулын нэрийг солих гэж байгаа бололтой. Хэдэн зуун жилээр нэрлээд ирсэн уул ус гэнэт газрын зургаас цаашлаад архиваас алга болж байгааг иргэн би хардаж байна. Өшөө олон уул усны нэрийг солих байх энэ хурдаараа. Үүнийг би хувьдаа уул усанд ойрхон нөгөө газрын баялагтай л холбож үзэх гээд байна. Олигархиуд угаасаа бүхнийг хуулийн дагуу л хийдэг, шүүхээр орохоор бүгд хуулийн дагуу л байдаг. Гэвч амьдрал дээр бүгд эсрэгээрээ улс нь ард түмэн нь онгон байгаль дэлхий газар шороо л хохирдог...” хэмээн бичжээ.

Ямар нэг юмны нэр солих явдал улиг болсон. Сүхбаатарын талбайг-Чингисийн талбай-Сүхбаатарын талбай, Өндөрхаан хот-Чингис хот гээд л. Бүр ардын хувьсгалын үед Богд уулыг феодал уул хэмээн модыг нь тайрч Чойбалсан хот болгох гэж байсан гэх онигоо шиг түүхийг ч санах хүмүүс нь амьд сэрүүн байна.
Гэхдээ энэ удаагийн нэр өөрчлөх “тоглоом”-ны “Хэнтий хан уулын нэрийг Бурхан халдун уул болгон өөрчлөх тухай” гэх нэр нь хүртэл төөрөгдөл үүсгээд буй. Уг нь Монголд Бурхан халдун гэж Хэнтий аймгийн нутаг Хэнтийн нуруунд багтдаг уул бий. Чингис хааны төрсөн нутаг, түүний булш байдаг гэсэн домогтой, монголчуудын эрхэмлэн шүтдэг уул. УИХ-аас дээрх тогтоолын төслийг баталбал Монгол Улс хоёр Бурхан халдун уултай болох гээд ч байх шиг. Засаг төрийн өндөр эрх мэдэлтнүүд ард түмнээрээ даажигнаад байгаа ч юм шиг сэтгэгдэл төрөхөөр.

Хан Хэнтийн нуруунд Хэнтий хан гэх уул байдаг

Ингээд дээрх тогтоолын төслийн араас хөөцөлдөж цөөнгүй хүнтэй холбогдлоо. Ямартай ч ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийнхэн энэ талаар мэдээлэл аваагүй аж. Тиймээс нэр солих тухай толгой эргүүлсэн “тоглоом”-ыг бодож олж санаачилсан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ЗДТГ-ын дарга Баярмаа гэгчтэй холбогдлоо. Тэрээр өөдөөс “Манай суманд л лав ийм юм болоогүй. Хийх ажлаа олж ядсан хүмүүс суудаг гэж бодоо юу” хэмээн зандарснаа “Хурлын нарийн бичгийн дарга маань энэ талаар хариулна” хэмээн утсаа шилжүүлэв.

Хурлын нарийн бичгийн дарга гэх эмэгтэй “Хан Хэнтийн Дархан цаазат газар гэж бий. Тэндээс манай сумын ЗДТГ нэг хүсэлт явуулсан. Тэрхүү хүсэлтэд “Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы 2015 оны долдугаар сарын 4-ний өдрийн хурлаар Бурхан халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэсэнтэй холбогдуулан Хан Хэнтий нурууны хойд өргөрөгийн 48045ґ43”, зүүн уртрагийн 109000ґ30”-ын солбилцолд Хэнтий Хан нэрээр газрын зурагт бүртгэгдсэн 2362 тоот өндөрлөгийг албан ёсны нэрийг Бурхан Халдун уул болгон өөрчлөх” талаар тусгасан байсан. Хэрэв ингэж нэрээ өөрчлөх юм бол Дэлхийн өвийн сангаас үйл ажиллагаа явуулах боломжтой болох юм гэсэн. Бид ч зөвшөөрч тогтоол гаргаад явуулсан байгаа” хэмээн ярив.

Гэтэл Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын албан ёсны сайтад “Хан Хэнтийн нуруу нь  Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр сумдын нутгийг хамран Хэнтийн нурууны төв хэсгийн өргөн уудам нутгийг эзлэн хойноосоо урагшаа 158 км, баруунаасаа зүүн тийшээ 185 км сунаж тогтсон байдаг. Дархан газрын хамгийн өндөр цэг нь Хэнтийн нурууны ноён оргил Асралт Хайрхан уул (2799.3 м), хамгийн нам цэг нь Минж голын улсын хил давж буй цэгт (969.2 м) орших бөгөөд өндрийн зөрүү 1830.1 м болно. Хэнтийн уулсын томхон нь баруун тийш салбарласан Бага Хэнтий, зүүн тийш салбарласан Их Хэнтийн нуруу юм. Бага Хэнтий нуруунд Хэнтийн уулсын хамгийн  өндөр уул нурууд орших бөгөөд тэдгээрийн  оргилууд нь 2500-2600 метр  өндөрт хүрнэ. Хэнтийн уулсын ноён оргил болох Асралт Хайрхан (2799.3 м) энд оршдог. Үүнээс гадна энд Алтан Өлгий (2646.0 м), Хийдийн сарьдаг (2666.0 м), Шар булгийн сарьдаг (2534.0 м), Гэл уул (2551.0 м), Төвшин уул (2666.0 м), Асгатын сарьдаг (2320.0 м) зэрэг өндөр уулс хамрагдана.  Хэнтийн нуруунаас зүүн тийш салбарласан Их Хэнтийн нуруу болоод бусад салбар уулс нь Бага Хэнтийн уулсаас харьцангуй намхан, оргилууд 2300-2400 м-ээс үл хэтэрнэ. Эндэхийн хамгийн өндөр оргил нь Бурхан Халдун (2362.0) уул юм. Үүнээс гадна Дуут ян, Сүүхлиг, Бэрияагийн  ян, Чинээт ян, Шитээн Бага оорцог гэх мэт уулстай” хэмээн танилцуулсан байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Хан Хэнтийн нурууны Их Хэнтийн нуруунд 2362.0 тоот оргилыг Бурхан Халдун уулын албан ёсны нэр нь Хэнтий Хан болж таарч байна. Гэхдээ 13 дугаар зууны түүх соёлд хамаарах энэ уулын нэрийг саяхан оноож өгчихөөгүй тул ийм маргаан гарч байгаа нь хачирхалтай...

Орос ах нарын балаг үүгээр ч дуусахгүй, гэхдээ.....

1940-өөд онд ЗХУ-ын цэргийнхэн хийсэн 1:100 000-ны масштабын байр зүйн зургууд дээр газар нутгийн нэрийг оросоор тэмдэглэхдээ буруу зөрүү оруулсан байсныг нь1960-аад онд монгол руу орчуулж. Ингэхдээ мөн л алдаа мадаг гаргаж одоо ч түүнийг засаагүйгээс тохиолддог балаг үүгээр дуусахгүй аж. Бурхан Халдун уулыг Хэнтий хан уул, Бурхан халдунаас урагш 40 орчим км-т орших Хориудын амыг Хороот, Алтайн нурууны Бурхан буудайн ноён оргилыг Лебдева гэж нэрлэсэн зэрэг маш олон алдаа байдаг байна. Манай улсын байр зүйн зураг шинэчлэгдээгүй, яг энэ хэвээрээ дэлхийн газрын зурагт тэмдэглэгдсэн байдаг нь хожмоо ийн будлиан тариад байгаа хэрэг байж.
Гэхдээ үүнд орос ах нарыг буруутгахаас гадна бас нэгэн байр суурь зэрэгцэв. 1940 онд энэхүү зураг хийгдсэн. Тухайн үед Чингис хааны тухай түүх бүрхэг, хүн бүр энэ талаар дурсах хориотой байсан. Бурхан Халдун уул бол Чингис хааны төрсөн газар. Мөн түүний булш бунхан ч энд байдаг гэх яриа бий. Тиймээс Бурхан Халдун уулыг хүн бүрт зааж өгөхгүй гэсэндээ Хэнтий Хан хэмээн нэрлүүлсэн байж болох. 13 дугаар зуунаас эхлэн энэ уулыг Бурхан Халдун нэрээр нэрлэсэн байх магадлалтай. Гэтэл 1940 онд үүнийг андуурч нэрлэсэн байх боломжгүй. Тиймээс одоо ч гэсэн заавал үүнийг тунхаглаад Бурхан Халдан энд байна гэх шаардлага байна уу гэх...

Үндэсний бахархалт хайрхан Бурхан Халдун уул...

Засгийн газрын 2013 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан Бурхан Халдун хайрханыг “Монгол түмний “Үндэсний бахархалт хайрхан” гэж зарлахаар болж Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарган үүнээс хоёр өдрийн дараа Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөрт  зориулсан ёслолын арга хэмжээ, үндэсний бөхийн барилдааны үеэр "Үндэсний бахархалт хайрхан”-аар зарласан тухай тогтоолыг Байгаль орчин, ногоон хөгжлийн Сайд олон нийтэд танилцуулж байсан.
Бурхан Халдун уулыг Хиад боржигны өвөг Бодончарын үеэс тахиж, Чингис хааны үед Хамаг Монголын хийгээд Монголын их эзэнт гүрний Сүлд уул болгон тайж байжээ.  Харин хожим 1995 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2009 онд  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тус тус зарлиг буулган Бурхан Халдун уулыг Төрийн тахилгат уул хэмээн нэрлэж, уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг дөрвөн жилд нэг удаа үйлдэж байхаар болсон.  2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгүүлэх санал боловсруулан хүргүүлэх тухай зарлиг гаргаж байв.

Уг зарлигийг үндэслэн БОАЖ-ын сайд, БСШУ-ы сайдын хамтарсан 2011 оны 12 дугаар сарын 19-ний 447/530 дугаар тушаалаар Бурхан халдун уулыг Дэлхийн өвд бүртгүүлэх ажлын хэсгийг байгуулж, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, холбогдох яамд, байгууллагууд хамтран ажилласан. Ингээд 2015 онд “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийг Дэлхийн өвийн Жагсаалтад бүртгэх 10 шалгуурын соёлын 4, 6 дугаар шалгуураар бүртгэв. Дэлхийн өвийн хорооны Зөвлөх байгууллага Хөшөө дурсгал, дурсгалт газруудын олон улсын зөвлөл (ICOMOS) Бурхан халдун уулын номинацыг шалган үзээд Бурхан халдун уул бол Чингис хааны намтар түүхтэй нягт холбоотой, мөн Монголын нууц товчоонд дурдагдсан тул дээрх хоёр шалгуураар Дэлхийн өвийн Конвенцийн Дэлхийн нийтийн Хосгүй гайхамшигт үнэ цэнэт байдлын тодорхойлолтыг хангана гэж үзсэн юм. Бурхан халдун уулын талаар Монголын нууц товчоонд 27 удаа дурдагдсан байдаг нь ч ийнхүү шалгарахад түлхэц болсон хэрэг.

Өнөө болтол хэн ч Хэнтий Хан нэрийг нь дурсаагүй аж


ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх тухай өргөдөл, баримт бичигт, Бурхан Халдун уулын тухай бүхий л бичиг баримтад Хэнтий Хан гэх нэрийг нь огт оруулаагүй байгаа юм. Тиймээс Дэлхийн соёлын өвийн газраас менежментийн үйл ажиллагаагаа одоо явуулах гэтэл Бурхан Халдун гэх нэр дэлхийн байр зүйн зураг дээр огт байхгүй байгаа. Тиймээс энэ ажиллагааг явуулж соёлын өвөө дэлхийн хэмжээнд хадгалж, хамгаалж, хайрлуулахын тулд нэрийг нь ийнхүү өөрчлөх хэрэг болсон хэрэг л дээ.

Хар ухаанаар бодоод үзсэн ч тэр Чингис хааныг Тэмүүжин гэх нэрээр нь олон улсын бичиг баримт дээр бичдэггүй. Хашилтан дотор Тэмүүжин гээд биччихсэн байдаг. Тэгвэл ЮНЕСКО-д анх хандахдаа л дэлхийн газрын зурагт байдаг албан ёсны нэрийг нь яагаад хараагүй юм бол гэж гайхмаар. Бурхан Халдун гэж бичээд хаалтанд “Хэнтий Хан уул гэдэг албан ёсны нэртэй” гээд биччихээгүй юм бол. Тэгсэн бол одоо ийм асуудал гарахгүй л байхсан. Одоо тэгээд солилоо гэхэд дэлхийн хэмжээний байгууллага мань мэт шиг “тоглож” ажлаа хийдэггүй болохоор Бурхан Халдун уул гэж байдаггүй юм байна, төслөө хэрэгжүүлж, хайрлаж хамгаалахаа болилоо гэвэл яах вэ...

Сайхнаар болоод Дэлхийн өвийн сан Бурхан Халдун нэрээр бүртгэж авснаа олон түмэнд зарлачихсан учраас хамгаалъя даа гэлээ гэхэд уул усны нэр ус солихоор гарах үр дагавар багагүй бий. Эрдэмтдийн судалгаа, шинжилгээний ажилд засвар орохоос эхлээд л...

“Улаанбаатар” Их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, профессор Д.Эрдэнэбаатар энэ асуудлын талаар “Би сошиал сүлжээгээр түүхэн газар усны нэрээр битгий оролдооч гэж УИХ-ын дарга М.Энхболдод хэлсэн. Ганц уул усны нэр биш. Монголын түүх, соёлын олон дурсгал үгүй болж байна. Би бүтээн байгуулалтыг эсэргүүцэж байгаа юм биш. Соёлын Өвийн тухай хууль гэж маш сайн хууль бий. Тэр хуулинд уул, уурхай зам барилга хийж байгаа аж ахуйн нэгж, компаниуд тухайн талбай дээрээ түүх соёлын дурсгалт зүйл байна уу, үгүй юу гэдгийг шалгуулж байгаа бол авран хамгаалах хэрэгтэй. Энэ бол хуулийн маш тодорхой заалт. Үүнийг хэрэгжүүлээд бүтээн байгуулалтаа хийж болно. Өчнөөн дурсгалт зүйлийг устгачихсан байна.

Одоо түүхэн газрын нэрийг өөрчиллөө гэхэд ямар хор уршиг үргэлжилж гарахыг би таашгүй. Хэнтий аймгийн нэрийг бас өөрчлөх үү, Бурхан халдун аймаг гэх үү. Хэрэв энэ нэрийг УИХ хэлэлцээд өөрчилбөл бид хуулиа хүссэн ч хүсээгүй дагана. Ингэсэн тохиолдолд түүх соёлын маш олон нэр томъёо өөрчлөгдөнө. Арай гэж нэг сурах бичиг хийсэн. Тэрийг солих хэрэгтэй болно. Хэчнээн их үргүй зардал нэмж гарах бол оо. Монгол Улсад бүхэл бүтэн Шинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэн гэж бий. Уул, усны нэр, бүтэц судалгаа хийдэг. Түүх, Археологийн хүрээлэн гэж байна. Түүхийн соёл уламжлал судалдаг. МУИС-д Монгол Улсын түүхэн газар зүйн нэр томъёо гээд гурван боть ном хийсэн Равдан багш байна. Тэр хүн энэ талаар мэдсэн үү, үгүй юу. Их дургүйцэх байх. Яагаад түүх, соёл руугаа бодлогогүй хандаад байгааг мэдэхгүй байна. Асуудал оруулсан Д.Оюунхорол сайдаас асуусан нь дээр байх. Уг нь УИХ-д Их сургуулийн Түүх, археологийн анги төгссөн Ё.Баатарбилэг гээд гишүүн байгаа. Тэр хүн ямар бодолтой байдаг юм бол. За тэр хүнтэй хамаагүй юмаа гэхэд Байгаль орчны яамнаас энэ саналыг оруулж байгаа Д.Оюунхорол сайд арай ч дээ. Эсвэл Д.Оюунхорол сайдад ажил хийсэн дүр үзүүлэх гэж ийм юм оруулж ирж байгаа яамны ажилтнууд байгаа юм уу. Хэрвээ ингэсэн бол бүгдийг нь халж солиосой. Халж солиод байгаа юм гэсэн. Ийм хүмүүсийг халах хэрэгтэй. Уг нь хийх ажил зөндөө л байх юм. Уул усны нэр өөрчлөх ямар шаардлагатай юм бэ. Тэдэнд ямар гай тарьчихсан юм. Аливаа нэг үйлийг хийхэд учир шалтгаан хэрэгтэй байдаг. Гэтэл энд ямар ч шалтгаан харагдахгүй байна” хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.

