Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төсөв ба түүнийг тойрсон улстөржилт



Л.НОМИН


УИХ-ын чуулганд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн өмчийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн өнөөгийн байдал, цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдүүд бүрэн хамрагдах боломжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийхээр байсан. Харин Ерөнхий сайд орон нутагт ажиллаж байгаа учир мэдээллийн цаг цуцлагдсан юм. Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл, төсвийн төсөл хэлэлцэж байх үеэр Ерөнхий сайд эзгүй байгаад УИХ-ын гишүүд багагүй шүүмжлэл хэлсэн. Цэцэрлэгийн хүртээмжтэй холбоотой Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хүчингүй болгож, төсвийг нь хасч буй учир нүүрээ улалзуулахгүйгээр зугтсан гэдэг таамаг ч гишүүд дэвшүүлж байлаа. Ерөнхийдөө 2017 оны төсөв маш их улстөржсөн өнгө аястай байгааг асуудал бүрийг хэлэлцэхэд сөхөж тавьсан юм. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Мөн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдсэн юм. 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ДНБ-д эзлэх эдийн засгийн бодит өсөлтийг 2017 онд 3.0 хувь, 2018 онд 5.1 хувь, 2019 онд 7.1 хувьд хүргэх, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зарчмыг баримталжээ.

Уул уурхайн томоохон төслүүдийг эрчимжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийг солонгоруулах замаар эдийн засгийн бодит өсөлтийг тооцсон гэж Сангийн сайд Б.Чойжилүрэн танилцуулсан. Төсвийн алдагдал, өрийн эргэн төлөлтийг хийх бэлэн эх үүсвэр байхгүй учраас бондоор санхүүжүүлэхээс өөр аргагүй гэв. Ирэх оны төсвийн орлого 5,9 их наяд байхад гадаад зээлийн төлбөрт 6,6 их наяд төгрөг төлөхөөр байгааг хэллээ. Харин 2018, 2019 онд төлөх төлбөр төсвийн орлогоос гадаад өр төлбөрийн хэмжээ давна гэсэн юм. Төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 2016 онд 18 байгааг 2017 онд 9,9 хувь, 2018 онд 7,5 хувь, 2019 онд 5,5 хувь байхаар төсөөлжээ. Гэсэн ч 2017 оны төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдэлдээ Сангийн яамыг боломжит бүх арга хэлбэрээр тооцоолж, төлөвлөөгүй гэдэг шүүмжлэл УИХ-ын гишүүдээс гарч байлаа.

Д.Эрдэнэбат: Зээл тусламжаас илүү байгаа боломжоо ашигла

Төсвийн орлого нэмэгдүүлэх бодитой боломжууд байгааг олж харахгүй, хүсэхгүй байгааг сөрөг хүчнийхэн хэлсээр. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 2017 оны төсвийн төсөлд ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулан ажиллаж буй. Төсвийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах боломж бий эсэхийг судалж үзжээ.  Төсвийн ерөнхий захирагч нарын төсөв өмнөх онтой харьцуулахад нэмэгдэж. Зарим сайд нарын төсөв гэхэд өмнөх оныхоос 20-30 хувиар нэмэгдсэн байна. Үүнийг хасах боломжтой төдийгүй зарим зардлуудыг танаж болохоор байгааг УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэллээ. Төсвийн алдагдлын 2,5 их наядыг бууруулах боломжийг тэрээр одоо байгаа татварын орлогын бүрэн гүйцэт авч сайжруулах системийг өөрчлөх, шинэчлэх боломж бий гэв. Газрын төлбөрийн орлогын 65,3 тэрбум төгрөгөөр тооцсоныг 10 дахин нэмэгдүүлэх боломж байгаа аж. Мөн өмч хувьчлал явуулах, ашиггүй ажилладаг, төсөвт дарамт учруулдаг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах зэргээг төсөв бүрдүүлэх боломжтойг хэлсэн. 

