Тэрбумтан сайд нарын хөрөнгө, орлогыг шинжвэл
Үргэлжлэл
Мэргэжлийн Засгийн газрын 16 гишүүний тав нь анх удаа хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч байгаа. Гэхдээ тэднийх нь орлого, хөрөнгө мөнгөний хэмжээ ихэнхдээ тэрбумаар хэмжигдэх хэмжээний боломжийн амьдрал ахуйтай нь харагдлаа. Хадгаламжиндаа 100 сая байтугай хэдэн тэрбумаар нь мөнгөтэй, хэд хэдэн компанийн хувьцаатай, нэр дээрээ олон машин, газар эзэмшдэг, мянгаас илүүтэй тооны малтай гээд бийлэгжүүл сайд нартай юм байна. Ц.Мөнх-Оргилоос бусад сайдын зөвхөн орон сууцыг нийлүүлээд тооцоход 29 болж байгаа юм. 14 сайд 27 машинтай байхад Б.Чойжилсүрэн, Ц.Дашдорж нарт нэр дээр нь ямар ч унаа үгүй. Хадгаламжийн бүх мөнгийг нь тооцоод үзэхэд зургаан тэрбум 528 сая гаруй төгрөг болж байна. Хэрвээ “давхар дээл”-тэй найман сайд УИХ-ын гишүүний эсвэл сайдынхаа цалингаас татгалзвал бас л тодорхой хэмжээний хэмнэлт гарч болохоор харагдаж байна. Яагаад гэвэл цалингаасаа өөр орлогогүй сайд байхгүй бүгд л ямар нэг хэмжээгээр компанийн хувьцаа эзэмшиж, өөр бусад хэлбэрээр орлогоо бүрдүүлдэг. Тиймээс цалин, унааны зардал зэрэг жижиг мэт боловч ахуйн зардлаасаа сайд нар түрүүлж татгалзах санаачилга гаргаж, хэрэгжүүлж чадвал тэд анхдагч болохоос гадна улстөрчийн карьераа өсгөх нь тодорхой.
У.Хүрэлсүх сайдын хадагаламжинд 1,7 тэрбум төгрөг байгаа
Шадар сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд 124 сая 108 мянга 780 төгрөг олж, гэр бүлийнхээ хоёр сая 727 мянган төгрөгөөс хэд дахин их орлоготой байжээ. Түүний өмнөх жилд нь тэрээр өөр Ерөнхий сайдын танхимд Шадар сайдаар ажиллаж байхдаа мэдүүлэг өгч байсан юм. Тэр үеийнхтэй харьцуулахад хөрөнгө нь өсөөгүй ч орлого нь бага зэрэг буурчээ. Нэг орон сууц, нэг барилгатайгаа 162 сая 448 мянган төгрөг хэмээн бичсэн байв. Mercedes Benz ML320, Lexus-570 маркийн автомашин, Harley Davidson мотоцикль зэргээ 284 сая 58600 төгрөгийн үнэ бүхий гэжээ. Ашиглах зориулалттай 1,5 га газраа хараахан үнэлгээг нь тогтоолгоогүй байгаа бололтой. 100 сая төгрөгөөр үнэлэгдэх урлагийн бүтээл, үнэт эдлэлтэй юм байна. Шадар сайд ямар нэг компанийн хувь, хувьцаагүй, банкинд бусдад өр ширгүй. Харин хурааж хуримтлуулсан хөрөнгө нь нэлээд зузаан бүр 10 оронгоор хэмжигдэхээр ажээ. Түүний хадгаламжинд нэг тэрбум 756 сая 362 мянга 600 төгрөг бий гэнэ.
Орлого нь өсч яваа Ж.Батсуурь сайд
УИХ-ын сонгуульд өрсөлдөлгүй сайдын суудалд суусан Ж.Батсуурь өнгөрсөн жилүүдэд УИХ-ын гишүүн байхдаа хөрөнгө орлогоо мэдүүлж ирсэн. Урьд жилийнхээсээ орлого нь 9,5 сая төгрөгөөр өсч, 89 сая 465 мянга 760 төгрөг болжээ. Энэ маягаараа өсөөд байвал түүний орлого энэ жил 100 сая руу дөхөх нь бололтой. Гэр бүлийнхэн нь 15 сая 463 мянга 500 төгрөгийн орлого олсон байна. Нэг орон сууц, нэг барилга байгууламжаа 130 сая төгрөгийн хэмээн мэдүүлэгтээ дурджээ. Түүнээс гадна 160 сая төгрөгийн үнэ бүхий Lexus-570, таван сая төгрөгийн зургаан адуу, мөн таван сая төгрөгөөр үнэлсэн 0,07 га газар эзэмшдэг, 41 сая 715 мянга 400 төгрөгийн хадгаламжтай. Гурван иргэнээс 80 сая 500 мянган төгрөг авах ёстой болохоос Боловсролын сайдад өр зээл байхгүй гэнэ. “Налгар түшиг” ХХК-ийн 4,4 хувь, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаатай.
Ц.Дашдоржийн нэр дээр нэг ч машингүй
А.Цогцэцэг сайд 4,7 тэрбумын барилга, байшинтай
Анх томилогдохдоо багагүй хэл ам дагуулж байсан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хөрөнгө орлогын мэдүүлгээ анх удаа гаргаж байгаа. Бас ч гэж цалингаараа амьдардаг зарим нэгнийгээ бодоход хөрөнгө мөнгөтэй аж. Орлого нь гэхэд 2015 онд 38 сая 431 мянга 900 төгрөг буюу гэр бүлийнхнээсээ 2,4 саяар илүү олжээ. Хоёр орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай нэг байшин, бусд төрлийн хоёр объект түүний нэр дээр бүртгэлтэй. Энэ бүхэн нь нийлээд дөрвөн тэрбум 705 сая 952 мянган төгрөгийн үнэлэмжтэй гэнэ. Ford Expedtion, Toyota Land Cruiser маркийн хоёр жийп нь 220 сая төгрөгийнх. 0,4 га газар өмчилж, 224 ам.метр, 1 га газар эзэмшиж буй сайд түүнийгээ үнэлүүлээгүй байна. Хадгаламжиндаа 979 сая 890 мянган төгрөгтэй боловч ХААН, Голомт банкнаас хоёр тэрбум 600 сая төгрөг зээлжээ. 50 хувийг нь эзэмшдэг “Өлзий дэн” ХХК-иас гадна нэг патент, нэг эрх эзэмшдэг аж.
Ганц орон сууцтай барилгын сайд Г.Мөнхбаяр
Нийслэлийн Засаг даргаар 2008-2012 онд ажилласан Г.Мөнхбаяр дөрвөн жилийн амралтаа дуусгаад мэргэжлийн Засгийн газарт Барилга, хот байгуулалтын сайдаар ирсэн. Өнгөрсөн онд түүний орлого 60 сая төгрөг байсан бол гэр бүлийнх нь 0 байжээ. Барилгын сайд ямар ч байсан нэг орон сууц, хоёр ч барилга байгууламжтай гэж 336 сая 845 мянган төгрөгийн үнэлэмжтэй хэмээн бичсэн байлаа. Toyota Rav-4 маркийн автомашин нь 39 сая 200 мянган төгрөгийн үнэтэй, 15 адуу нь 12 сая төгрөгийн үнэлэмжтэй гэсэн байлаа. Хотын дарга байсан хүн гэхэд нэг сая төгрөгийн 0,07 га ганц газартай гэж мэдүүлжээ. Хадгаламжиндаа зургаан сая төгрөгтэй, ямар нэг компанийн хувь, хувьцаа эзэмшдэггүй ерөнхийдөө танхимдаа орлого, хөрөнгө багатайдаа тооцогдохоор аж.
Д.Ганбат 1,9 тэрбумын барилга байгууламж,
704 саяын мал, 643 саяын хадгаламжтай
Хувийн хэвшил, төрийн байгууллага гээд ажиллаагүй салбар цөөн болоод ч тэр үү хөрөнгө орлогоороо нэлээн урдуур бичигдэх хүн бол Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат. “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч захирал, “Дэвшил” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт дэд дарга, ШУТИС-д ахлах багш, “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. “Соёо хайрхан” ХХК-ийн 33 хувийг, “Хужирт рашаан сувилал” ХХК-ийн 25 хувийг, “Говь” ХК-ийн нэг сая ширхэг хувьцааг эзэмшдэг гэхээр хөрөнгө орлого нь өндөр байхаас аргагүй. 2015 онд Д.Ганбат сайд 122 сая 904 мянга 640 төгрөг олж, гэр бүл нь 106 сая 840 мянга 40 төгрөгийн орлоготой байжээ. Дөрвөн орон сууц, дөрвөн ширхэг барилга байгууламжтай тэрээр үнэлгээг нь бараг хоёр тэрбум төгрөгөөр тооцож хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичжээ. Тэдгээр нь нэг тэрбум 960 сая төгрөгийн үнэтэй юм байна. Тэгвэл Toyota Land Cruiser-200, Nissan X-Trail, Volkswagen маркийн гурван автомашинтай сайд Монголын зам, тээврийн хөгжлийг хариуцаж байгаа. Түүний машинууд нь нийтдээ 135 сая төгрөг болж байна. Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнээс дутахааргүй мал хөрөнгөтэй. Хурдан удмын адуу 32, адуу 152, хонь 650, ямаа 470 гэснээс гадна зөгийн бүл /50/-тэй гэж нийт 704 сая 550 мянган төгрөгийн үнэлгээтэй хэмээжээ. Мянга давсан малтай сайд гэж болно. Ашиглах зориулалтын 700-аас 1500 ам.метр хэмжээтэй гурван ширхэг газраа 182 сая төгрөгөөр, үнэт эдлэл, түүх соёлын үнэт зүйлээ 445 сая төгрөгөөр тус бүр үнэлсэн байна билээ. 643 сая 847 мянга 980 төгрөгийн хадгаламжтай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад өр зээл, авлага үгүй.
Эрчим хүчний сайд 49,8 саяын хадгаламжтай ч 100 саяын өртэй
Эрчим хүчний сайд П.Ганхүү 2004 оноос хойш эрчим хүчний салбарт ажиллаж. Тус яамны хэлтэс, газрын дарга, Эрчим хүчний газрын орлогч дарга зэрэг албыг хашиж байсан улс төрд бол харьцангуй шинэ хүн. Сайд болоод анх өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэгвэл тэрээр юу юутай гэж бичсэн бэ. Өөрийнхөө орлогыг 24 сая төгрөг, гэр бүлийнхнээ 48 сая төгрөг 2015 онд олсон гэжээ. 580 сая төгрөгийн өртөг бүхий хоёр орон сууц, 35 сая төгрөгийн үнэлэмжтэй 20 үхэр, хурдан удмын 16 адуутай юм байна. Toyota Land Cruiser-200, Toyota RAV-4 маркийн авто машинаа 105 сая төгрөгийнх гэж мэдүүлжээ. Ашиглах зориулалттай нэг га газар эзэмшдэгээ нэг сая төгрөг, 25 сая төгрөгийн үнэт эдлэл юм уу түүх урлагийн бүтээлтэй, 49 сая 852 мянга 300 төгрөгийн хадгаламжтай. Хэн нэгнээс авлагагүй гэсэн бол Голомт банкнаас 100 сая төгрөгийн зээл авчээ. Эрчим хүчний сайдын орлогын гол эх үүсвэр нь “Ю Си Эс” ХХК аж. Тус компанийн 25 хувийг эзэмшдэг юм байна.
Орлого нь буурч, хөрөнгө нь багасч буй Н.Номтойбаяр сайд
УИХ-ын гишүүний хувьд өнгөрсөн дөрвөн жилд хөрөнгө орлогын мэдүүлгээ товчхон гаргаж өгдөг ч бизнесийн салбараас улс төрд орж ирсэн Н.Номтойбаярыг өөрий нэр дээр хөрөнгөө бүртгүүлдэггүй гэх нь ч бий. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр 2014 онд дөрвөн Mercedes Benz маркийн, Land Cruiser-200, Lexus-570 маркийн зургаан автомашинтай байсан бол өнгөрсөн жилийн Mercedes Benz G-300, Mercedes Benz G-55 маркийн машинуудаа дурдаж 239 сая 5000 төгрөгөөр үнэлжээ. Уул уурхайн салбартаа томд тооцогдох Монголын Алт /МАК/ компани бол түүний гэр бүлийнх. Гэхдээ түүнд ямар нэг хэмжээгээр компанийн өмчлөл байхгүй. 2012 онд УИХ-ын гишүүн болоод хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөхдөө “НС МАК” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэж байсан. Түүнээс хойш Н.Номтойбаяр сайдын нэр дээр нэг ч компанийн хувь, хувьцааны эзэмшил гарч ирээгүй. Жилийн орлого нь 2014, 2015 онд 28 саяас хэтрэхгүй байгаа аж. Дөрвөн жилийн өмнө бол 819 сая 733 мянга 770 төгрөгийн орлоготой байсан нь “НС МАК” ХХК-тай холбоотой байсан бололтой юм. Нэр дээрх орон сууц нь гурваас нэг болон буурч, үйлдвэрлэл үйлчилгээний болоод бусад зориулалттай объект нь нийлээд гурав хэвээрээ нийтдээ нэг тэрбум 483 сая 500 мянган төгрөгөөр үнэлэгддэг юм байна. 120 сая төгрөгийн ашиглах зориулалтын нэг га газар эзэмшдэг. Хадгаламжиндаа 12 сая 843 мянга 82 төгрөгтэй, хэн нэгнээс авлагагүй, бусдад өргүй гэдэг мэдүүлэг гаргаж өгчээ.