Энэ бол бидний хариуцсан ажлаа хэрхэн хийдгийн нэг жишээ. Хэт үндсэрхэг болох гэж улсын Ерөнхийлөгчөөсөө эхэлж Бурхан Халдун уул хэмээн сүржигнэж гүйсээр Дэлхийн газрын зураг дээр ямар нэрээр тэмдэглэсэн байдгийг нь ч хараагүй байна шүү дээ. Энэ нь хожмоо монголчууд ажлыг хэрхэн хийдгийг дэлхийн хэмжээнд тунхагласан жишээ болж тодорлоо. Одоо нэгэнт баасанд гараа дүрснийх нэрийг нь сольж, Дэлхийн соёлын өвийн үйл ажиллагааг дэмжих нь чухал биз. Гэхдээ дараа нь гарах үр дагаврыг нь хэрхэн арилгах юм бол доо...

0 Сэтгэгдэл
уул усны нэр солихоос өөр ажил алга уу та минь. Байдаг юм байдгаараа байж л байг л дээ. Нэрийг нь солиод ард түмний амьдрал дээшилэх үү.Ингэж тэнэгдэж байхаар бор хоногоо арай л гэж авч яваа ард түмнийхээ төлөө ажилвал дээрсэн. Дэмий цаг нөхцөөж цалин авч суухаасаа ичмээр юм....
Хэнтий Хангай Сияны өндөр сайхан нуруунууд Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд гэснийг одоо Бурхан халдуун Хангай сияны өндөр сайхан нуруунууд гэх болох нээ ха ха
Үүнээс өөр хийх ажил олдохгүй байгаа юм байх даа.
ХУЛГАЙЧУУДАД ХИЙХ ӨӨР АЖИЛ АЛГА УУ? СТЕНД БАЙ-ГАА ХИЙГЭЭД, УЛС ОРНОО АВРААЧ ЭЭ.
Томоохон асуудлыг шийдэж мэдэхгүй, чадахгүй юм чинь ийм л аар саархан зүйлээр цаг нөхцөөж, дундаас нь мөнгө идэж суухаас өөр яахав дээ хө.
Монгол хүн бүрийн мэдэх түүхэнд Чингис хаан тангуд улстай байлдаж байх үедээ "Тангуд улс сөнөөгүйг өглөө болгон сануулж бай" гэж хэлсэн байдаг. Тэр үеийн тангуд улсын /одоогийн Түвд/хаан нь Бурхан гэдэг нэртэй байсан бөгөөд их хайрханаа тэр улсын хааны нэрээр нэрлэнэ гэдэг тун эргэлзээтэй асуудал, их хайрханы үндсэн нэрийг хэлэхээс цээрлэж Бурхан халдахгүй гэсэн утгаар хэрэглэж байсан байх магадлал өндөр гэдгийг бодож үзэх шаардлагатай байх,миний бодож байгаагаар их хайрханы үндсэн нэр бол өөр нэртэй байх ёстойв
Эрдэмтэн,Судлаач,Профессор гээд өөрсдийгөө нэрлэчихсэн юуч мэддэггүй нөхдүүд ичих хэрэгтэй.Энэ хүмүүст "Бага мэдэгчийн дүгнэлт их" гэсэн мэргэдийн үг тохирно.Хэнтий ханы нурууны нэр нь өөрчлөгдөөгүй.Коммунист үзэл сурталын харгайгаар ЗХУлс Чингэс хааныг нь Монголчуудаар шүтүүлэхгүйн тулд Монголд тулган хүлээлгэж, хориглож хэрэгжүүлсэн олон гаж ажилын дотор зөвхөн Бурхан халдун уулын нэрийг газрын зураг дээр Хэнтий хан уул гэж тэмдэглэжээ. Энэ зураг нь Засгийн газрын тогтоолоор баталгаажжээ. ҮҮнийг л залруулж буй хэрэг.УИХ, Засгийн газар, Оюунхоролд ямар буруу байгаа юм. Хэнийг хэнээр нь халуулахыг зааж өгөөд байгаа юм.Сэтгүүлч нь ч бөөн төрийн хутгуур. Ийм юмыг шүүрч аваад тавиад байгаа танай сайт ч бас нэг жоохоон юм. Бүгд ичих болждээ.
Сэлгээ мэлрээ Энхболд, махан мантуу Оюунхорол нарт хийх ажил өөр алга уу. Байхгүй бол зайлцгаа
Томоохон асуудлыг шийдэж мэдэхгүй, чадахгүй юм чинь ийм л аар саархан зүйлээр цаг нөхцөөж, дундаас нь мөнгө идэж суухаас өөр яахав дээ хө.
Хамгийн их уншсан