Харин төсвийн алдагдлыг нөхөх болон эдийн засгийн сэргээхэд зээл тусламж авах арга замыг сонгож буйг гишүүд шүүмжиллээ. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Бидэнд боломж маш их байна. Хятадаас зээл авна, “Стэнд бай” хөтөлбөрт орно гээд байгааг чинь ойлгохгүй байгаа. Хэрвээ урд хөрш туслаж дэмжье гэж байгаа юм бол манай нүүрсийг дэлхийн зах зээлийн үнээр аваач гэдэг асуудал тавьж болдоггүй юм уу. Жижиг улстөр хийж байснаас асуудлыг бодитоор харж, улс орноо бодмоор байна. Оюутолгойн манай улсаас гадуур яваа урсгалыг дотогшлуулж болдоггүй юм уу. Концесс гэж баахан л гөвсөн. 15 төсөл байгаагийн нэг нь хүчингүй болсон. Эгийн голын УЦС, баруун аймгуудын авто замын төсөл л байгаа шүү дээ. Концессын эргэн төлөлт хэвийн явж байгааг Сангийн яамныхан хэллээ. Концессоос болоод дарамтад орчихлоо гэдэг үлгэртээ та нар өөрсдөө итгэчихээд яваад байх юм” гээд төсвийн орлого, зарлага урьдын адил явж байхад бүтэхгүй байна гэж болохгүйг анхааруулсан. 

Төсөв хэлэлцэж байгаа үеэр зээл тусламжийн асуудлаа нэг тийш нь шийдэх хэрэгтэй. Улстөржүүлсэн байдлаар төсөвт хандахаа болих хэрэгтэйг сөрөг хүчнийнхнээс гадна УИХ дахь олонхийн бүлгийн гишүүд ч хэлсэн. Худалдаа хөгжлийн банк 30 км төмөр замын нэг км нь 3,2 сая ам.доллараар тооцож улсад шахсан явдал байгааг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэлээд зохиомлоор өртөг, зардал өсгөдгийг шүүмжилсэн. Нэг км төмөр замыг 2,3-2,4 сая ам.доллараар хийх тооцоог Х.Баттулга гаргасныг дурдав. Арилжааны банкуудын тухай хуулийг өөрчлөх цаг нь болсон гэж санал гаргалаа.
 
Албан тушаал, суудал олноор бий болгож, дарга нарыг олшруулан тансаг­луулдаг буруу тогтолцоог ч тэрээр мөн засах шаардлагаг сануулсан. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Үрэлгэн зардлаа танах бодлого Засгийн газарт алга. Зарим сайд төөрдөг байшин шиг 10 өрөөтэй албан тасалгаанд сууж байна. Өнгөрсөн хугацаанд бие биеэ ууж идсэнээр нь дуудлаа. Буруутан нь хэн ч байсан хариуцлага тооцох хэрэгтэй. Манайхаас оролцсон хүмүүс байгаа гэж байна. Тэр хүмүүсийг зарлаж, толгойг нь илэхгүйгээр хариуцлага тооцох ёстой” гэсэн юм.
   
Хүүхдийн мөнгө, Хүүхэд харах үйлчилгээ бол...  

Хүүхэд харах үйлчилгээг үргэлжүүлэхэд ирэх оны төсөвт таван тэрбум төгрөг шаардлагатай байгаа ч засаг гаргаж чадахгүйгээ зарласан. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлэг өөр бусад зардлаа танавал шийдэх гарц бийг хэлдэг. Ерөнхийлөгч 2017 оны төсвийн төсөлд хүргүүлсэн саналдаа хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай, холбогдох төсвийг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад нэмж тусга гэсэн. Иргэдийн тодорхой хэсгийг ажлын байртай болгож, 6000 гаруй хүүхдийг цэцэрлэгтэй, тэдний ард аав ээжүүд нь ажилтайгаа байх зэрэг олон асуудлыг шийдэж байгаа. Үнэхээр засаг мөнгөгүй болоод ийм таналт хийж байна уу гэвэл үгүй. “Эрүүл мэндийг дэмжих сан”, “Спортыг дэмжих сан”, “Соёл урлагийг дэмжих сан” байгуулж гурван тэрбум төгрөгийн зарлага нэмэхээр тусгаж. Үүнд шүүмжлэлтэй  хандаж буйгаа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва мөн хэлсэн. Түүнчлэн дэд сайд нарын цалин, хангамжид дөрвөн тэрбум төгрөг 2017 оны төсөвт тусгаж байгааг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж шүүмжилсэн. Албан тушаалт­нуу­даа дэмжиж, ард түмнээ ялгадаг байж болохгүй гэлээ. 

Харин сангийн сайдад дэд сайдын хэрэгцээ байгаа учраас хасахгүй хэмээн тайлбарлана билээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Төсөв хүнд байгаа ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан олон амлалтуудыг эхнээс нь хэрэгжүүлэх зорилготой” хэмээн манай намын ажил учраас хэрэгжүүлэх мөнгө гаргана, АН-ын ажил болохоор Хүүхэд харах үйлчилгээг зогсоож байгаа гээд хэлчихсэнтэй ялгаагүй тайлбар өгөв.

Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгоход 161,5 тэрбум төгрөг тусгажээ. Энэ бол 660 мянга гаруй хүүхдэд олгох мөнгө. Харин үлдсэн 40 хувьд нь дараа нь нөхөж олгох асуудал бас л гишүүдийн эсэргүүцэлтэй тулсан. 2018, 2019 онд нөхөж олгох гээд тооцсон байх хооронд амьдрал баялаг болохоор эндэгдэл гарсан бол яах ёстой юм гэдэг асуудал сөхөгдөв. Халамжийн бодлого нь дээдсүүд хишиг хүртээж байгаа мэтээр явах нь ямар хор хохирол авчирсан жишээг нь мөн дурдсан. Эх орны хишиг тараахын тулд “Чалко” компаниас зээлсэн ам.долларын төлбөрийг одоо ч барагдуулж чадахгүй байгааг УИХ-ын гишүүн Л.Болд сануулсан.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 61,5 тэрбум, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд 20,8 тэрбум, “Насны хишиг” хөтөлбөрт 20,5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. 70-79 настай бол 100, 80-89 настай 200, 90-100 настай бол 300 мянган төгрөг жилдээ хоёр удаа олгохоор төсөвт суулгаж. Харин үүнийг нь ахмадууд, хүүхдүүдээ хүртэл насаар нь, амьдралын боломжоор нь ялгаж гадуурхлаа гэж УИХ-ын гишүүн Я.Санжмятав шүүмжилсэн юм.

Төрийн албан хаагчид өндөн насны тэтгэвэрт гарахдаа нэг удаад авдаг тэтгэмжийг 36 хүртэлх сар хэмээн хуульд оруулж байгаа нь маш их эргэлзээ төрүүлж буй. 36 сар хүртэл гэдэг нь хэдэн ч сар байж болохоор ойлгогдож иргэдээс ч эсэргүүцэлтэй тулж байгаа. Ерөнхийлөгч 2017 оны төсөвт уг тэтгэмжийг тусгахдаа өмнөх жилүүдийнхээс бууруулахгүй оруулах саналаа УИХ-д хүргүүлсэн. Тэгвэл Сангийн сайд хөнжлийнхөө хэрээх хөлөө жийх хэрэгтэй гэв. Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгож оронд нь ахмадуудаа ялгаварласан “Насны хишиг” хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа нь эдийн засгийн агуулгаараа буруу хэмээн тооцоотой, тоо баримттай нь тайлбарласан Б.Пүрэвдорж гишүүн үүнийг зүгээр л улстөржилт гэж дүгнэв. Хамгийн их улстөржиж байгаа гишүүдэд хандаж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Энх-Амгалан, Элдэв-Очир гишүүн хамгийн их улстөржиж байна. Тавантолгойгоос тээвэр хийх 270 км авто замыг “Эм Си Эс” компани 110 тэрбум төгрөгөөр барьсан. Дөрвөн жил ашигласны дараа түмэн нөхөөс, хагархайтай замаа улсад 170 тэрбум төгрөгөөр шахсан. Дөрвөн жилийн ашиглалтын зардлаа хасахад 70 тэрбум төгрөгийн л зам. Элдэв-Очир, Энх-Амгалан нар тэр 100 тэрбум төгрөгөө буцааж өгөөрэй. Та нарыг улстөржих тусам компаниудтай чинь холбоотой тоо баримт бүрийг ярих болно” гэлээ. 

Ордог орлого, зардаг зарлага нь урьдын адил хэвэндээ байхад төсөв, санхүү хүнд байна гэдэг нь зохиомлоор бий болгож байгаа хямрал хэмээлээ. Орлогоо тооцохдоо зэсийн үнийг одоогийн зах зээлийн үнээс 66 ам.доллараар хям­даар, нүүрсний үнийг одоогийнхоос бас л бууруулж тооцож. 70 ам.доллараар экспортолж байхад 50 ам.доллараар тооцсон нь байгаа боломжоо олж харахгүй байгаа хэрэг гэж УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэллээ. Цаашлаад “Петрочайна Дачин Тамсаг” компанитай хийсэн бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэх шаардлагатай тэрээр мөн дурдсан. Оюутолгойн гэрээний үр ашигийг хүртэхгүй байгааг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хөндсөн. Оюутолгой өнгөрсөн жил улсын төсөвтэй тэнцэх хэмжээний орлого хийсэн хэрнээ зургаан хувьтай тэнцэх хэмжээний татвар л төлсөн гэв. Ингээд ямар ч байсан шүүмжлэлд булуулсан эдгээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан